нийгэмЭгэл бус амьдрал

Токио марафон 2026: "Хараа орохсон гэж найдаж эхлүүлсэн гүйлтийн спорт намайг тив дэлхийн тамирчин болгосон"

Токиогийн сэрүүн, чийгтэй хавраар бороо өдөржин уйлагнах нь нэрмээс болох шиг санагдана. Удахгүй Токио марафон 2026 болно. Их хотын түм түжигнэсэн хоршоодоор Токио марафоны нэрийн бүтээгдэхүүнүүд алаглаж, олон орны тамирчид дэлхийн хамгийн том марафонуудын нэгт оролцохоор айлчилсан байх. Гэвч марафонтой өдөр ийм хүйтэн бороотой, хавсарган салхитай байвал тун чиг хэцүү еэ. Хүссэн бүхэн нь ч ороод байдаггүй, жил гаруйн өмнөөс сонгогдож, сугалагдаж оролцох эрхээ авдаг энэ марафонд “Монголоос минь тамирчин ирэх гэнэ ээ” гэж сураг дуулав. Тэгэхдээ бүр хараагүй тамирчин, хөтөчтэйгөө ирнэ. Бүр Монгол улсын гавьяат тамирчин, тив, дэлхийн аварга хүн гэнэ.

Удалгүй тэр хүний талаар нийтлэл Японы сонин дээр гарсан нь  чих дэлдийлгэв. Олон орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн гүйж байгаа, Монгол улсын тамирчин Ж.Лхагважав гэж тэнд тов тодорхой бичсэн байх нь хурдхан түүнтэй уулзаж, ярилцаж суух, түүний амьдралын түүхийг сонсох сон, уншигч ахай тантай бас товчхон ч атугай хуваалцах сан гэх хүслийг минь бадраасан билээ.

Токио өртөөн дээр Ж.Лхагважав хөтөч нар, Ахиллис байгууллагын төлөөлөгчид, дэмжигчдийн хамт
Японы сонин дээр, баруун гар талаас Ж.Лхагважав

Ийн танд Япон улсаас доорх нийтлэлийг илгээе...

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ – ГҮЙГЭЭД Л БАЙСАН, ГҮЙГЭЭД Л БАЙСАН  35 ЖИЛ

ТАМИРЧИН БОЛСОН НЬ- АНХНЫ МАРАФОНООС АЛТАН МЕДАЛЬ

“За Лхагваа минь, наанадаж гурван жил, цаанадаж таван жилийн дотор таг сохор болно шүү” гэсэн эмчийн үгийг сонсоод уйлж гэртээ хэвтсэн өдрүүд бол 1988 он. Хором хормоор бүдгэрсээр нэгэнт харанхуй нөмрөх нь тодорхой болсон миний тэр ертөнцөд харин нэг гэрэл гийх нь тэр. “АНУ-д очиж марафонд гүйгээд амжилт гаргавал хараа орох боломжтой юм байна, хараа ороод байна” гэсээр ирсэн найзынхаа тэр л үгэнд хөтлөгдөж, тамирчны гараагаа эхлүүлж байж. Хараа орчих юмсан гэж найдаж эхлүүлсэн гүйлтийн спорт өнөөдөр намайг тив дэлхийн тамирчин болох, амьд явах, мөрөөдөлтэй амьдрах шалтгаан минь болжээ.

Америкт л очоод гүйгээд түрүүлчихвэл хараа орчих юм байна гэж бодсон болохоор ах дүү нараа “Мөнгө өг” гэж шалж байсан цаг саяхан шиг л санагдана. “Энэ хивсээ зарчихаж болдоггүй юм уу, хүн хараа орох гээд байхад” гэж загначхаад, хуу хамаад аваад явсан сан. Өөрөө ч 1991 оноос хойш гурван жил тасралтгүй бэлтгэл хийж, хичээсэн. Нэг мэдэхэд бүтэн марафоны замыг гурван цагийн дотор гүйдэг болчихсон байлаа. Харааны бэрхшээлтэй хүн шүү дээ.

