Нийгэм мэдээ

Жендерийн зөрүүтэй байдлын индексээр манай улс таван байраар ухарлаа

Дэлхийн эдийн засгийн форумаас өчигдөр /2024.06.12/ “Жендерийн зөрүүтэй байдлын индекс 2024” тайланг танилцууллаа. Манай улсын тухайд өнгөрсөн жил 146 орноос 80 дугаар байрт жагсаж байсан бол энэ жил 5 байр ухарч 85-т жагсжээ.

Дэлхийн улс орнуудын хүн амын жендерийн зөрүүтэй байдлын судалгааг эдийн засгийн оролцоо, боломж, улс төрийн эрх мэдэл, боловсролын түвшин, эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлан Дэлхийн эдийн засгийн форум 2006 оноос эхлэн танилцуулж байгаа билээ.

Ингэхдээ дээрх дөрвөн үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харьцуулаад үр дүнг нь нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам жендерийн зөрүү ихтэй буюу хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг.

Уг судалгаанд 142 орныг хамруулахдаа найман бүст хуваасан бөгөөд Монгол улс нэгдсэн дүнгээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн 19 орны наймдугаарт оров. Манай улсын өмнө Шинэ Зеланд, Австрали, Вьетнам, Тайланд, Сингапур, Лаос жагссан. Харин Хятад, Өмнөд Солонгос, Японд жендерийн зөрүүтэй байдал харьцангуй их байгаа нь уг индексээс харагдах аж.

Тэгвэл 2024 оны судалгааны үр дүнгээр манай улс 0.704 оноо авч дэлхийн 146 улсаас 85 дугаар байрт жагслаа.

Өмнө жил манай улс 80 дугаарт жагссан бол 2022 онд 70 дугаарт эрэмбэлэгддэг байв. Судалгааны үр дүнг нэгийн тоотой жишиж гаргадаг бөгөөд манай улс 0.705 оноо авчээ. Энэ индекс нэгийн тоотой тэнцүү байвал жендерийн зөрүүгүй, түүнээс доошлох тусам хүйсийн харьцаа тэнцвэргүй гэж үздэг. Тэгвэл манай улс үндсэн дөрвөн үзүүлэлтээс эдийн засгийн оролцоо, боломжоор 0.736 оноо авч 43, улс төрийн эрх мэдлээр 0.104 оноо авч 120 дугаарт жагсав. Харин боловсролоор бусад 27, эрүүл мэнд, аюулгүй байдлаар бусад 26 улсын хамт нэг оноо бүтэн авч тэргүүлжээ.

Өнгөрсөн жил манай улс эрүүл мэнд, аюулгүй байдлын үзүүлэлтээр тэргүүлсэн ч нэг оноо бүтнээр нь аваагүй юм. Харин боловсролоор 67 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 66 байраар урагшилжээ.

Үндсэндээ, Монгол улс хүйсийн зөрүүтэй байдлын үнэлгээгээр хойшоо жагсаж байгаад эмэгтэйчүүд улс төрийн эрх мэдэл багатай байдаг нь гол нөлөө үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button