ОУПХ-ноос УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо нь дэлхийн 170 гаруй улсын парламентыг нэгтгэдэг бөгөөд Монгол Улсын парламентын гишүүн Э.Болормаад үүсгэсэн эрүүгийн хэрэгт гүнээ санаа зовж буйгаа илэрхийлж, холбогдох байгууллагуудад хилийн хоригийг нь цуцлахыг уриалсан байна. Хороо уг хэргийг үргэлжлүүлэн хянан шалгаж, Удирдах зөвлөлд тайлагнах гэнэ.
Хороо гомдлыг хүлээн авахдаа уг асуудал заналхийлэл, айлган сүрдүүлэх үйлдэл, мөрдөн шалгах шатанд хуулийн зохих журам зөрчигдсөн, шударга шүүхээр шүүлгэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон зорчих эрх чөлөө зөрчигдсөн, парламентын гишүүний халдашгүй байдлыг хүндэтгээгүй, мөн парламентын бүрэн эрхийн хэрэгжилтэд саад учруулсан бусад үйлдлийн тухай гомдол бөгөөд эдгээр нь хорооны бүрэн эрхэд хамаарна гэж үзсэн байна. Тодруулбал,
- УИХ-ын гишүүн Э.Болормаагийн эсрэг нэгээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэж болох ноцтой зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэнд, ялангуяа тухайн үйлдлийг анх захиргааны зөрчил гэж үзэж байсан тул гүнээ санаа зовж байна.
- Монгол Улсын хуулиар гишүүний халдашгүй байдлыг урьдчилан цуцлахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж болох ч ийм ажиллагаа нь парламентын гишүүний статусаас үүдэх процессын баталгаа, хамгааллыг хүндэтгэх ёстой.
- Түүнд хилээр гарах хориг хэвээр байгаад санаа түгшиж, холбогдох байгууллагуудыг Э.Болормаагийн эрхийг хангаж, хилийн хоригийг цуцлан зорчих эрх чөлөөг нь сэргээхийг уриалсан.
- Хэргийн жендэрийн хэмжээсийн талаар санаа зовж, энэ хэрэг эмэгтэйчүүд парламентын бүрэн эрхээ чөлөөтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болох орчныг бий болгож болзошгүй гэж үзээд, түүнийг бүрэн эрхээ «аюулгүй, хууль бусаар саад учруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжийг хангахыг уриалсан байна.
Хэргийн баримтууд
- Анх захиргааны зөрчил гэж үзэж байсан асуудлыг 2025 оны зургадугаар сарын 4-нд шинэ нотлох баримтгүйгээр, Э.Болормаад мэдэгдэлгүйгээр "сонгогчийн санал худалдан авсан" гэх эрүүгийн хэрэг болгосон (Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2.3).
- Түүнийг "сонгогчийн санал худалдан авсан" гэж буруутгасан ч санал худалдан авсныг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй. Яллах тогтоолд нэг ч сонгогч мөнгө, эд хөрөнгө авсан гэж заагаагүй.
- 2025 оны зургадугаар сарын 13-нд Э.Болормаа шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ намын дотоод ардчиллыг хангаж, эмэгтэйчүүдийн төлөөллийг 30-аас доошгүй хувьд хүргэх шаардлагыг өөрийн бланк дээр, 30 гишүүний гарын үсэгтэйгээр МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа буюу долдугаар сарын 9-нд түүнийг яллагдагчаар татсан.
- УИХ-ын тухай хуулийн 45.2.3-т яллах дүгнэлт үйлдэхээс өмнө Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулахаар заасан. Энэ шаардлага хүчин төгөлдөр болохыг Улсын ерөнхий прокурорын газар 2025 оны аравдугаар сарын 3-ны албан бичгээр өөрөө баталсан ч Э.Болормаагийн хувьд ийм санал УИХ-д оруулаагүй.
- 2026 оны гуравдугаар сараас хилээр гарахыг нь хязгаарласан. Хоригийг цуцлуулах хоёр хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тул тэрээр УИХ-ыг төлөөлсөн хоёр албан томилолтод оролцож чадаагүй.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.