Хуулийн томчуудыг чөлөөлөх Н.Учралын шийдвэр А.Намсамандаар зогсов
Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаа ажлаас нь чөлөөлсөн. Түүнтэй хамт харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудын хамт ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа илэрхийлсэн.
Улмаар С.Амарсайханы эсрэг "шүгэл үлээсэн" ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг чөлөөлсөн. Үргэлжлүүлэн хуулийн салбарын ямар албан тушаалтныг чөлөөлөх бол гэх асуулт хөвөрсөн. Тэгвэл Н.Учралын хуулийн томчуудыг чөлөөлөх ажил А.Намсамандаар зогсож байгаа аж.
Ташрамд дурдахад, А.Намсаманд есдүгээр сарын 14-нд хэвлэлийн хурал хийхдээ С.Амарсайханыг ШШГЕГ-ын дотоод томилгоонд оролцож, өөрийн жолоочийн эхнэр, төрсөн дүү болон бусад хүмүүсийг удирдах албан тушаалд томилохыг шаардсан, биелүүлэхгүй тохиолдолд дарамт шахалт үзүүлдэг хэмээн мэдэгдсэн.
Харин С.Амарсайхан уг мэдээллийг няцааж, А.Намсаманд болон ШШГЕГ-ын зарим удирдлагатай холбоотой төсөв, хөрөнгө, орд ашиглалт зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн мэдээлэл өгсөн юм. Ингэснээр сайд, агентлагийн даргын хоорондын маргаан зөвхөн томилгооны асуудлаар хязгаарлагдахгүй, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон бусад холбогдох асуудлыг хамарсан зөрчил болж өргөжсөн байдаг.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдийг нь чөлөөл шалгуул