“Хайрын дууч” хэмээх тодотголтой дуучин, поп дива С.Сэрчмаагийн тухай бодохоор миний төсөөлөлд хийл хөгжмийг уйлуулан, бүжиглүүлэн, аргаданхан “Сарны сонат” тоглож буй эрх саран л буугаад байдаг. Эрхэс гарагсын дундаас саран авхайн гоо, шидийг магтан дуулаад баршгүй шиг бурхантай “үгсэн хуйвалдсан” мэт авьяас, гоо сайхан, ааль донж, нинж сэтгэл нэгэн биед заяахаар ямар байдгийг тэр мэдэхгүй бол өөр хэн мэдэх.
Автын инженер аав, эдийн засагч ээжийн хайран дундаас мэндэлсэн зургаан хүүхдийн отгон нь болох С.Сэрчмаад гэрийнхнээсээ ганцаараа онхи өөр ертөнцийн хүн байх хувь тохиож, урлагийн тайзнаа анх хөл тавьснаас хойш 29 жил өнгөрчээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд монгол, хятад, өвөрмонголын олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, 270 гаруй дууг амилуулсны зэрэгцээ өөрөө үг, аяыг нь зохиосон “Үүрд минийх гэж амлаач” гэх мэт хит бүтээлүүдээ “охидодоо өвлүүлэх миний ганц өв” хэмээн тодотгосон юм.
“Эрх саран” тоглолтоо арваннэгдүгээр сарын 14-нд “АСА арена”-д зохион байгуулах дуучин С.Сэрчмаатай ярилцсанаа хүргэе.
-30 жилийн тэгш ойгоо хүлээлгүй энэ онд гэнэт тоглолтоо хийх томоохон шалтгаан байв уу. “Эрх саран” мандах тэр үдэш ямар уран бүтээлчид оролцох, ямар дуунууд эгшиглэх бол?
-Саяхан би найзуудтайгаа Дундговь аймгийн Эх газрын чулуу руу явсан юм. 3000 морин хуурч, 3000 уртын дуучинцуглаж хөг аялгуу найрсдаг, тийм сайхан энергитэй байгалийн задгай театр юм билээ. Тэнд дуулаад ирсний дараахан “АСА арена”-гийнхан гэнэт утасдаад “Арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагт сул өдөр гарсан, та тоглох уу” гэсэн. Цаанаасаа л намайг энэ өдрийг ав гэсэн нэг тийм мэдрэмж төрсөн учраас гэнэт шийдсэн.
Тоглолтдоо маш олон дуугаа дуулмаар байгаа ч цаг хязгаартай учраас 35 орчмыг нь дуулах байх. Зөвхөн би дуулахгүй, дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, Л.Ган-Эрдэнэ, Т.Солонго, Б.Анхбаяр, Наки зэрэг олон уран бүтээлч оролцоно. Эргээд бодоход, 29 жил дуулсан хэрнээ надад тийм ч олон клип, CD байхгүй юм билээ. Ер нь тоонд нэг их ач холбогдол өгдөггүй төрлийн хүн дээ.
Энэ хугацаанд дэлхийд тархсан монголчууддаа боломжоороо очиж тоглолт хийлээ. Монгол орноо тойрсон аялан тоглолтууд ч олон хийсэн. Эмэгтэй хүн, ээж хүний хувьд зэрэгцээд амьдралаа цэгцэлж, бүүвэйн дууны судалгаа хийгээд магистрын зэрэг ч хамгааллаа.
-Нэгэн үе Селигүй тоглолт тоглолт биш гэгдтэл таны дуулсан дуу бүхэн хит болж байсан. Өдөр бүр шахамшинэ залуу дуучин ар араасаа гарч ирж буй энэ үед өөрийгөө өрсөлдөөн дунд хамт сорих хүсэл эрмэлзэл танд одоо байдаг уу?
-Уран бүтээлч хүн мэдээж дотроо сайн бүтээл хийхийн төлөө асаж бадарч л явдаг. Олон жилийн өмнө дуулж байсан 20, 25 настай Сэрчмаа миний дотор одоо ч яг хэвээрээ. Гэхдээ шинэ үеийнхэнтэйгээ өрсөлдөх нь хаашаа юм. Хүн бүр дахин давтагдашгүй хувь ертөнц учраас бид өөрсдийн замаараа явна.
