"Шагчид" приус зогсоож шатахууны хомсдол, дарааллыг улам нэмэгдүүлж байна
"Шагийн шатахуун авна. Утасны дугаараа. Шатахуун байна. Нэг литр нь ₮10,000, хүргэлт үнэгүй" гэх зарууд цахим орчинд хөвөрч байна. Улс даяар шатахуун ховордож эхлэх үед шагийн бизнес цэцэглэдэг болоод нэлээд жилийн нүүр үзэж буй.
Тэгвэл энэ жилийн шагийн шатахууны үнэ ₮8,000-10,000 хооронд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр шагчид шатахуун өгч буй ШТС-уудад приус маркийн тээврийн хэрэгсэл олноор нь дараалуулж зарах шатахуунаа нөөцөлдөг байна. Улмаар шатахуун авсан автомашины банкнаас шаланк ашиглаж соруулан 5, 10 литрийн цэвэр усны саванд хийнэ. Түүний дараагаар өнөөх савтай шатахууныг захиалсан иргэний автомашины банк руу шаланкаар соруулж хийдэг байна.
Дээрх үйлдэл нь мэдээж хууль бус бөгөөд зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйл "Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих" 3.3 Тусгай зөвшөөрөлгүйгээр жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуультай юм.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Шагийн шатахуунтай холбоотой асуудлыг Нийслэлийн цагдаагийн хяналт шалгалтын газрын, Газрын тос хийн хяналтын хэлтсээс шалгаж, хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.