Тухайн үед Ахиллис Интернэшнл байгууллагын үүсгэн байгуулагч Дик Траум гэж хүн өөрөө ирж Монгол дахь салбарыг байгуулалцаж байсан түүхтэй. Энэ байгууллага, ах дүү нарынхаа ачаар 1994 онд Нью-Йоркийн марафонд анх удаа оролцож, 03 цаг 09 минутанд дуусган, хөгжлийн бэрхшээлтэй ангилалд түрүүлж байлаа. Хүссэн түрүүгээ авсан хүн чинь дэлхийн нэгдүгээр зэргийн нүдний эмчид үзүүлэх эрхээ ч авч чадна биз дээ. Харамсалтай нь “Дэлхийн шинжлэх ухаан таны нүдийг эмчлэх эмчилгээ гаргаагүй байна” гэх нь тэр. Ахиад хэсэг уйлав. 

“За хараа орохгүйгээс хойш гүйхээс өөр чадах юм алга, чаддаг юмаараа амжилт гаргана аа” гэж зорьсноос хойш амьдрал минь ахин нэг удаа шинээр эхэлсэн. Тэр өдрөөс хойш Ахиллис олон улсын байгууллагатайгаа 35 жил хамт явна. Би гүйгээд л байсан, гүйгээд л байсан, гүйгээд л байсан. Нэг мэдэхэд тамирчин болж, нэг мэдэхэд Азийн наадмын хошой аварга, гурван мөнгөн медальтай, дэлхийн аваргын мөнгөн медальтай, паралимпын шагналт байруудад орчихсон байсан.

Энэ жил харин  гүйж эхэлснээс хойших 35 жил. Дэлхийн шилдэг зургаан марафоны тоог гүйцээж, зургаан одтой тамирчин болох мөрөөдөл маань удахгүй биелнэ. Сая Токио марафонд оролцож тав дахь Од-оо авсан, ирэх дөрөвдүгээр сард Лондонд гүйснээр мөрөөдөл маань биелэх нь, мөн ч сайхан даа.

Үүрд мөнх хараатайгаа байх юм шиг санаж явсан залуу халуун насанд ийм гэгээн, гэгэлгэн зорилго мөрөөдөлтэй болсон байна гэж хэрхэн санах билээ.

“ТАХИР ДУТУУ ХҮН ГҮЙНЭ ГЭНЭ ЭЭ”

1994 онд АНУ-д гүйж ирээд шууд Азийн зургаадугаар тоглолтод 5000 метрт гүйж мөнгөн медаль хүртсэнээр 1996 оны Атлантын олимпийн эрхээ олж авлаа. Байт харвааны олимпийн аварга Д.Баатаржав бид хоёр л тэр үедээ эрхээ авсан юм шүү дээ. Тэр үед бидний гаргасан амжилтыг хүн мэдэх нь бүү хэл, тахир дутуучууд л гэдэг байв шүү. Д.Баатаржав нумаа үүрээд л, намайг хөтлөөд явна. “Өө сохор, доголон хоёр” гэнэ.

“Сохор доголон хоёр” тэр жил олимпод оролцох том зорилготой бэлтгэлээ хийж атал “Монгол улс паралимпынхаа татварыг төлөөгүй байна аа” гээд хасчихдаг юм байна. Хүний амьдрал гэдэг ийм л юм. 400 доллар төлөөгүйгээс болоод цэл залуу, бэлтгэл нь ханасан хоёр тамирчин хасагдчихлаа. 1996 онд бие физиологийн хувьд “галзуу”, 35 настай явлаа шүү дээ. “Тэгэхэд орсон сон бол..” гэж бодогдох үе бишгүй. Гэвч бидний хэн хэн нь зорилго мөрөөдлөө орхиогүй, аль аль нь тив дэлхийн тамирчид болж дээ.

“Тухайн үед наадамд оролцохын тулд албан ёсны тамга тэмдэг хэрэг болоод “Тахир дутуу иргэдийн спорт чийрэгжүүлэлтийн холбоо” гэж байгуулж байсан. Тэр тамгыг нь би 2022 онд билүү дээ, Паралимпын холбоонд хүлээлгэж өгсөн. Ардын намын модон тамга гэдэг шиг “Одоогийн парагийн суурь болсон анхны юм нь энэ шүү” гээд 20 жил хадгалснаа хүлээлгэж өгсөн, музейд тавих л юм гэсэн шүү.”

Түүний дараагаар, Хятадын Засгийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан нэг том дарга Монголын 15 тамирчинг өөрийн зардлаар Бангкок авч явж, Азийн тоглолтод оруулдаг юм байна. Би тэндээс нэг алт, хоёр мөнгөн медаль шүүрлээ. Гэтэл Монгол улс шагналын чинь 50 хувийг авна гэж хөөцөлдөөд. “Өгөх ёстой юм бол би Хятадад өгнө. Миний зардал мөнгөөс нэг ч төгрөг төлөөгүй байж, 10 сая төгрөгөөс 5 саяыг нь авна гэдэг юув” гэж муудалцахгүй яах билээ.

Хэл ам хийснийх “За тэгвэл нэг алтан медалийн чинь дөрвөн саяыг тэр чигээр нь чамд өгье, хоёр мөнгөн медалийн чинь тал мөнгийг нь авна” гэж зүтгээд, аргагүйдээд, долоон сая төгрөгтэй үлдсэн. Тухайн үедээ гаднаа хэрэлдэж, муудалцаж байвч, дотроо бол “За ямар ч байсан надад мөнгө өгсөн нь яамай”  гээд бушуухан өгснийг нь авсан шүү (инээв). 1999 он гэхэд долоон сая төгрөг гэдэг их мөнгө учраас “Саятан тамирчин” гэж хүртэл хэлэгддэг байв шүү дээ.

Монгол улс бөх, морин спортоо дэмждэг ч гүйлт гэх мэт ард иргэдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй ийм спортоо тоодоггүй нь тоогүй. Анх олимпод явахаар болоод дэмжлэг хайж 30 гаруй газраар ороход “Тахир дутуу хүн гүйнэ ээ?” гээд халгаадаггүй, хоёр дарга л халааснаасаа 10 мянган төгрөг гаргаж өгч байсан. Сая Токио руу ирэхдээ ч ялгаагүй хандив гуйгаад хэн ч өгсөнгүй. Ахиллис маань л дэмжлээ. Тэмцээн уралдаанд оролцохын тулд заримдаа 780 мянган төгрөгийн тэтгэврээ жилээр нь авч байж л зардалдаа нэмэрлэх болдог юм шүү дээ. Ийм үед эргэн тойрныхон, ойр дотно хүмүүс хүртэл “Гадаадын марафонд очиж гүйлээ гээд танд ямар ашигтай юм, тэр зургаан одыг аваад танд ямар хэрэгтэй юм” гэдэг. “Би зорилготой амьдаръя л даа, мөрөөдөлтэй амьдаръя л даа” гэж хариулдаг. Мөрөөдөлгүй бол би үхчихнэ шүү дээ.

МОТОЦИКЛЫН СИГНАЛ СОНСОЖ ГҮЙСЭН НЬ

Хараагүй тамирчинд хөтөч нэн чухал. “За Лхагваа ахаа, хоёр километр гүйгээд өгсүүр байна шүү, 20 метр гүйгээд саад байна, баруун эргэе, зүүн эргэнэ” гээд нүд минь болно. Би тэдний хэлснийг бодож тооцоод, хүчээ хуваарилна. Хөтөчтэйгөө нэг хүн шиг гүйж байж амжилт гаргана. Хоорондоо гараараа холбогдоод уяатай явж байхад хөл гар нийлэхгүй таталдаад байвал 42км замд ядралт их, анхаарал сарниж, төвлөрөл багасах нь тодорхой. 

Тэр жил, 2002 он. Солонгост болсон Азийн наадамд Монгол улс санхүү мөнгө хэцүү учир надад хөтөч өгөөгүй. Өөрийнхөө зардлыг ломбард ажиллуулдаг дүү дээрээ очиж, хуу хамж байж бүрдүүлж босгов. “Ахаа та яаж буцааж өгөх юм бэ” гэхэд нь “Медаль авч өрөө төлнө” гээд өөртөө итгэлтэй явж байв шүү, мөн их зориг оо.

Очоод юун түрүүнд хөтөч л хайна шүү дээ. Солонгосын дөрвөн хүүхэд 10, 10 км замаар үнэ тохирч, хөтлөж гүйхээр тохирлоо. Гэтэл өглөө гараад иртэл өнөө дөрөв байдаггүй. “Одоо яадаг билээ, хамгаа бараад ирсэн байдаг”.