Ерөөсөө бага байхын л би нэг тийм тайван, хэзээнээсээ дүүрэн “цатгалан” мэдрэмжтэй охин байсан. Энэ маань тоглолтоо хийчихлээ, тэр минь ийм гоё клип хийсэн байна, би яах вэ гэж уралдаж, барьцаж яваагүй. Аав, ээж минь биднийг дандаа “Болно доо, хүүхдүүд минь” гэдэг.
Үнэхээр ч өнөөдөр би ард олныхоо хайраар сайхан яваа. Хэдийгээр би өрх толгойлсон ээж ч гэлээ өдий зэрэгтэй яваа нь ард түмнийхээ хайр энэрэлд тэтгэгдээд эрч хүчтэй, тэнхээтэй байдаг болов уу. Хаана ч очсон хүндлэлтэй байдаг нь урлагийн буян. Мөн эгч нар маань надтай ойр байж, ийш тийшээ тоглолтоор явахад хүүхдүүдийг минь харж, байнга л хайр халамжаараа бид гурвыг дэмнэдэг.
-Сэрчмаагаар дуугаа дуулуулъя гэсэн уран бүтээлч өчнөөн байж таарна. Шүлэг, аялгуугаа бариад ирсэн шинэ уран бүтээлчийн дууг таалагдахгүй байвал буцаадаг уу, эсвэл сэтгэлийг нь бодоод “нэг дуулаад үзье” гэдэг тохиолдол байх уу?
-Манай рок попынхон намайг нинжин сэтгэлтэй гэж мэднэ дээ. Гэхдээ уран бүтээл дээр тэгж хандаж болохгүй. Надад өөрийн тогтсон хоолой, хэв маяг, арга барил, дүрэм бий. Өөртөө тохирохгүй дууг би амилуулж чадахгүй, тэр хүний уран бүтээлийг ч хайран болгоно. Тиймээс “Уучлаарай, сайхан дуу байна. Гэхдээ эрэгтэй хүн, эсвэл арай өтгөн хоолойтой эмэгтэй дуулбал зохих юм байна” гээд шударгаар хэлээд, чиглүүлээд өгдөг. Нэг залуу хөгжмийн зохиолч надад дуугаа хоёр, гурван удаа шинэчилж авчирсан удаатай. Урмыг нь хугалаад байгаадаа санаа зовсон ч миний дуулах дуу биш байсан учраас уйгагүй буцаасан.

-Та 21 настайдаа анхны тоглолтоо хийсэн байх аа. Сонин бүрд таны цагаан хослол, малгайтай зураг, мэдээ гараад л. Тэр үеийн Сэрчмаа одоогийн таныг хараад юугаар нь бахархах байсан бол?
-Анхны тоглолтоо хийж байсан Сэрчмаа юу ч мэдэхгүй, сахилгагүй охин байлаа. Зохион байгуулагчид маань тайзны ард надад "Ямар ч хүн ирээгүй байна" гээд анх шоконд оруулсан. “Гурав, дөрөвхөн хүн ирсэн ч гэлээ үзэгчдээ хүндлээд тоглохоос аргагүй” гэхэд нь толгой эргээд чичирч сандраад тайзан дээр гартал алхдаг шатаар нь хүртэл хүмүүс пиг дүүрэн сууж байсан.
Тэр үеэс хойш өөрчлөгдсөн зүйл гэвэл ээж болж, илүү энэрэнгүй зөөлөн, юмыг наанатай цаанатай боддог, хүнийг уучилж сурсан юм болов уу.
Намайг мэргэжлийн урлагийн сургуульд оруулахыг санал болгосон ятгачин, Гавьяат жүжигчин Б.Мөнх-Эрдэнэ эгчдээ их баярлаж явдгаа хэлье. Тэр үед манайхнаас урлагийн хүн байгаагүй учраас ээж, аав маань эргэлзэж байсан юм. Уншиж, бичиж ч мэдэхгүй зургаа, долоохон настай охин аавыгаа дагаж очоод орос, буриад, монгол багш нарт шалгуулж тэнцсэн дээ. Өнөөдрийг хүртэл надтай салшгүй хамт байсан зүйл бол дуу хөгжим.
