Аляскын хамгийн тарган баавгайг тодруулах санал хураалт эхэлжээ
Аляска мужийн Катмай үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дархан цаазат газар жил бүрийн намар хамгийн тарган баавгайг тодруулах санал хураалтыг “Fat Bear Week”-ээр явуулдаг юм. Тэгвэл энэ жилийн “Fat Bear Week” мягмар гарагт /2026.09.22/ эхэлсэн байна.
Өнгөрсөн жилийн ялагч Чанк хочтой баавгай энэ жил дахин хамгийн тарган баавгайгаар тодрох магадлал өндөр байгаа юм. 2025 онд Чанк ойролцоогоор 544 орчим кг жинтэй байжээ. Энэ жил түүний хамгийн том өрсөлдөгч Гулли нэртэй баавгай нэрлэгдэж байна. Гулли нь хамгийн тарган баавгайн шалгаруулалтад хоёр удаа ялж байсан Грэйзер баавгайн үр төл юм.
12 дахь жилдээ явагдаж буй хамгийн тарган баавгайг тодруулах арга хэмжээ нь Аляскын хойгт амьдардаг 2,200 орчим хүрэн баавгайг сурталчлах зорилготой аж. Тус арга хэмжээг 2014 онд хүрэн баавгайн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой анх эхлүүлж байжээ. Санал хураалтыг “www.fatbearweek.org” сайтаар дамжуулж явуулан ялагчийг есдүгээр сарын 29-нд тодруулах аж.
Эх сурвалж: AP News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.