Тэгтэл тэнгэр ивээнэ гэгчээр Есүсийн сүмийн хэдэн сайн дурын ажилчидтай таардаг юм. Тэд Монголд үйл ажиллагаа явуулж байсан болохоор монголоор ярьж мэддэг аж. Нөхөр нь ирээд  “Та мотоциклын дуугаар явж чадах уу?” гэж байна. Хоёулаа тэр дороо цэнгэлдэхийн гадна гарахаар завдацгаав. Өнөө нөхөр мотоциклоо үе үе дуугаргаад л би тэр дууг нь сонсоод л гүйлээ. “Чадахаар байна уу?” гэхэд нь “Чадна, чадна” гээд л гараанд гараад давхичихлаа шүү.

Урд талд Япон, Хятад, Солонгосын тамирчид. 10 км араас нь сонордосхийж гүйгээд “За одоо эд нарыг дагаж гүйгээд ер нь яадаг юм” гээд л урагшаа хагалаад л гараад ирлээ, юу ч болвол болог. Тэгтэл хажууханд өнөө мотоцикл яг орж ирж байгаа нь сонсогдоод л, сигналаа дуугаргаад л эхэлсэн. Ингээд үлдсэн 32км замд мотоциклын дуу сонсч гүйсэн дээ. Хэцүү юм билээ. Одоо баруун эргэж байгаа юм болов уу, чигээрээ явж байгаа юм болов уу, зүүн эргэж байгаа юм болов уу гээд сайн чагнахын зэрэгцээ хурд хэмнэлээ алдахгүй байх ёстой. Нэг гүйж явтал мотоциклын дуу холдоод эргээд явчих шиг болсон, замаасаа илүү гараад хажуу тийшээ гүйж явсан байна лээ. Ашгүй зам дагуу хөгжөөн дэмжиж зогссон хүмүүс буцааж зам руу минь оруулсан. Тэгж гүйсээр яваад түрүүлж Азийн наадмын хошой аварга болж байсан түүх бий шүү. Хөтөч хүн гэдэг ийм л чухал.  

ОЛИМП БАС ДАХИН ОЛИМП

МУГТ Ж.Лхагважав энэ хугацаанд дөрвөн ч удаа олимпийн эрх авч байж.

1996 оны Атлантын олимпод Монгол улс татвараа төлөөгүйгээс оролцож чадаагүй

2000 оны Сиднейн олимпод наймдугаар байр

2004 оны Афины олимпод шагналт зургаадугаар байр.

2012 оны Лондонгийн олимпод эрүүл мэндийн байдлаас болж оролцож чадаагүй байх юм.

2004 оны Афины олимпийн зам энэ 35 жилд үзсэн хамгийн бэрх зам байсан гэж тэр энэ түүхийг эхлүүлэв.

Сиднейн паралимпод Д.Баатаржав бид хоёр л алхаж явж байж. Би тугаа барьчихсан, Баатаржав хажууд. Дараагаар нь асар хүнд зам гэвэл би Афины олимпийг ярина. Гарааны 00 цэгээс 30 км хүртэл 250 метр өгсдөг хүнд зам. Тэрнээс хүнд зам насандаа үзээгүй. Тэгэхэд 18 тамирчнаас шагналт зургадугаар байранд орсон доо. Афины тэр замаар эрт үед элч цэргүүд нь буугаа үүрээд мэдээгээ хүргэхээр гүйдэг байсан түүхтэй гэнэ. Яаж ч зүдэрч байсан “Цэргүүд буу үүрээд гүйж явсан юм бол пүүз шорттой бид нар яршиг л байна” гэж бодоод өгсөж явсаар бариандаа орсон.

Паралимпийн тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө эмчийн маш нарийн үзлэгээр “Энэ хүн үнэхээр хараагүй юу, эсвэл харж байгаа мөртлөө хараагүй болж жүжиглээд байна уу?” гэдгийг тогтоодог. Мөчний тайралт бол шууд л харагдана шүү дээ, гэтэл хараа гэдэг мэдэгддэггүй. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн ангилал Т11,12,13 гэж байдаг байснаа одоо зөвхөн Т11, 12 л гэж байдаг болсон байна. Эмч нарын шалгалтаас гадна тамирчдад мэдэгдэхгүйгээр маш олон хүн эргэн тойронд энгийн хүмүүс мэтээр өдөр тутамд хамт байж хяналт тавьж байдаг. Афины олимпоос медаль авч буугаад, эмчийн магадлангаар худлаа хэлсэн нь баригдаж, медалиа хураалгаж ч байсан хүн бий.