-Ямар ч хүнд хэцүү үед охидоо бодоод л өндийн босдог-
-Таныг хоёр охинтой гэж сонссон. Том охин тань сая клипэнд тоглож, авьяас, гоо үзэсгэлэнг нь шагшиж байна лээ. Та гурвын нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг вэ?
-Бусдын л адил хичээл сургууль, бэлтгэл, давтлага гээд завгүй гэр бүл. Миний хувьд аавын ч, ээжийн ч үүргийг давхар гүйцэтгэдэг учраас охидоо аль аль талын хайраар дутаахгүй байхыг хичээдэг. “Дутуугийн комплекс” гэж айхтар юм байна шүү дээ. Охидоо би урлагийн сургуульд оруулаагүй. Мэргэжлийн сургуулийн дэг жаяг, сахилга бат нэлээд чанга болохоор халширсан. Яагаад гэхээр би өөрөө багадаа өдөржин завгүй, байрныхаа хүүхдүүдийг ч таньдаггүй, гадаа тоглож бараг үзээгүй. Тиймээс охидоо урлагаас хол, хэлний сургуульд оруулсан. Гэсэн ч ген өвлөгддөг юм байна. Том охин маань гитар, бөмбөр өөрөө л тоглож сурсан. Альтернатив урсгалаар дуулдаг амьд хөгжмийн хамтлаг байгуулаад гоцлол дуучин нь болсон. Манай ангийн хүүхэд, "Алтан ураг" хамтлагийн Чимидээ продюсерээр нь ажиллаж байгаад их баярладаг.
Бага охин маань бас дуулах дуртай. Альфа үеийнхэн K-pop сонсоод, "TikTok"-оос юм үзээд л, хичээлдээ маш хариуцлагатай ханддаг нухацтай. Нэг л аав, ээжийн хүүхдүүд мөртлөө өөр өөр зан араншинтай байдаг. Бага маань их зарчимч. Хэлсэндээ заавал хүрнэ, хийх ёстой бол заавал хийнэ. Тиймээс охиноо том болоод өмгөөлөгч, нярайн эмч ч юм уу, бусдын төлөө хариуцлагатай ажил хийх байх гэж хардаг. Хүмүүс сүүлийн үед сүнсэн бие, хөгшин, залуу сүнс гэж ярих болсон. Тэр талаас нь харвал бага маань нэлээд хөгшин сүнстэй хүн байх аа (инээв).
-Авьяастай, дээрээс нь гоо үзэсгэлэнтэй төрөх нь бурхны бэлэг. Нөгөө талаараа бас бусдын нүдэнд хамгийн түрүүнд өртөж, өөлөх, буруутгах шалтгаан ч болдгийг та биеэрээ туулж яваа. Даахаас өөр аргагүй энэ том “ачааны” тухай охиндоо юу гэж захидаг вэ?
-Энэ талаар том охиндоо нарийн тайлбарлаж амжаагүй байсан юм. Саяхан бид гэртээ хоол идэж байгаад охиноосоо “Чи ээжийнхээ ямар дуунд дуртай вэ” гэтэл “Хаа ч цуг” гэхээр нь хоёулаа зүгээр л хөгжмийг нь дагаад"Хаа ч цуг" дуугаа дуулж, богино бичлэг хийснээ өөрийнхөө цахим хуудсанд оруулчихлаа. Гэнэт сайт, пэйжүүдтэрийг түгээгээд, нэлээд тараачихсан.
Магтах нь магтаж, муулах нь муулаад, олон нийт угаасаа л тэгдэг шүү дээ. Гэхдээ зарим хүн үнэхээр хатуу, харгис юм билээ. Өөрсдөө охингүй юм шиг, өөрсдөө залуу байгаагүй юм шиг, хүний үрийг “жаахан хүүхэд” гэж ч бодолгүй дайрсан.
