АНУ-ын засгийн газрын өр хэрхэн 40 их наядын босгыг давав
АНУ-ын засгийн газрын өрийн асуудал гүнзгийрсээр байна. Тодруулбал АНУ-ын холбооны засгийн газрын өр мягмар гарагт анх удаа 40 их наяд ам.долларт хүрснийг Сангийн яам нь мэдээллээ. Хамгийн гол нь АНУ энэхүү босгыг таамаглаж байснаас эрт давлаа. Өрийн хэмжээ 40 их наяд ам.долларын давсан нь ойрын жилүүдэд америкчууд, бизнес эрхлэгчид болон АНУ-ын засгийн газарт олон талаар нөлөөлнө.
Сүүлийн жилүүдэд засгийн газрын өрийн асуудал төсөв болон санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн санааг улам их зовоох болоод байна. Тухайлбал, уөр сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө илүү хурдацтай нэмэгдэж байгаа юм. Мөн зээлийн хэмжээ болон бондын өгөөжийн түвшин өссөнөөр зээлийн хүүгийн төлбөр огцом нэмэгджээ.
АНУ-ын төсвийн бодлогыг хянадаг “Peter G. Peterson Foundation”-ийн гүйцэтгэх захирал Майкл Петерсон “Энэ эрчээрээ явбал зургаан жилийн дараа өрийн хэмжээ 50 их наяд ам.долларт хүрнэ. Өнгөрснийг харвал бид арав хүрэхгүй жилийн өмнө 20 их наяд ам.долларын өртэй байсан. Бид эдийн засаг болон улс орныхоо ирээдүйг үнэхээр эрсдэлд оруулж байна” гэжээ.
Өр нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлс
2017 оны нэгдүгээр сард Доналд Трамп ерөнхийлөгчөөр анх томилогдоход засгийн газрын өр 19.95 их наяд ам.доллар байв. Өөрөөр хэлбэл Трамп, Байдены нарын засаглал дор буюу есөн жилийн дотор хоёр дахин нэмэгдлээ.

АНУ-ын өр ийнхүү огцом өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна.Үүний нэг том шалтгаан нь хүн амын насжилт юм. Өдөрт ойролцоогоор Бүүмэр үеийн 10 мянга гаруй хүн тэтгэвэрт гарч, дундаж наслалт ч нэмэгдэж байна. Үүний улмаас АНУ-ын холбооны засгийн газар нийгмийн даатгал болон “Medicare” хөтөлбөрт улам их хөрөнгө зарцуулах шаардлагатай болжээ.
Нийгмийн даатгал болон болон “Medicare” эрүүл мэндийн хөтөлбөрийн санхүүгийн нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Тэдгээр хөтөлбөрт хамрагдах хүний тоо нэмэгдэж байхад санхүүжүүлдэг ажиллах хүчний хэмжээ хангалттай өсөхгүй байгаа юм.
Үүнээс гадна Конгресс сүүлийн олон арван жил татвар бууруулж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн хэд хэдэн томоохон багц арга хуулийг баталсан. Тухайлбал Доналд Трамп үед 2017 онд баталсан Татварын бууралт ба ажлын байрны тухай хууль, 2025 онд баталсан “One Big Beautiful Bill Act” болон Трамп, ерөнхийлөгч асан Жо Байден нарын засаг захиргааны үед баталсан цар тахлын үеийн тусламжийн хэд хэдэн багц багтана. Эдгээр хуулийн төсөл урт хугацаандаа холбооны засгийн газрын өрийг хэдэн их наяд ам.доллароор нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол бий.
АНУ-ын өр 40 их наяд ам.долларт тооцоолж байснаас эрт хүрлээ. Тухайлбал, Конгрессын Төсвийн алба 2023 оны тавдугаар сард АНУ-ын өр 40 их наядын босгыг 2028 оны санхүүгийн жилд давна гэж тооцоолж байсан юм.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар зөвхөн өрийн хэмжээ өндөрт хүрснээс гадна маш хурдтай нэмэгдэж байгаа нь санаа зовох шалтгаан болж байна. АНУ-ын Сангийн яам мэдээлснээр засгийн газрын өр таван сарын хугацаанд нэг их наяд ам.доллароор нэмэгджээ.
АНУ-ын засгийн газар 2001 оноос хойш төсвийн алдагдалтай ажиллаж байгаа. 2026 оны санхүүгийн жил эхэлснээс хойших эхний арван сарын хугацаанд төсвийн алдагдал 1.8 их наяд ам.долларт хүрчээ. Санхүүгийн жил есдүгээр сарын 30-нд дуусна.

Өрийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ зээлийн хүү өссөн нь холбооны засгийн газрын хүү төлөлтийг огцом нэмэгдүүлжээ. Олон жилийн турш бондын өгөөжийн төлөлт бага байсан тул АНУ-ын засгийн газар харьцангуй хялбар нөхцөлөөр их хэмжээний бонд гаргаж, зээл авах боломжтой байв. Гэвч цар тахлын үед инфляцыг бууруулахын тулд Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлснээр нөхцөл байдал өөрчлөгджээ.
Энэ санхүүгийн жилд АНУ зээлийн хүүд өгч буй төлбөр нэг их наяд ам.доллар давах төлөвтэй байна. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт болох юм. АНУ-ын төсвийг хянадаг “Committee for a Responsible Federal Budget” байгууллагын бодлого хариуцсан ахлах захирал Марк Голдвейн хэлэхдээ, өнгөрсөн 15 жилийн хугацаанд хүүд өгч буй төлбөр гурав дахин нэмэгдсэн гэсэн юм.