Миний нүд хүртэл харахад тун эргэлзээтэй шүү дээ. Дээр үед намайг кондукторууд автобусанд явахаар “Харахад л зүгээр юм байна, сохор болж жүжиглээд, муу ёр байгаа даа” гэдэг байж билээ (инээв). Миний нүд гаднаас харахад зүгээр боловч, харах төв нь ажиллахгүй болчихсон. Нүдний харах төв рүү дамжуулдаг судас нь гэмтэл аваад, яаж ч дамжуулаад хүлээж авахаа больчихсон гэсэн үг. Тэгэхээр толгойг нь хувааж байж л эмчилгээ хийж болох гээд байдаг, гэтэл толгойг нь хувааж болохгүй байгаад байдаг. Тэгэхээр дэлхийн шинжлэх ухаан таны нүдийг одоохондоо эмчилж чадахгүй гэдэг нь тэр юм.

2012 оны Лондонгийн олимпод харин зүрх өвдсөн, “Гүйж болохгүй ээ” гэсэн. Эмч нар “Чамайг гүйлгэхгүй, амь насыг чинь бид хариуцаж байна” гээд хориглосон. Нэгэнт эрхийг нь авчихсан олимпод оролцож чадахгүй болсон учраас “За ингээд зодог тайлъя, больё” гэж бодсон боловч бие өвдөөд, даралт ихсээд болдоггүй юм билээ. Буцаад гүйгээд дасгалаа хийгээд эхлэхээр эрүүл мэнд тогтворжоод, ахиж гүйхээ зогсоогоогүй, өнөөдрийг хүрч дээ.

ТАГ СОХОРНО ГЭСЭН ЭМЧТЭЙГЭЭ 20 ЖИЛИЙН ДАРАА...

Лондонгийн олимпод “Чамайг гүйлгэхгүй, зүрх чинь дийлэхгүй” гэж хэлсэн эмч нар одоо таарахаараа “Өө Лхагваа гүйж л байна уу, гүйгээд бай, гүйгээд бай” гэдэг юм. Нэгэнт гүйгээд сурчихсан, амьдралын хэвшил болгочихсон учраас гүйхээс өөр арга байхгүй.

1988 онд анх группт орж байхад манай нүдний эмч мөн л “За Лхагва аа, наанадаж гурван жил, цаанадаж таван жилийн дотор таг сохор болно шүү” гэсэн. Гэтэл одоо 38 жил болоход өдөр шөнөө ялгана, царайг нь харахгүй ч урд хүн сууж байгааг дүрсээр нь гадарлана. Бүрнээ эмчийг гавьяат болоод 20 гаруй жилийн дараа бид хоёр ахиж нэг уулзсан. “Үгүй, Лхагва аа чи чинь яагаад ширээ тойрж яваад байгаа билээ” гэсэн. “Спортоор хичээллээд байхаар сохордоггүй юм байна шүү дээ” гэж хариулж инээлдэж билээ. Хүн чинь харааны бэрхшээлтэй болохоор хөдөлгөөнөө улам хаагаад, энийг ч очоод мөргөчих болов уу, тийшээ ч очоод уначих болов уу гэсээр биеэ хураагаад хөдөлгөөнгүй болдог. Түүнийхээ хэмжээгээр цусны эргэлт нь багассаар хараагаа бүрэн алддаг байж мэднэ. Би бол хөдөлгөөнөө хорих биш эсрэгээрээ өдөр тутамд 10 км орчим гүйнэ. Дасгал хийгээд байхаар цусны эргэлт хүчтэй, тэгээд л хатингар үүсээд дохио дамжуулахаа больсон суваг нь арай ч бүр хатчихгүй, ядаж л тэр хэвээрээ тэжээгдээд байгаа юм болов уу? “Чамтай адилхан оноштой хүн таван жилийн дотор таг болдог л юм даа, ямар сонин юм бэ” гэж эмч нь маань хэлдэг сэн. Спортын л ач шүү дээ.