Сүүлдээ охин маань шоконд ороод хэдэн өдөр сургуульдаа ч явж чадахаа больсон. Тэр үед би “Ээж нь яг чиний насан дээр л олны танил болж байсан. Олон түмэн хүнийг бүгдээрээ магтаад сайшаагаад байхгүй. Муулах нь муулна. Тэр болгонд нугарахгүй, сэтгэлийн хаттай байх ёстой шүү" гэж учирласан.
Охин маань ойлгосон байх аа. Сая есдүгээр сард 16 нас хүрээд иргэний үнэмлэхээ авсан охиноо харахад толинд өөрийгөө харж байгаа юм шиг л санагддаг.
-Сошиалд хэд хэдэн удаа хүчтэй дарамтад өртөж байсан. Тэр үед таныг тайтгаруулж тэвэрсэн хүмүүс хэн байв?
-Хамгийн халуун дулаанаар тэвэрсэн хүмүүс мэдээж охид минь. Уулын мод урт богинотой, амьдралын өнгө хар цагаантай. Нийгмийн сүлжээнд хүмүүст зэмлүүлэхдээ зэмлүүлж, аргадуулахдаа аргадуулдаг даа. "Сэтгэлийн тэнхээтэй байгаарай" гэж бичсэн эмэгтэйчүүд зөндөө байсан. Ээжүүд л бие биеэ ойлгодог юм байна лээ. Загнах нь ч ээжүүд, хайрлах нь ч ээжүүд байсан. Заримдаа ч ганцаардана, давчдана. Тэр бүхнийг давахдаа хоёр охины ээж хүн шүү гэдгээ л бодож босож ирдэг. Миний хувьд хар залуугаасаа янз бүрийн хэвлэлээр элдэв дайралтад өртсөөр байгаад сэтгэл зүйн дархлаа ч гайгүй тогтчихсон.
-Та өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хөгжилтэй хүн шиг санагддаг.
-Хошин шогийн мэдрэмжтэй гэх юм уу. Багын л тийм хүүхэд байсан. Би фэйсбүүкт “Sally’s comedy” гээд инээдмийн группийг байгуулж, удирддаг. Манайх 140 мянга орчим гишүүнтэй. Модератор, админууд маань бүгд сэтгэлээрээ, бусдад инээд бэлэглэхийн төлөө үнэт цагаа зориулдаг. Гадуур явахад зарим хүн "Админаа" гээд дуудахаар дотно санагддаг. Гэхдээ биднийг байнга инээж маазарсан хэдэн маанаг нөхөд гэж бодож болохгүй.
Хэлдэггүй л болохоос манай “Sally’s comedy”-гийнхон өнгөрсөн хугацаанд цөөнгүй хүмүүст тусалж ирсэн. Нэг эмэгтэйд таван ханатай гэр аваад өгсөн. Хорт хавдартай хоёр эмэгтэйн эмчилгээнд зориулж мөнгө цуглуулж хандивласан.
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн багачуудад Хүүхдийн баяраар бэлэг өгцгөөхөөс эхлээд Шинэ жилээрээ хүртэл бусдад тустай юу хийх үү гээд л бүгд тал талаас идэвхтэй ажилладаг.
-Н.Батцэцэг эгчийн хариу нэхээгүй хайр, халуун дулаан үгийг сонсоод шууд хайлж урссан-
- Охидынхоо аавтай ямар харилцаатай байдаг вэ. Хүүхдүүдийнх нь аав баян юм чинь юугаар дутах вэ гэж хардаг хүмүүс ч бий. Аавтай нь уулзуулдаг уу?
-Охид маань аавтайгаа дуртай үедээ уулздаг. Аавтайгаа уулзахыг нь би зөвшөөрдөг. Салсан юм чинь уулзуулахгүй гээд аавынх нь ч эрхийг хааж боож, хүүхдэд аавгүй юм шиг мэдрэмж төрүүлбэл түүн шиг муухай юм үгүй. Энэ тал дээр маш хатуу байр суурьтай байдаг ээжүүдийг “Үр хүүхдүүдийнхээ төлөө уучилж байгаарай. Хүүхдүүд чинь аавтай байх хэрэгтэй, аавтайгаа байх эрхтэй” гэж хэлмээр захимаар санагддаг.
