Бэртлийн улмаас Ичиножёо зодог тайлжээ

“Монголын үлэмж биет” хэмээн мэргэжлийн сүмогийн ертөнцөд алдаршсан сэкивакэ Ичиножёогийн А.Ичинноровын зодог тайлах ёслол хоёрдугаар сарын 11-ний өдөр болжээ. Энэ үед тэрбээр магэ үстэйгээ салах ёслол хийсэн байна.
Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард нурууны бэртлийн улмаас зодог тайлах шийдвэр гаргасан байдаг.
Түүний шийдвэрээс үүдэн багш нь тангараг тасарч, зодог тайлах ёслолд Минато ояката болон тус дэвжээнээс нэг ч хүн ирээгүй аж. Ичиножёогийн үсэнд 400 хүн хайч хүргэсэн, Монголоос аав ээж, дүү нар нь ирж, монгол сүмочид олноор цугларсан байна. Үнэндээ Ичиножёо А.Ичиноровыг ийнхүү зодог тайлах болсныг зөвхөн нурууны архаг өвчнөөс болоогүй, дэвжээний багштай муудалцсаны улмаас сүмог орхих давхар шалтгаан болсон гэх мэдээлэл ч цацагджээ.
Энд дурдахад, Өнгөрсөн 2023 онд Ичиножёог хөл хорионы үед дэглэм зөрчсөн хэргээр барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн удаатай. Ичиножёо Японы иргэншил авсан ч оякатагийн лиценз байхгүй тул Сүмо бөхийн холбоонд үлдэхгүй.
Хамгийн сүүлд ояката нь хайчлах ёстой магэ үсийг энэ удаад “Тоттори Жёохокү” сургуульд анх сүмо заасан багш Ишиүра нь гүйцэтгэлээ. Ичиножёо нулимс унаган “Янз бүрийн бодол толгойд орж ирээд тэссэнгүй уйллаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Зодог тайлснаасаа хойш есөн сар өнгөрч байгаа ч магэ үсээ авхуулах хүртэл дараагийн амьдралаа бодох зав байгаагүй гэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.