Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн томилгоог ирэх пүрэв гарагт чуулганд танилцуулна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр /2026.10.26/-ийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг танилцуулсан.
З.Ганзориг нь 1985 онд төрсөн, 2003-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2016-2018 онд тус сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 2023 оноос ажиллаж байна.
Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Х.Баасанжаргал нар асуулт асуусан. Гишүүд, улс төрөөс хараат бус байх талаар байр сууриа тодорхой илэрхийлэхийг хүсэж, Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийхдээ удаашруулдаг, хүндрэл учруулдаг талаар судалгаа хийсэн эсэх, Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага хууль ёсны шийдвэр гаргасан уу гэдэг явцуу хүрээнд асуудлыг шийдвэрлэж байна гэсэн өмгөөлөгчдийн шүүмжлэлийг анхаарах, цаашид юуг засаж өөрчлөх шаардлагатай байгааг тодруулсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллана гэдэг нь албан тушаал гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болсон засаглалын салаа мөчир шүүх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Тиймээс хуулийг дээдэлж, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэй ажиллах ёстойг сануулав. Нэр дэвшигч З.Ганзориг, хууль дээдлэх ёс, хараат бус байдал, шударга хичээнгүй байдал зэрэг зарчмуудыг чанд сахиж ажиллахаа илэрхийлсэн.
Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг байнгын хороонд танилцуулснаар дараагийн шат буюу ирэх пүрэв гарагт (2026.10.29) УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах асуудал үлдээд байна.
Г.САНСАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хараат бусаар ажиллаж чадах хүнүү ?
Хэн нэгний бууны нохой биш биз дээ ?!