Түүнээс бол бид олон жилийн өмнө салсан учраас одоо хүүхдүүдээсээ өөр ямар ч шалтгаанаар уулзахгүй. Би тэр хүнээс гуйдаггүй. Тэр хүн ч намайг мэднэ. Монгол эмэгтэй хүнд нэг тийм бардам зан байдаг даа. Би болгоно, бүтнэ, чадна гэсэн. Олон түмнийхээ ачаар дуугаараа, уран бүтээлээрээ бид болцгоож л байна. Зундаа хүүхдүүдтэйгээ орон нутгаар аялах, өвөлдөө утаанаас холдож, дулаахан оронд очиж дурсамж бүтээхийн төлөө мөнгөө цуглуулдаг.
-Та болзоонд хэр их явж байна вэ?
-Болзоонд явах завгүй л байна. Гэхдээ заримдаа болзоонд явах ёстой шүү дээ. Охидтойгоо, найзуудтайгаа болзоно. Эмэгтэй хүн гоё кино үзэж, гоё хоол идэж болно. Дээр үед шар сонингийнхон намайг нэг хүнтэй ажил яриад уулзахад л “нууц амраг” нь гээд биччихдэг байлаа. 20 хүрээгүй хүүхэд юугаа ч мэдэхгүй. Тухайн үед надаас илүү аав, ээж минь их бухимдана.
Аав маань “Редакц руу нь очиж хэлнэ” гээд уурладаг сан. Тэгэхээр нь би "Аав аа, угаасаа худлаа нь ойлгомжтой шүү дээ. Түүний оронд нэг шинэ уран бүтээл гаргахыг бодъё оо" л гэдэг байлаа. Тэр үед нөгөө хүмүүсээсээ бол дотроо санаа зовдог байсан. Одоо бол би юунаас ч айхгүй, хэнээс ч ичихгүй, тийм шаардлага надад алга. Хүнтэй уулзахдаа би VIP өрөөнд ордоггүй.
-Сэрчмаагүй сонин сонин биш л байсан даа. Таны ачаар олон газар, олон хүн хоолтойгоо залгадаг байсан байх шүү.
-“Алтан микрофон” наадмын "Хэвлэлийн баатар" цолтой хүн шүү дээ, би. Нээрээ л олон сонины борлуулалтад хувь нэмэр оруулсан байх аа.
-Хүний амьдралд гарз, золиос ч, аз хувь хишиг ч ээлжлэн тохиолддог. Таны амьдралын хамгийн том гарз юу вэ?
-Хүний амьдралын хамгийн хэцүү зовлонгийн нэг болох ээж, аавыгаа алдах. 2012 онд ээжийгээ, 2019 онд аавыгаа алдсан. Ээжийг өнгөрсний дараа аав маань ганцаардаад, ханиа их санасан байх. Үр хүүхдүүд нь яаж л ханийнх нь дайтай байх вэ дээ. Манай бага охиныг төрөхөд аав минь “охиндоо дэм болно оо” гэдэг байлаа.
2019 онд би Монгол орноо тойрох аялан тоглолтоор Ховд аймаг руу явахад аав маань намайг онгоцны буудал хүртэл гаргаж өгсөн юм. Тэгээд Ховдод байхад эгч маань "Аав утсаа авахгүй байна" гээд залгасан. Би зөн совинтой хүн. Яагаад ч юм аавыгаа их мэдрээд байсан. Эгчдээ хаалгыг нь ч хамаагүй нээлгээд ор гэсэн. Харин эгч маань очсон чинь аав маань суугаагаараа бурхан болчихсон байсан. Ямар ч өвчин хуучгүй хүн зул бөхөх шиг л жаргачихсан даа.
-Зарим эмэгтэй хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байгаад, нэг мэдэхэд “миний амьдрал нээрээ яалаа” гэж бодсоноо ярьдаг. Эмэгтэй хүн хүчтэй байх нь дээр үү, ойр дотныхондоо сэтгэлээ уудлаад хөнгөлөх ёстой юм болов уу?