Одоо хүүд өгч буй төлбөр нийгмийн даатгалын дараа орох, холбооны засгийн газрын хоёр дахь хамгийн том зардал болжээ. Зээлийн хүүгийн төлбөр ийм өндөр түвшинд хүрсэн нь засгийн газар бусад хөтөлбөрөө санхүүжүүлэх боломжийг хязгаарлаж байна. Голдвейн “Бид ирээдүйдээ хөрөнгө оруулахад зарцуулж байгаагаасаа хамаагүй их мөнгийг өр зээлээ төлөхөд зарцуулдаг боллоо. Бидний тавьсан өр нэмж зээл авахад хүргэж байна” гэж хэлжээ.
Холбооны нөөцийн сангийн дарга асан Жером Пауэлл болон бусад мэргэжилтнүүд АНУ-ын төсөв, санхүүгийн өнөөгийн чиг хандлагыг тогтоон барих боломжгүй гэж анхааруулсаар ирсэн.
Гэсэн ч Конгресс төсөв, санхүүгийн тэнцвэргүй байдлыг засах талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Өр нэмэгдэхийн зэрэгцээ АНУ-ын зээлжих зэрэглэл хэд хэдэн удаа буурсан байна. Тухайлбал өнгөрсөн жил “Moody’s” фирм АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан юм.
Өнгөрсөн жил “One Big Beautiful Bill Act” хуулийн хүрээнд АНУ өрийн таазаа 5 их наяд ам.доллароор нэмэгдүүлсэн. 2027 онд АНУ дахин өрийн таазны асуудлыг авч үзэх шаардлага гарч магадгүй байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 их наяд долларын өр гэдэг тоо зүгээр нэг том тоо биш, цаанаа асар их хэмжээний хүүгийн дарамт дагуулж байна. Өрөөрөө амьдраад байвал хэзээ нэг өдөр төлбөр нь эдийн засгаа өөрөө идэж эхэлнэ
АНУ-ын эдийн засаг дэлхийн хамгийн том нь ч гэсэн өрийн асуудалгүй гэсэн үг биш юм байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь өр нэмэгдэх хурд нь өөрөө
40 их наяд доллар гэдэг чинь бараг төсөөлөхийн аргагүй мөнгө. Хамгийн хачирхалтай нь ийм их өртэй атлаа дэлхийн санхүүгийн төв хэвээр байгаа нь систем нь ямар хүчтэйг бас харуулж байна
АНУ-ын өр нэмэгдэж байгаа шалтгаан нь ганц ерөнхийлөгчөөс болсон зүйл биш юм байна. Олон жил хуримтлагдсан төсвийн алдагдал, татварын бодлого, нийгмийн зардал бүгд нийлээд ийм байдалд хүргэжээ
Өр нь өсөхөөр хүү нь нэмэгдэнэ, хүүгээ төлөхийн тулд дахиад зээл авна. Энэ тойргоо таслахгүй бол асуудал улам л хүндэрнэ шүү
40 ih nayad dollar bol uneheer aimaar too baina. Gehdee delhiin hamgiin tom ediin zasag iim ih urtei baij bolood l baidag ni sonin shuu
Монголчууд бид өр зээлээ ярьдаг ч дэлхийн хамгийн хүчирхэг улс хүртэл төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй ийм их өрөнд орчихсон явж байна. Санхүүгийн сахилга бат улс бүрт л хэрэгтэй юм байна
АНУ 2001 оноос хойш төсвийн алдагдалтай ажиллаж байгаа гэдэг нь хамгийн том дохио юм байна. Өнөөдөр асуудлыг шийдэхгүй бол маргаашийн зардал улам нэмэгдэх нь ойлгомжтой
АНУ-ын өр 40 их наяд болсон нь ганц улсын асуудал биш. Долларын ханш, бондын зах зээл, дэлхийн санхүүгийн системтэй холбоотой болохоор цаашдаа бусад оронд ч нөлөөлөх эрсдэлтэй
Тэтгэврийн насны хүн ам нэмэгдэж, ажиллах хүчний өсөлт нь хүрэлцэхгүй байгаа нь хөгжингүй орнуудад нийтлэг тулгамдаж буй асуудал болж байна. АНУ ч үүнээс зугтаж чадахгүй нь
20 их наядын өртэй байсан үеэсээ арав хүрэхгүй жилийн дотор 40 их наяд хүрсэн гэдэг нь асуудлын гол нь яг хаана байгааг харуулж байна. Өрийн хэмжээ гэхээсээ илүү өсөлтийн хурд нь аймаар
Zasgiin gazar ni zeel avaad, daraa ni huugee tuluh gej dahin zeel avdag bol system ni hezee negen tsagt hundrene. 40 ih nayad bol ene asuudal ali hediin tomorsniig haruulj baina
Хамгийн их мөнгөтэй мэт харагддаг улс хамгийн их өртэй байдаг нь дэлхийн эдийн засгийн тогтолцоо ямар сонин болсныг харуулж байна
40 их наядын өр гэдэг мэдээ нэг их сүртэй сонсогдохгүй байж болох ч хүүгийн төлбөр нь төсвийн асар том хэсгийг эзэлж эхэлж байгаа нь жинхэнэ санаа зовох зүйл байна
АНУ-ын улс төрчид сонгуулийн мөчлөгөөрөө богино хугацааны шийдвэр гаргаад байвал урт хугацааны өрийн асуудал улам л даамжирна. Энэ бол аль намын асуудал гэхээсээ системийн асуудал болжээ