Гуравдугаар сард Японд будааны үнэ өмнөх жилээс хоёр дахин нэмэгджээ

Өнгөрсөн сард Японд будааны үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн байна. Сүүлийн саруудад будааны үнэ огцом өссөн тул Японы засгийн газар улсын нөөц дэх будаанаас гаргаж заржээ. Шинэ хүнсний бүтээгдэхүүнээс бусад барааг авч үзэхэд Японд хэрэглээний үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өссөн байна.
Будааны үнэ өсөж байгаа учир тус улс өнгөрсөн сараас хойш 210 мянган тонн будаа нөөцөөс гаргаж зарсан. Энэ нь будааны улсын нөөцийг 1995 онд үүсгэснээс хойш анхны удаа зарж байгаа тохиолдол болсон юм. Мөн Японы засгийн газар дөрөвдүгээр сарын есөнд нэмж 100,000 тонн будааг улсын нөөцөөс гаргаж зарна хэмээсэн юм. Цаашид долоодугаар сар хүртэл сар бүр улсын нөөцөөс будаа гаргаж зарах төлөвлөгөөтэй байгаа аж.
Японд дан ганц будаа бус байцайны үнэ мөн огцом өссөн байна. Гуравдугаар сард байцайны үнэ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 111.6 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн жилийн зун хэт халж, үер ус ихтэй байсан нь навчит ногооны ургацад нөлөөлж, үнийн өсөлтийг үүсгэсэн байна.
Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.