МХБ-ийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 3 жилд зургаан хүн томилсны сүүлийнх нь Б.Анар болов

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албан тушаалд сүүлийн гурван жилд зургаан өөр хүн томилогдож буй энэ салбарын хөгжлийг хойш чангаах нэг шалтгаан болов. Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сараас хойш манай хөрөнгийн биржийнхэн “түр орлон гүйцэтгэгч” хэмээх тодотголтой захирлуудаар ээлж дараалан удирдуулж ирсэн нь ямба, ялаа зэрэг үүрч, хариуцлагаа хар толгойгоороо даах жинхэлсэн захиралгүй байлаа.
2016-2023 оны хооронд буюу хамгийн урт хугацаанд тогтвортой ажилласан Х.Алтай захирлаас хойш МХБ-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр болон хавсран гүйцэтгэгчид ээлж дараалан хашиж ирсэн бол хамгийн сүүлд Ерөнхий сайд Н.Учралын эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Анар өчигдөр томилогдов.
МХБ-ийн удирдлагын халаа сэлгээний он дараалал:
- Х.Алтай (2016-2023 он) Гүйцэтгэх захирлаар долоон жил орчим ажиллаж, 2023 оны арванхоёрдугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.
- Ж.Цогтбаяр (2024.01.02-ноос 2025 оны нэгдүгээр сар) Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нэг жил ажиллаад, солигдсон.
- Б.Дөлгөөн (2025.01.16-2025.10 сар) Тэрбээр мөн түр орлон гүйцэтгэгчээр есөн сар гаруй хугацаанд ажиллаад чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
- Т.Хаш-Эрдэнэ (2025.10.06-2025.12 сар) Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн 52 дугаар тогтоолоор түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, хоёр сар ажилласан.
- Д.Мөнхбат (2025.12.26-2026.10.07) Тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр 10 сар ажиллаад 2026 оны аравдугаар сарын 7-нд хүсэлтээрээ чөлөөлөгдсөн.
- Х.Эрдэнэбүрэн 2026.10.07-ноос Захиргаа, санхүүгийн газрын захирлын үндсэн ажлынхаа зэрэгцээ гүйцэтгэх захирлын үүргийг 19 хоног түр хавсран гүйцэтгэсэн.
- Б.Анар 2026.10.26-нд гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдож, Нээлттэй сонгон шалгаруулалтаар байнгын захирал томилогдох хүртэл ажиллах үүрэг хүлээв.
Б.Анарын хувьд төрийн байгууллагуудад ажилласан туршлага арвин. Сангийн яам, Хөгжлийн банк, Эдийн засаг, хөгжлийн яаманд ажиллаж, Н.Учралыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаар ажиллаж байх үед эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. Шинэхэн захирал Б.Анарын хувьд биржийн удирдлагыг тогтворжуулж, байнгын захирлыг сонгон шалгаруулах хүртэлх шилжилтийг хэрхэн зохион байгуулах нь хүлээлт үүсгэж байна.
Хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж, идэвхжих цагаар Монголын хөрөнгийн биржийн удирдлага гуравхан жилийн хугацаанд зургаан удаа солигдож, зарим үүрэг гүйцэтгэгч нь хэдхэн сар, хэдхэн хоног ажиллаад дараагийн хүнд ажлаа шилжүүлдэг уламжлал тогтсоныг дээрх он цагийн дарааллаас харж болохоор.
Б.ОЮУНСАЙТАР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За яахавээ бас нилээн хэдүүлээ хувааж идэж байгаам бнаа….