Н.Учрал: Төсөв тойрсон улстөржилт их байна. Ахмадын тэтгэвэр, багш эмчийн цалин бол намын асуудал биш улс орны эрх ашиг
Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголыг тойрсон маргаантай холбоотой асуудал болон эрчим хүчний, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс болоод орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр төсвийн тодотгол тойрсон маргаан, шүүмжлэлийн тухай тайлбарлахдаа “улс төржилт” хэмээн онцлоод дараах мэдэгдлийг хийлээ.
Н.Учрал:
Бид энэ өвөл эрчим хүчний үнэ тариф нэмэхгүй гэх бодлогын шийдлээ гаргасан. Тийм учраас хоосон улс төржилтөнд өртөөд байгаа ирэх оны төсөв бол ард түмнээ, иргэдээ бодсон төсөв. Энэ төсвийн тодотголоор бид эрчим хүчний салбарт олон жил яригдсан асуудлуудыг шийдэхээр тусгасан. Нэг ёсондоо 100 тэрбум нь эрчим хүчний салбарт зориулагдаж байгаа.
Дулааны 3-р цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэж байна. Манай Засгийн газар байгуулагдаад ТЭЦ 4 дээр зуухан дээр үүсээд байсан засвар шинэчлэлийн асуудлыг шийдсэн.
10 аймгийн дулааны станц олон жил яригдаж байгаа. Солонгосын банкны зээлээр уг 10 аймгийн дулааны станц барих үйл ажиллагаа 40-50 хувь дээрээ явж байна. Тиймээс энэ 10 аймгийн дулааны станцыг ирэх оны төсвөөс гүйцээж барихын тулд төсвийг өргөн мэдүүлсэн.
Бид 17 жилийн дараа Оюу-Толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр ирээдүйд үүсэх 30 их наядыг бууруулсан. 4 тэрбум доллараар өгөөжийг нэмэгдүүлсэн. Бид сая хэлэлцээр хийгээд ирэх жил ногдол ашиг авахаар тохиролцсон.
Ногдол ашгаас ирэх 2 их наядаар бид эрчим хүчний салбарын бэлэн байдлаа хангая, энэ 10 аймгийн станцаа шийдье. Мөн ТЭЦ 3-ын дэргэд 300 мегаваттын хүчин чадалтай шинэ эх үүсвэр барихаар төлөвлөж байна.
Есдүгээр сарын нэгний байдлаар 9700 хүүхэд “Гэртэй ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд сургуульдаа ороод байна. Одоо төсвийн тодотголд оруулсан 50 тэрбум төгрөгөөр 4 сургуулийн тоног төхөөрөмжийг шийднэ. Оюу толгойн ногдол ашгаар мөн бүс болгон дээр нэг нэг Кембрижийн сургууль мөн 15 шинэ дотуур байр гэхчилэн асуудлуудыг шийдэхээр төлөвлөсөн.
Төсөв өөрөө орон нутаг руу чиглэж байгааг ойлгох хэрэгтэй. Төсөв тойрсон улс төржилт их байна. Ахмадын тэтгэвэр, багш эмчийн цалин болоод өвөл айл дулаан байх зэрэг намын асуудал биш. Энэ бол улс орны эрх ашиг.
Ингээд Н.Учрал төсвийн тодотголд багтаасан төсөв болох төрийн албан хаагчид, багш эмч нарын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь цаг үеийн зайлшгүй байдал болохыг дахин нэмж тодотголоо.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.