-Хөнгөлөөд хэлэх нь л зөв гэж боддог. Нулимс байвал нулимсаа гаргаад, хэлэх үг байвал хэлээд. Эмэгтэйчүүд маань битгий дотогшоо байгаасай. Гэхдээ зовлонг чинь сонсоод дотроо инээх хүн ч бий. Зовлонг чинь үнэн сэтгэлээр ойлгох хүндээ хэлэх нь зөв. Учир нь хүний сав дүүрдэг юм билээ. Түүнээсээ жоохон ч гэсэн уудлахаар дотор онгойдог. Би ч уйлмаар үедээ уйлчихдаг.
Өнөөдөр өглөө гэхэд Ардын жүжигчин Батцэцэг эгч маань Америкаас миний тоглолтод зориулаад богино бичлэг хийсэн байсныг үзээд асгартлаа уйлсан. “Манай Сэрчмаа “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” киноны дууг маань дуулсан, миний охин чинь үнэхээр хөөрхөн сэтгэлээрээ юм шүү” ээжүүдийг тоглолт ирж үзэхийг уриалсан байна лээ. Өөрөө Америкт байгаа ч тасалбараа заавал авна гэсэн. Тэр хүний халуун сэтгэл, тэр үгэнд нь би уяраад, цаанаасаа сад тавиад байгаа болохоос өөрийгөө өрөвдөж уйлаагүй байхгүй юү. Ээж, аавгүй болохоороо ч тэр юм уу, Н.Батцэцэг эгчийнхээ хайранд баярлаад өөрийн эрхгүй нулимс урсаад байсан. Хүн заавал үнэтэй бэлгэнд баярладаггүй. Чин сэтгэлийн нэг үг, нэг үйлдэлд л баярладаг юм байна.

-Нэгнээ урж тасдахад бэлэн харгис, хүйтэн нийгэмд хэн нэгнээс сэтгэлд таатай үг сонсоход л хүн сэргэдэг учраас бусдад урам дэм өгөх сайхан үгэнд л харамч битгий байгаарай гэж Урианхай найрагч байнга захидаг сан.
-Үгээр хүнийг үхүүлж ч болно, амьдруулж сэхээж ч чадна гэдэг үнэн. Би ч гэлтгүй, олны танил хүмүүс ер нь элдэв хэл ам, дайралтад өртөж, доромжлуулсаар байгаад зарим нь дөжирдөг, зарим нь өөрсдийгөө ган төмрөөр цутгачихсан юм шиг дотроо бат бөх хэрэм босгочихдог байх.
Миний дотор ч гэсэн өнгийгөөд харвал, эсвэл сүнсэн биеэ гаднаас төсөөлөөд харж болдог бол ган төмрөөр цутгасан юм шиг нугаршгүй Сэрчмаа байгаа шиг санагддаг. Угийн уг дахь зүйлээ дараад, тэсээд явч байгаад гэнэт хариу нэхээгүй хайр, халуун дулаан үг сонсоод шууд хайлж урссан хэрэг байх.
-Таны аав, ээж аль нутаг усных билээ? Нутаг орныхонтойгоо хэр холбоотой байдаг вэ?
-Аав маань Архангайн, ээж маань Булганы хүн. Хэдэн жилийн өмнө Монгол орноо тойрох тоглолтын үеэр Архангайнхан маань сайхан хүлээж аваад, аймгийн төвд хоёр удаа тоглолт хийсэн. Санал тавьсны дагуу Ахмадын баяраар сумдад нь очиж нэмэлт тоглолт хийгээд ирсэн. Булганд ч тоглолт маань амжилттай болсон. Ээжийн маань сумын 100 жилийн ойн нээлтийг хийж, бүх арга хэмжээнд нь оролцсон. Аав ээжийнхээ төрсөн нутгаас эрч хүч авъя гээд жил бүр очдог. Хаана ч очсон ер нь манай хөдөөнийхөн урлагийн биднийг маш сайхан хүлээж авдаг даа.
-Эмэгтэй хүн дотоод гоо сайхнаа, энергиэ цэвэр тунгалаг хэвээр авч явах л чухал -
-Хошин маягаар нэг асуулт асууя. Маргаашнаас дуулж чадахгүй болчихлоо гэж бодоход та нийгэмд ямар дүрээр гарч ирэх вэ?
