Хувийн өмчийн авто зогсоолын татварыг тэглэх өргөдөлд 57 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ
Хуульч О.Батхүүгийн санаачилсан хувийн өмчийн авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх өргөдөлд 57 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ. Тэрбээр гарын үсэг зурсан иргэдийн тоог 100 мянгад хүргэхийг уриалсан байна.
Түүний үзэж буйгаар хувийн эзэмшлийн авто зогсоол нь ашиг олох бизнесийн хөрөнгө бус, автомашинаа хадгалах, хамгаалах зориулалттай тул татвараас чөлөөлөх шаардлагатай аж. Иймд иргэний өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг авто граж, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр холбогдох хуульд нэмэлт оруулах санал гаргажээ.
Хуульч О.Батхүү “Татварын албаныханд бид нарын бүх мэдээлэл байдаг. Гэрийн хаяг байгаа, утасны дугаар байгаа, дансны дугаар байгаа. Тэгээд өнөөдөр нэхэхгүй байгаа юм шиг боловч таны нэр дээр татварын өр бичигдээд л яваад байгаа. Энэ бол зөвхөн нэг жил төлөөд дуусах асуудал биш. Энэ жил 500 мянга, дараа жил 600 мянга, тэрний дараа жил хэд болохыг мэдэхгүй.
Ингээд л татварын өр бодогдоод яваад байна гэсэн үг. Тэгээд таны хамгийн эгзэгтэй үед, жишээлбэл, визэнд орох ч юм уу, зээл авах ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээ авах хэрэгтэй болсон үед нөгөө татварын өр чинь гараад ирнэ. Тэгээд та энийгээ төлж байж энэ үйлчилгээг аваарай гээд чагталчихна даа. Татварын албыг буруутгах арга алга. Нэгэнт л хууль нь ийм юм чинь яалтай вэ.
Аль 2000 оны үед л хулгайгаар баталчихсан заалт юм байна лээ. Ноднингоос гражнуудаа тоолоод, энэ жилээс гражны татвараа төл гээд хүмүүс рүү мессеж бичээд, тэгээд бид нар дээр өр үүсээд яваад байгаа” гэжээ.
Б.Гэгээ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв