"Хаан банкнаас урамшуулал зарлалаа, мэдээллээ бөглөнө үү" гэх шинэ луйвар гарчээ
Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14,000 гаруй залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Тэгвэл сүүлийн нэг жилд хохирлын хэмжээ 7,5 дахин ихсэж ₮139,2 тэрбум болжээ.
Цахим орчинд үйлдэгддэг түгээмэл залилах гэмт хэргүүдийн төрлүүдээс тодруулбал,
- Хуурамч мессеж, и-мэйл илгээх
- Онлайн худалдаа, бараа захиалга авах
- Хуурамч хөрөнгө оруулалт, ажил санал болгох
- Шагнал уралдаан, сугалааны луйвар гэх мэт олон төрөлтэй байдаг аж.
Тэгвэл саяхнаас эхлэн "Хаан банк хэрэглэгчдэдээ зориулж урамшуулал зарлалаа, мэдээллээ бөглөнө үү" гэх шинэ төрлийн цахим луйвар гарчээ. Тус линкээр нэвтэрвэл хүрд эргүүлж, машин, бэлэн мөнгө, шинэ загварын гар утас зэргийг хожих бусдын анхаарлыг татах зүйл гарч ирдэг байна. Тэрчлэн хаан банкны лого болон тэмдгийг ашиглаж иргэдийн мэдээллийг авч улмаар цахим хаяг болон данс руу нь нэвтэрч иргэдийг залилдаг аж.
Цахим орчин хөгжсөнтэй холбоотойгоор сүүлийн таван жилд залилах гэмт хэрэг эрс нэмэгджээ. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшин тааруу учир хялбар аргаар мөнгө олох бодолтой холбоотой юм. Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдийг торгох, зорчих эрхийг нь хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялаар шийтгэх хуультай юм байна. Түүнчлэн учруулсан хохирлын хэмжээнээс хамааран зургаан сараас гурван жилийн хугацаатай аж.
Цахим залиланд өртсөн иргэдийн зарим нь "бусдад хэлэхээсээ ичиж санаа зовох болон Цагдаагийн байгууллагаар явахад хугацаа их шаарддаг" гэх шалтгаанаар Цагдаагийн газарт хандахгүй тохиолдол байдаг байна. Энэ нь цахим залилантай тэмцэх, тэдгээр этгээдүүдийг илрүүлэх, цаашлаад олон иргэд залилуулах зэрэг эрсдэл үүсдэг юм. Тиймээс иргэд цахим залиланд өртөхөөс болгоомжилж, өртсөн бол нэн даруй Цагдаагийн байгууллагат хандахыг анхаарууллаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.