"Бавариа" 11 дэх удаагаа Германы Супер цомын эзэн боллоо

Штутгарт хотноо өчигдөр болсон Германы Супер цомын төлөөх тоглолтод “Бавариа” баг “Штутгарт” багийг 2:1 харьцаагаар хожсоноор Франц Беккенбауэрын нэрэмжит цомын эзэн боллоо.
Баваричуудаас англи довтлогч Харри Кейн (18 дахь минут), Колумбын Луис Диас (77) нар гоолдсон бол “Штутгарт”-ын хагас хамгаалагч Жейми Левелинг (90+4) хариу гоол оруулсан байна. Л.Диасын хувьд Английн “Ливерпүүл”-ээс шилжин ирснээсээ хойш анхны гоолоо хийсэн нь энэ юм.
“Бавариа” баг өнгөрсөн улиралд Германы Бундеслигийн аваргаар шалгарсан бол “Штутгарт” Германы цомыг хүртсэн юм. Мюнхенчүүд Германы Супер цомыг 11 дэх удаагаа хүртэж байгаа бол штутгартчууд зөвхөн нэг удаа 1992 онд цомын эзэн болсон байна.
Одоо Бундеслигийн шинэ улирлын эхний тойргийн тоглолтод “Бавариа” баг талбайдаа 22-ны өдөр “Лейпциг” багийг хүлээн авах бол “Штутгарт” 23-ны өдөр “Унион” багийн талбайд тоглоно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.