-Юу хийж хоолоо олж идэх байсан бол гэж төсөөлье. Магадгүй зураг зурах байх. Би зураг зурах их дуртай. Хийл хөгжмөө, нар сарыг зурж байсан. Гэрэл сүүдэр харж, натур зурах дуртай. Зураг зурах нь стрессийг тайлдаг. Эсвэл аялал жуулчлал, сэтгэл судлал гэх мэт чиглэлээр сураад өөр мэргэжилтэй болох байх. Ер нь аль ч салбарт нэг их унахгүй, хоолоо олоод идчихнэ гэж бодож байна (инээв).
-Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Таныхаар ямар эмэгтэй хамгийн гоо сайхан байдаг вэ?
-Эмэгтэй хүний гоо сайхан дотроосоо гэрэлтэж байх ёстой. Дээрээс нь эрүүл байх хэрэгтэй. Гоё нүд, хамар, уруул, нарийхан бэлхүүс гэдэг миний хувьд сайхан эмэгтэйн тодотгол биш. Урлагийн хүн болохоор багаасаа мэдрэмжээ учраас чагнаж зургаа дахь мэдрэхүй минь хөгжсөн байж магадгүй. Хүнтэй уулзахдаа би энергиэр нь тухайн хүнийг мэдэрдэг. Зарим хүнтэй хамт байхад цаанаасаа гоё санагддаг, заримаас нь хурдхан холдмоор санагддаг. Дотроосоо гэрэлтсэн, эрүүл, зөв бодолтой, зөв хандлагатай эмэгтэй л хамгийн сайхан.
Миний найзууд ч гэр бүлсэг, үрсэг, нөхөртөө халамжтай эмэгтэйчүүд. Энерги энергиэ татдаг юм болов уу. Заавал миний багын найз учраас сайн найз минь байх ёстой гэж хуваадаггүй. Сүүлд танилцсан ч амьдралын шүүлтүүрээр хүн чанар, хүний мөс нь танигдсан сайн найзууд бий.

-Эмэгтэйчүүдийн хөгшрөлтийг удаашруулж, залуу харагдах гэдэг дон хаа сайгүй газар авлаа. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Хөгшрөлтийг би жамаараа зүйл гэж боддог. Дотоод гоо сайхнаа, энергиэ цэвэр тунгалаг авч явах нь л чухал болоод байна. Тэртээ тэргүй нийгмийн стресс, амьдралын бухимдал бидэнд зөндөө байна. Төлбөрөө төлчихсөн мөртлөө гэнэт цахилгаангүй болчихдог. Би саяхан 10 цаг гэртээ цахилгаангүй суусан. Гэрэл цахилгаан ч, бензин шатахуун ч байхгүй болчихдог. Хэдэн онд амьдарч байгаа юм бэ? Нэг удаа бүр бухимдаад шууд дамжуулалт хийсэн.
Тэр мэт бухимдлыг тайлдаг зүйл нь спорт юм байна. Тиймээс сүүлийн үед би жим, боксоор хичээллэж байгаа. Мундаг спортын мастер, гавьяат дасгалжуулагч нараас суралцаад хамт ажилладаг. Тамирчид хөлсөөрөө бүх стрессээ гаргачихдаг юм байна. Даавар тэнцэж, сэтгэл санаа уужраад гоё болчихдог. Байнга л уйлаад байна гэж үгүй шүү дээ. Тиймээс урлаг, спортоо хослуулж явна.
-Хүний үнэр гэж хэлц монголчуудад байдаг. Сүүлийн үед хүний мөс чанар алга болж, хувирч байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Хүмүүс ашиг сонирхлоор нөхөрлөдөг цаг үе болчхож. Тийм хүн нэг хоёр үйлдэл дээр л мэдэгддэг. Миний хажуунаас шүүгдээд яваад өгдөг. Удаан хугацааны нөхөрлөл шал өөр. Нэг талаараа энэ нийгэм өөрөө хүний үнэргүй хүмүүсийг бий болгож байна. Тиймээс энэ цаг үед хүн өөртөө л бүх талаар манифест хийж, өөрийнхөө дотоод мөн чанарыг авч үлдэх ёстой юм шиг санагддаг. Сайхан дуу хөгжим сонсох, зүрх сэтгэлээ зөөллөх, йог, бясалгал хийх. Энэ бүхэн хүнийг энэрэнгүй зөөлөн, байгалийн төрөлх зөн, анхны өгөгдлөөр нь байлгаж, хэт зэрлэгшүүлэхгүй тэнцвэржүүлдэг болов уу.
