ТТБЗ: 2027 онд Засгийн газрын өрийн нийт хэмжээ 57.6 их наяд байх бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь 50%-д хүрнэ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-өөс өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтээ танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар нь 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг танилцуулахдаа сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага улам өсөхийг сануулж, улам өссөөр буй төсвийн зардал нь орлого өсөх боломжийг хаагдуулах эрсдэлтэй байгааг онцоллоо.
Н.Ууганбаатар:
2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ нь 43 их наяд 586 тэрбум байх бөгөөд ДНБ-д харьцах хувь нь 37.8 хувьд хүрч, Засгийн газрын өрийн нийт хэмжээ 57 их наяд 650 тэрбум байх бөгөөд ДНБ-д эзлэх хувь нь 50 хувьд хүрнэ.
Макро эдийн засгийн бодлогын чиглэл цаашид баримтлахаар баталснаас зөрсөн бөгөөд урт хугацаанд өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх түвшинд хүрээгүй байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд талдаа төсөөллүүд бидэнтэй нийцтэй ч төсвийн үзүүлэлтүүд талдаа хол зөрсөн.
Төсвийн эрсдэлтэй нүүр тулах болоод байна. Зарлага өссөөр яваандаа буурахгүй байх нөхцөлд хүрнэ. Эсрэгээрээ орлого буурна. Зарлагыг бид хожим бууруулж болох мэтээр өсгөж байна. Бид өнгөрсөн жилийн тухайд зарлагаа бууруулах гэж төсөв орж ирээд ямар бодит сорилттой тулдгийг маш сайн харсан. Төсвийн хууль, эрхзүйн орчныг тогвортой байлгах, боловсронгуй байлгах хэрэгцээ шаардлага байсаар байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.