ЗУРГИЙН ЦОМОГ:

         ХОЁРДУГААР ХЭСЭГ – НАСААРАА СОХОР БАЙСАН ГЭЖ БОДОО ЮУ

ХЭВИЙН ХАРААТАЙ БАГА НАС, ЦЭЛ ЗАЛУУ НАС

Бага насны багагүй өдрүүдийг хөдөөгийн хөх уулсынхаа дунд өнгөрөөж дээ. Улаанбаатар хотод төрсөн ч Өвөрхангайн Баян-Өндөрийн хүүхэд гэнэ. Аавын нутаг миний нутаг даа. Сурагч нас, бага нас, өсвөр нас томоогүй нас. Бусад хүүхдүүдийн адил л гүйж харайсан, ирээдүйг үл таамаглах цайлган цаг хугацаа.

Сургуулиа төгсөөд, 1979 онд Ховдын армид гурван жилийн хугацаат цэрэгт татагдаж байв шүү. Одоо хараагүй болохоор хүмүүс “Хүүе Лхагваа ах аа, та чинь цэрэгт явж байсан юм уу” гэдэг юм. Тэгэхээр нь “Явалгүй яадаг юм, насаараа сохор байсан гэж бодоо юу?” гэж тэднийг инээлгэнэ.

Биднийг цэрэгт татагддаг жилийн хавар Ховдын армиас халагдсан хал цэргүүд гэрийн зүг өдөр шөнөгүй яарч давхихдаа осолдож, сайхан хэдэн залуус ертөнцийн мөнх бусыг үзүүлж байсан гэдэг юм. Арван хэдэн цэрэг явснаас гурав нь л амьтай үлдэж, хөөрхий. Тэр цагаас хойш цэргүүдийг АН-24 онгоцоор Ховд руу зөөдөг болж, бид чинь гурван цаг онгоцоор нисээд л арми дээрээ очиж байлаа шүү дээ.

Цэргийн амьдрал сайхаан. “Ядарч яваа шинэ цэрэг би” гэдэг шиг эхний жил их л ядарна шүү дээ, эвий. Айл, хээрийн баримжаа харж сурна, бүтэн жил буугаа элгэндээ тэвэрчхээд л могой шиг гулсаж, элэг дөрвөөр мөлхсөөр арай гэж барсан санагддаг. Өсгий, бөгсөө далдалж сур, бөгсийг чинь дайсан буудлаа гэж ах нар сандаргана.

Хоёр дахь жил нь 1980 он. Хятад Вьетнам руу, Орос Афган руу цэргээ оруулаад түгшүүртэй цаг үе болсон. Хэрэв түгшүүр зарлавал машинд хоол хүнс бүх юм аччихсан тул орныхоо толгой дээр автоматаа өлгөчихсөн, 60 сумтай магазинаа бүсэндээ зүүчихсэн, нэхий дээлтэйгээ, ганц гутлаа тайлаад л унтдаг цаг үе. Шөнө бүр л түгшүүртэй.

Сэтгүүлч: Уучлаарай, тэр үед жаахан хүүхдүүд байсан болохоор айдаг байсан байх даа?

Үгүй шүү. Ерөөс “Ар гэртээ сүүлийнхээ захиаг бичээрэй” гээд биднийг бэлдчихсэн байсан юм. Тийм болохоор бушуухан шиг л хоёр хятад унагах юмсан. “Нэгийг албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг шиг тийм л сэтгэлзүйтэй болчихдог юм билээ. “Тэртэй тэргүй дайнд орохоос хойш ахиухан хүн унагачхаад л үхнэ шүү” л гэж ярилцдаг. Хүн гэдэг чинь нөхцөл байдал тулаад ирвэл тийм аймаар болчихдог юм билээ шүү дээ, хамгийн аймаар нь. Ерөөсөө хүнийг бодохоо байчихдаг юм билээ. Ай даа, тэгээд хүйтэн дайны ид оргил байсан үе дээ. Нэгдүгээр дайсан Хятад л гэлцдэг байсан. Бид ч “Мянган жил хүлээж, нэг өдөр хэрэглэнэ” гэдэг шиг урд жилүүдэд сургуулилсан зүйлсээ харуулахад бэлэн л байж.

Ингээд 16 хоноод түгшүүр, байлдааны бэлэн байдал зогссон. Тэр үед нэхий дээлээ сая нэг тайлсан. Тэгтэл казармаараа бөөстчихсөн байсан даа (инээв).

