"Татвар, хураамж их байгаагаас компаниуд дампуурахад хүрч байна"

Татварын хуулинд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.
MYXAYT-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: МҮХАҮТ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс авсан нийт 178 багц саналыг УИХ–ын гишүүн Х.Ганхуяаар ахлуулсан ажлын хэсэг болон, бусад холбогдох газруудад тусгайлан хүргүүлнэ. Угтаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр өсч, ДНБ-ний 80 орчим хувь, татварын орлогын 70 хувийг бүрдүүлж, ажлын байрны 81 хувийг бий болгож буй.
MYXAYT-аас 5 мянга орчим бизнес эрхлэгчийг хамруулан явуулсан "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны үр дүнгээс үзэхэд, татварын орчин нь 2020 оноос хойш 0.12 нэгж буюу таван хувиар буурч, 2.50 оноогоор дундаас доогуур үнэлэгдсэн нь бизнес эрхлэхэд татварын орчны асуудлууд байсаар байгааг илэрхийлж байгаа хэрэг.
2024 онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр өссөн байдалтай харагдаж байгаа.Энэ орлогын 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн Даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого гэсэн үг.
Манай аж ахуй нэгж, иргэд 41 төрлийн албан татвар төлж байна. үүний 70 гаруй хувийг аж ахуй нэгжийн албан татвар эзэлж байна.
Мөн 2023 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татвар нийт татварын орлогын 29 хувийг бүрдүүлсэн дүнтэй байгаа юм. Далд эдийн засгийн судалгаагаар Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ДНБ-ний 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг оршин тогтнож байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэж тооцоолсон. Далд эдийн засгийн хэмжээ өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Тиймээс, далд эдийн засгийг бууруулах, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчдийг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Тиймээс татварын багц хуулийн шинэчлэлийг цогц байдлаар хийх хэрэгтэй. Энэ зөвхөн хувь хэмжээ өөрчлөх тухай асуудал биш.
Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах саналуудыг илэрхийлээд байна:
- Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх,
- Татвар ногдуулах орлогын суурийг мөнгөн суурьд шилжүүлэх,
- ААНОАТ-ын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох, эсхүл босгыг өндөрсгөх,
- Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын хэмжээ 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
- Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс, олговроос НДШ суутгаж байгааг өөрчлөх
- Татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалтыг хялбаршуулах, оновчтой болгох,
- ОУ-ын татварын харилцаатай холбоотой зохицуулалтуудыг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэх
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий хөрөнгөд татвар ногдуулах
- Ажил олгогчийн төлөх шимтгэлийн суурийг хязгаартай болгох
- Ногдол ашиг хуваарилан шилжүүлж буй шатлал бүр дээр ногдол ашгийн орлогын албан татварыг давхардуулж оногдуулж байгааг өөрчлөх
Энэ үеэр Наран трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Удвал "НӨАТ Монгол Улсад маш өндөр буй. Энэ нь бизнес эрхлэгчдийг зах зээлээс хумих бодлого гэж үзэж байна. Тиймээс НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах зайлшгүй шаардлагатай. Бас НӨАТ-ын сугалаа явуулахаа болих хэрэгтэй. Үүнийг шударга бус гэж үзэж байна. Тоо чухал биш хамгийн гол нь үүний цаана хуулийн цоорхой үүсэж байна.
НӨАТ 10 хувь, НДШ 14 хувь, ААНОАТ 10 хувь, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтож чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна. Тиймээс бизнес эрхлэгчдээс өгсөн саналыг хуульдаа тусгаж, ажил хэрэг болгохыг эрх баригчдаас хүсэж байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
vnen shvvdee tatvarin daramt mash ih bna deeres ni huuli ni todorhoi bus bdag uchras tatvarin baitsaagch mash ih avilgal avch bna avilgal ogoogvi bol dur zorgoroo tatvarin akt bichdeg bolson