-Зарим хүн та нар шиг мөнгө, цаг завтай биш гэж ярьдаг. Гэтэл хүсвэл гэртээ онлайнаар ч үүнийг хийж болно шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Харах өнцөг чухал. Юм бүхэн хоёр талтай. Заавал ийм байх ёстой гэж биш, ингэвэл дээр шүү л гэж хэлж байгаа юм биш. Ямар ч байсан хүмүүс эхлээд өөрийнхөө төлөө, үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ төлөө сайн сайхны зүг, зөвд, гэрэлд тэмүүлж амьдарвал сайхан шүү дээ. Зөвийн төлөө, зөвт хүн байхын төлөө амьдрах нь хамгийн зөв гэж аав, ээж минь сургадаг байлаа.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахим орчинд хүмүүс хүний үр хүүхдийг хүртэл хайр гамгүй дайрдаг болсон нь үнэхээр харамсалтай
Би Сэрчмааг танихгүй.
Гэхдээ маш гэгээлэг ,цайлган сэтгэлтэй, эсэн бусын зан хэзээ ч гаргахгүй охин гэж анхнаасаа санагддаг.
Хүний амьдрал урт юм шиг мөртлөө маш богинохон.
Ээж ,аав хоёр нь бурхан болчихсон юм байна.
Хэний ч бай охин үр үр дүү дайрч давшлах бол хамгийн адгийн хүнээс гардаг увайгүй зан байдаг гэж бүгд мэдэх ёстой шүү!!!
С.Сэрчмаа Танд эрүүл энх ,аз жаргал л хүсье
Хүний амьдрал олон дайралт, хэл амтай байсан ч өөрийнхөөрөө тэвчээртэй яваа нь мундаг юм
Ohiodoo orh tolgoilson eej gsed l zutgej yavaa hun shuu dee, hundetgel uzuulmeer bna
Улаанбаатар хотынхоо амьдрал дунд урлаг соёл яриад яваа уран бүтээлчдэд амжилт хүсье
Хоёр охиноо гадаад хэлний сургуульд өгөөд, аавынх нь эрхийг хаахгүй гэж бодож явдаг нь зөв ухаан
Дуучин С.Серчмаагийн ярианаас амьдралын ухаан, тэвчээр хатуужил маш сайн харагдаж байна
Duuchin S.Serchmaa 29 jil duulsan ch gsen odoo hurtel zaluuaraa, saihan hevteegeer l bna shd
Улаанбаатар хотод болох Эрх саран тоглолтоо Аса аренад хийнэ гэдэг чинь бас л нэг том шоу болно доо
Altanh Microphone-n Hevleliin baatartai hun shuu dээ gsed l uuriiguu zorigtoi helj bna
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
Sanal asuulga ntr gsn chin zver l ard tumnii anhaarlig uur tiish ni tahih gsen zarlag
Ene 3 ih nayd tugrugni asuudal bol zver l 2027 onii uls toriin tom zokhioldol bna
Улаанбаатар хотын амьдралын стрессийг спорт болон жимээр гардаг гэдэг нь маш зөв арга
Oyu tolgoi-n asuudal bol zver l 17 jil yarij bgaad say l amjilt oldson nertei yum
Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd
Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog
хүүхдээ олны өмнө гаргаж сэтгэл зүйг нь үймүүлж яах гэсиын бэ.ямбийсан яажийсан хачин юмнууд дэлгэцийн араас муулж таашаал авдаг байхгүй юу.тэр хүн хувийн амьдралынхаа өс хорслыг тэгж тайлдаг байх шүү.Хүүхдээ хайрлаж далд байлгах хэрэгтэй
Утас чинь хэвээрээ юу. Нэг уулзах юмсаан