Харих болоход “Халуун сав шиг хал цэрэг” гээд хөдлөхчгүй шүү дээ. Уурлах ч үгүй, бухимдах ч үгүй. Чимээгүйхэн шиг хоногоо тоолоод л сууна даа. Ингэж ингэж бүтэн гурван жилийн дараа гэртээ ирсэн. Би цэрэгт явахдаа 168 см өндөр, 56 кг жинтэй хүү байлаа, цэргээс халагдаад ирэхэд 180 см, 82 кг жинтэй суга өсчихсөн, бүдүүн бор хүн. Цэргээс халагдаад ирсэн хүн тун хүндтэй байлаа шүү дээ, бууз хуушуур, тансаг хоол ширээ дүүрэн өрөөтэй ижий угтаж авсан. Цэрэгт баастай гэдэс идэж идэж, гэртээ ирээд тарган хонины махтай бууз “цохиод” жорлон луу сум шиг гүйхэд ээж “Муу хүүгийнхээ гэдсийг өвтгөчихөв үү дээ” гэж зовж байсан нь ч өчигдөрхөн шиг. Зун нь зусландаа гарчихаад дөчийн бидонтой усаа нэг талдаа өргөөд алхаж явахад “Ай, Жамбалын хүү чинь аргагүй л цэргээс халагдаад ирж” гэж шуугихад нь онгирохдоо нөгөө гартаа дүүгээ өргөж бяр чадлаа гайхуулж явсан бага залуу насны цаг үе саяхан мэт.

Тэр үед цэргийн алба хаагаад ирсэн хүүхдүүд үнэ хүндтэй байдаг байж шүү дээ. Цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар хасагддаг хүн ховорхон байж, одоо бол 60, 70 хувь нь л эрүүл мэндийн шалтгаанаар хасагддаг болсон гэх нь билээ.

         ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦААС ЭМНЭЛЭГ РҮҮ

Цэргийн онгоцноос бууж ирэхэд л албаны хувцастай нэг хүн биднийг тосон авсан нь Дулааны гуравдугаар цахилгаан станцын дарга гэх хүн байв. Социализмын үе шүү дээ. Станцад сэргээн босголт явагдаад, боловсон хүчин 200 хүн сох дутаж байсан гэдэг юм билээ. Ингээд л бид чинь цэргээс халагдаад шууд Дулааны гуравдугаар цахилгаан станцад ажиллах “илгээлттэй”, станцын дарга “Алт шиг сайхан залуус ирлээ” гэж биднийг тосон авсан нь тэр. 21 настай 24 шижигнэсэн залуу ажил амьдралын гараагаа ийн эхлүүлж байж.

Станцад ажиллаж байгаад 22 настай аав болж, эхнэр маань 20 настай ээж болсон. Үгүй мөн эвгүй байж билээ, ээжийнхээ хажууд “Эвий миний хүү” гэж хэлж чадахггүй, хэл эвлэхгүй. “Аавдаа, аав нь” гэж хэлж чадахгүй. Сангийн гэр аваад л, тусдаа гарахын бөөн “өвчин”.

Хашаандаа ээжийнхээ гэрийн хажууд сангийн гэр авч тусдаа гараад л, нэг ор, нэг зурагт, нэг ширээ, нэг зуух тавиад л айл болсон. Үеийнхэн бүгд л аав ээжийнхээсээ гараагүй байхад тусдаа айл болчихсон болохоор бүх л найз нөхөд, ангийнхан манайхаар бужигнана. Хамгийн анх айл болж байгаа найз нь бид хоёр. Ажлаа тараад л бүгд манайд орж ирээд, бужигнаж байгаад л харьцгаадаг сан. Одоо ч олон жил өнгөрч дээ. Цэргээс халагдаад 44 жил болсон байна.

Сэтгүүлч: Та станцад ажиллаж байхдаа хараагаа алдсан гэсэн. Осол байсан уу?

Дулааны цахилгаан станцад 1982 оноос 1990 он хүртэл ажилласан. Машинист хийж байгаад харааны самбараа харж чадахаа болиод л эхэлсэн. Суугаад хардаг байснаа босч хардаг боллоо. Босоод хардаг байснаа сандал тавьж байгаад хардаг боллоо. “За даа улсын үнэтэй цайтай эд хөрөнгөтэй харьцах чухал хүн ийм байж болохгүй. Станц чинь маш олон хяналтын нарийн самбаруудтай шүү дээ” гээд л больсон доо.

Дараа нь харин эмчид үзүүлтэл “Хээ, хараа чинь тунчиг муудсан байна, группт ор” гэхэд нь амьдрал дуусчихсан аятай л хоёр жил гэртээ уйлж хэвтсэн дээ. Тэгтэл харин ангийн найз минь нэг өдөр яриад “За Лхагваа чи нааш ир, би чамайг нэг газар аваачъя” гэдэг юм. Тэр газар нь Үйлдвэр комбинатын тэнд байдаг Хараагүйчүүдийн төв. Баахан хараагүй улс суугаад бор цаасан уут хийдэг юм байна. Ертөнцийг харж үзээгүй, нар гэдгийг мэдэхгүй, хөх тэнгэр ч гэж мэдэхгүй, төрөхөөсөө л  хараагүй байсан тэд харин юун над шиг уйлах, тас тас хөхрөлдөөд л, амьдрал тэнд чинь буцалж байна шүү. Тэгээд л өөрийгөө голохоо больчихсон. Тэр найз минь тэр жилээ ахиад “АНУ-ын нүд эмчилдэг марафон байна” гэх мэдээ дуулгасан нь өнөөдрийн намайг бүтээх эхлэл байжээ.  

Энэ бол уншигч танд миний хүргэхийг хүссэн түүх билээ. Өдгөө 64 настай, тив дэлхийн хэмжээний тамирчин болсон Ж.Лхагважав 2026 оны дөрөвдүгээр сард Лондогийн марафонд оролцож 35 жилийн мөрөөдлөө биелүүлэх гэнэ. Өөрийнхөө мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй амьдралд бууж өгсөн, өөрийгөө голсон харааны бэрхшээлтэй олон хүнд мөрөөдөлтэй амьдралын үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт чин сэтгэлийн угаас итгэж байна. Гагц хараагүй бус харах нүдтэй бидэнд ч бас ямар их урам зориг өгч байгааг уншигч ахай та надаар хэлүүлэлтгүй мэдэрсэн болов уу.

Ж.Лхагважав тамирчинг Лондон тийш явахад зардал мөнгөөр ивээн тэтгэх, туслан дэмжих иргэд байгууллагыг энэ дашрамд уриалж байна. Түүний мөрөөдөл биелэхэд бусдын мөрөөдөл асна. Тэр галыг асаахад бидний өчүүхэн боловч тус нэмэр юу байж болох вэ?

МУГТ Ж.Лхагважавыг өдийг хүртэл дэмжиж, олон тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангаж ирсэн “Ахиллис Монгол” байгууллага нь 2014-2026 онд Ахиллисийн Марафон аялал хөтөлбөрөөр нийт 133 хөгжлийн бэрхшээлтэй гүйгч, 144 хөтөчийг дэлхийн топ зургаан марафонд оролцуулсан байдаг. Жилд 20 гаруй гүйгчийг олон улсын топ марафонд оролцуулдаг бол энэ жил хамгийн олон буюу 40 гүйгчийг 21 хөтөчийн хамт оролцуулах зорилго тавьжээ. Тэд энэ хөрөнгийг өөрсдийн хүчээр босгож, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад итгэл найдвар өгөхийн зорьдог ч бүх тамирчдын зардлыг 100 хувь даах нь боломжгүй юм.

Иймд та бүхэн өөр өөрийн хувь нэмрээ оруулан дэмжээрэй.

Холбоо барих: Ахиллис Монгол КЛУБ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

пээ мөн мундаг хүн ээ

Зочин
Зочин

Хүндлэх ёстой хүн байна даа. Шагналын мөнгийг нь булаацалдаж л байдаг нээрээ ичиж далдардаггүйм бхдаа. Кино хийвэл болох түүхтэй хүн байна

Зочин
Зочин

Ёстой хүний тууж гэдэг шиг яасан мундаг эр вэ.Олон хүнд гэрэл гэгээ ,урам зориг болж ирсэн жинхэнэ эр хүн байна даа♥️????

зочин
зочин

Нэг станцад ажилладаг байлаа. Спортын өндөр амжилт хүсэн ерөөе. Мундаг бнаа...

Холбоотой мэдээ

Back to top button