Өнөөдрийн байдлаар 4 сая мал хорогджээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын нөхцөл үүссэнтэй холбогдуулан УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх үүднээс УОК-оос өдөр бүрийн 11 цагаас мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдрийн УОК-ын Шуурхай штабын дарга, Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллүүдийг онцоллоо.
Тэрбээр “Нийт 77,394 айл өрхөд 203,000 боодол өвс хүргэсэн. 80 мянган малчин өрхөд тэжээлийн хангалт нийлүүлэгдэж байна. Нийт 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн гурил будаа хүргэлээ.
Улсын хэмжээнд оторлож байгаа айлуудад шуурхай бүлгийн долоон ажлын хэсэг явуулаар эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа. 15 аймгийн нутагт нийтдээ 118,972 км автозамыг аймаг сум, баг малчны хот руу гаргасан. Давхардсан тоогоор 5000 гаруй алба хаагчид ажиллаж байна.
Хорогдсон малын мах аливаа дайвар бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэх боломжгүй. Цагдаа, тагнуулын ажлын хэсгүүд хяналтаа тавиад явж байгаа. Одоогоор хүнсэнд нийлүүлсэн тухай мэдээлэл бидэнд ирээгүй байна.
Өнөөдрийн байдлаар 4 сая мал хорогдсон. Уг мэдээллийг 10 хоног тутамд шинэчилж байгаа. Сүүлийн 10 жилд ороогүй цас орсон. Тиймээс зудын хүндрэлийн зэрэгцээ шар усны аюул бас байна" гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.