Нийгэм мэдээ

Б.Нэргүй: Буузаа хийх үеэр залуу насаа дурсаад "Хөх даалимбан тэрлэг"-ийг уншсан

Цахим орчноо буузаа хийх зуураа АУЗ Пүрэвдоржийн "Хөх даалимбан тэрлэг" найраглалыг уран яруу уншиж буй эмэгтэйн бичлэг олны хайрыг татсан. Бид Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяа аймгийн долоодугаар баазын анхны эмэгтэй жолооч Будалын Нэргүйтэй холбогдож, ярилцлаа.

-Таны уншсан шүлэг цахим орчинд олон хүнд хүрлээ. Энэ тухай асуух гэсэн юм...?

-Энэ жил хөдөө ганцаараа байгаад яах юм бэ гээд хүүхдүүд хотод авчирсан. Шинэ сардаа бэлдээд буузаа чимхэж байхдаа л уншчихсан. Залуудаа би бүх ард түмний урлагийн наадамд "Хөх даалимбан тэрлэг" найраглалаар ороод мөнгөн медаль авч байсан юм. Тэр санаанд ороод уншсан чинь хүүхдүүд бичлэг хийчихсэн байна лээ. 1985 онд тэр наадамд орж байсан.

-Бичлэгийн дараа таныг онц манлай тээвэрчин, жолооч эмэгтэй гэдэг мэдээлэл гарсан?

-Анх 1971 онд 28 дугаар баазад бичээчээр ороод хоёр сар бололгүй авто сургуульд сурсан. Тэр цагаас хойш 50 гаруй жил машин барьсан даа. Өнгөрсөн жилийг хүртэл таксинд явж байлаа.

-Яагаад жолооч болохоор шийдсэн бэ?

-Тухайн үедээ нөхөр маань их сургуулийн оюутан. Би нөхрөө дагаад ирчихсэн байв. Тэгээд ажил хийвэл амьдралд нэмэртэй гэж бодоод тээврийн жолооч болсон. Эхлээд жижиг машинаар нааш, цааш хүргэлт хийсэн. Дараа нь нэг хэсэг дарга нарын жолооч болсон. Тэгээд сүүлдээ холын тээврийн жолооч болсон доо.

-Холын тээврийн жолооч гэхээр эмэгтэй хүнд ахадсан ажил биш үү, замд дугуй хагарах, элдэв саатал гарвал?

-Дугуй хагарвал нөхнө, солино. Чадахаараа л машинаа бүрэн бүтэн байлгана. 1980 онд цэргийн ангид шалгалтаар очсон хурандааг хүргэж яваад дугуй хагараад их хөгтэй юм боллоо. Нимгэн хувцастай байсныг хэлэх үү хурандаа маань намайг өрөвдөөд хувцас нөмрүүлэх гэхэд нь би цочоод гартаа байсан төмрөөр цохичсон. Тэрнээс хойш намайг хүмүүс "Галзуу Нэргүй" гэж хочилдог болсон. Одоо ч манай аймагт галзуу Нэргүй хаана байдаг вэ, гэвэл бүгд л танина.

-Та их шооч маягийн хүн шиг санагдлаа?

-Хүмүүсийг их элдэвлэнэ ээ. Ямарсайндаа галзуу Нэргүй болчихсон байхав дээ. Таксинд явахаараа суусан хүнээ хөгжөөсөөр байгаад л буулгадаг.

-Таныг онц тээвэрчин гэж бичсэн байсан...?

-Онц тээвэрчин, осолгүй манлай, гавьяат, гавшгайч гээд аваагүй шагнал ховор доо.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-46-54 насны 5 хүүхэдтэй, ач, гуч, ачинцар, гучинцартайгаа өнөр өтгөн амьдарч байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГОВЬАЛТАЙ НЭРГҮЙ ЭГЧДЭЭ БАЯР ХҮРГЭЁ БИ ТАНЫГ САЙН ТАНИНА УРТ НАСЛААРАЙ

Зочин
Зочин

Xuurxun yum aa

Холбоотой мэдээ

Back to top button