Ц.Туваан: Хэзээ нь алдагдалгүй, хэзээ нь алдагдалтай төсөв баталдаг юм бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Саяхан “Ээ гэгээ минь, алдагдалгүй төсөв баталж болдог юм байна, цаашаа ч ингэж явъя” гэцгээсэн. Тэгсэн дахиад алдагдалтай төсөв оруулж ирлээ. Төрийн байр суурь яагаад ингэж өөрчлөгддөг юм. Ямар үед нь алдагдалтай, ямар үед нь алдагдалгүй баталдаг юм.
Хоёрт, сая орон нутагт ажиллахад ахмад бүр тэтгэвэр нэмэх асуудлыг ярьж байна лээ шүү. Т.Аубакир сайд 10 хувиар нэмэх санал өгсөн байна, ядаж түүгээр нь нэммээр байна.
Муу хэлээд байгаа “Чайна энержи”-г ярихаар яах вэ. Энэ нүүрсний орлогоо нэмэгдүүлэхэд хил холболт чухал шүү. Авто тээвэр чинээндээ тултал чардайхад 83 сая тонн нүүрс гаргасан. Улстөржөөд байлгүй үүнийгээ хийгээрэй.
Төсөв дээр АҮЭБ-ийн салбартаа хамгийн бага мөнгө тавьжээ. Энэ яагаад ийм бага юм бэ?” гэлээ.
Үүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Орлого, зарлага 33.4 их наядаар алдагдалгүй баталсан. Тухайн үед эдийн засгийн нөхцөл өөр байсан. Өнөөдөр тооцоход амаргүй зүйлс үүсэж байна. Ийм нөхцөлд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Төсөв дээр тодорхой алдагдал тавих нь нэг төрлийн тодруулга. Эдийн засгийн мөчлөг хаана байгаагаас тодорхойлдог. Орлого, зарлага тэнцүү ороод ирж болох ч нөгөө том төслүүдэд мөнгө тавьж чадахгүй. Нэг ёсондоо энэ 1.3 их наядын алдагдлыг бичилтийн, статистикийн алдагдал гэж харж болно” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.