Патрик Стюарт: Жан-Люк бол миний жүжигчний карьерын хамгийн чухал дүр
“Star Trek: The Next Generation” цувралд ахмад Жан-Люк Пикард, “X-Men” кино франчайзын профессор Чарльз Ксавьерийн дүрийг бүтээснээрээ олонд танигдсан Их Британийн алдарт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө. 2010 онд хатан хаан II Элизабет жүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд “Sir” цол оноосон юм.
Патрик 18 насандаа кино урлагийн салбарт хөл тавьж, 1960-аад оноос “Royal Shakespear Company”-гийн гишүүний хувьд театрын тайзнаа амжилт олсон юм. Тэрээр 1987-1994 онд гарсан “Star Trek: The Next Generation” телевизийн цувралд тоглосноороо дэлхий дахин танигдсан. “Star Trek” нь уран зөгнөлт жанрын хамгийн алдартай цувралуудын нэг билээ. Тэрээр 2000 онд гарч эхэлсэн “X-Men” цувралын эхний ангиас эхлээд 2022 онд гарсан “Doctor Strange in the Multiverse of Madness” кинонд профессор Чарльз Ксавьерийн дүрийг бүтээсэн.
Тэрээр хамгийн сүүлд “TV Insider” сэтгүүлд “Star Trek” цувралын 60 жилийн ойн баярыг тохиолдуулан ярилцлага өгчээ. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.
TV Insider: -“Star Trek” цувралын 60 жилийн ой, “The Next Generation” цувралын 40 жилийн ой, “Picard” цувралын зургаан жилийн ойг тэмдэглэх тухай бид энд ярьж суугаа нь танд хэр сюрреал санагдаж байна вэ?
Патрик Стюарт: -Энэ ойн баярууд үнэхээр итгэмээргүй, хачирхалтай санагддаг. Гэхдээ “The Next Generation” цувралын 40 жилийн ой бол онцгой дурсамжтай тохиолдол. “Paramount” студийн зураг авалтын талбайд анх машинаар очсон өдрөө өчигдөрхөн болсон мэт тод санадаг.
-Хэрэв та Жан-Люк Пикардын дүрийг үнэхээр сүүлчийн удаа бүтээсэн гэж үзвэл “Picard” цувралын төгсгөлийн анги болох “The Last Generation”-ы сүүлчийн хэсэгт дүрийнхээ түүхийг өндөрлүүлсэн байдалдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-“The Next Generation” цувралын төгсгөлийн анги болох “All Good Things…”-ийн сүүлчийн хэсэг үнэхээр сайхан үдэлт шиг санагддаг. Гэхдээ цуврал дууссаны дараа бид хэд хэдэн бүрэн хэмжээний кино хийсэн шүү дээ. “Nemesis” кинонд тоглосноо Жан-Люк Пикардын дүрийг сүүлийн удаа бүтээсэн явдал гэж бодож байлаа. Гэтэл удалгүй “Picard” цуврал гарч ирсэн. Тэр цувралын төгсгөлд би маш сэтгэл хангалуун байдаг.

-“Picard” цувралын анхны төлөвлөгөөнд “The Next Generation”-ы жүжигчдийн ихэнхийг оролцуулахгүй байхаар тусгасан байсан. Тэдэнтэй нэг удаа уулзахдаа энэ талаар жүжигчдэд хэлж байжээ. Тэр төлөвлөгөө ямар учраас өөрчлөгдсөн бэ. Мөн гуравдугаар бүлэгт тэднийг эргэн оролцуулсан нь ямар байдлаар амжилттай болсон гэж боддог вэ?
-“Picard” цувралын зохиолч, продюсеруудын зөвлөгөөг сонссондоо би үнэхээр баяртай байдаг. Сүүлийн бүлэгт бүх жүжигчдийг эргэн нэгтгэсэн нь бидний хувьд асар их баяр баясгалан, сэтгэл ханамж авчирсан зүйл болсон. Тэд бүгдээрээ миний хувьд дотнын найзууд. Мөн авьяаслаг, ур чадвартай уран бүтээлчид юм.
-Таны эхнэр Санни Озелл “Picard” цувралын хоёрдугаар бүлгийн “Monsters” ангид шөнийн клубийн хэсэгт дуулсан. Түүний дуучны ертөнц, таны жүжигчний ертөнц болон “Star Trek”н нэг дор огтлолцохыг харах ямар байсан бэ. Эхнэрээрээ бахархах сэтгэл хэр их төрсөн бол?
-Энэ санааг би өөрөө гаргасан ч болоосой гэж боддог. Үнэндээ цувралын гүйцэтгэх продюсер Акива Голдсман, Терри Маталас нар санал болгосон юм. Санни болон түүний хамтлагийнхан уг хэсгийн зураг авалтад оролцох өдөр кино багийнхан намайг ажилла гэж дуудаагүй. Гэсэн ч би Санниг зураг авалтын талбай дээр ажиллаж байгааг харахыг нь хүсэж байсан тул шууд очсон. Түүний уран бүтээл надад үргэлж киноны хөгжим шиг санагддаг байсан. Тиймээс тэр ангийн агуулга, уур амьсгалтай үнэхээр гайхалтай зохицсон.
-Олон жилийн өмнө та ахмад Пикард болон “The Next Generation” цуврал таны жүжигчний замналд саад болж, нэр хүндэд тань сүүдэр тусгаж мэдэх талаар олон нийтэд ил тод санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан. Өдий жил өнгөрсний дараа, мөн “Picard” цуврал ч дууссан энэ үед уг дүр болон “Star Trek” таны амьдрал, уран бүтээлийн замналд ямар байр суурь эзэлдэг вэ?
-Ямар ч эргэлзээгүй, Жан-Люк бол миний жүжигчний карьерын хамгийн чухал дүр. Кино урлагийн түүхэнд үлдсэн ийм томоохон франчайзын нэг хэсэг болох боломж олдсонд би үргэлж талархаж явах болно.

-“The Next Generation” цуврал эхэлж байх үед “Star Trek”-ийн ахмад жүжигчид гэвэл та болон Уильям Шатнер л байлаа. Харин түүнээс хойш таны халааг авсан жүжигчдийг харах ямар байдаг вэ. Тэдэнтэй хамтран ажиллах, эсвэл шүтэн бишрэгчидтэй хийх уулзалт болон арга хэмжээний үеэр таарч байсан байх?
-“Star Trek” болон тус цувралыг эрхэмлэдэг үнэт зүйлсийн хүч өнөөдрийг хүртэл хадгалагдаж, шинэ үеийн үзэгчдэд хүрсээр байна. Тиймээс энэ түүхээс сэдэвлэсэн шинэ цуврал, шинэ хувилбар бүрийг би үргэлж дэмжиж байх болно. Эдгээр түүхийг шинэ өнцгөөс өгүүлэх өөр өөрийн дуу хоолойтой уран бүтээлчид байх нь туйлын чухал. “Star Trek”-ийн энэ том гэр бүлийн шинэ гишүүнтэй танилцах бүрдээ би баяртай байдаг.
-Леонард Нимойг дэлхийн хамгийн завгүй тэтгэвэрт гарсан хүн хэмээн хошигнон нэрлэдэг байсан. Та ч бас тун завгүй байгаа бололтой. “Avengers: Doomsday” кинонд Профессор Х-ийн дүрд сүүлийн удаа тоглож, саяхан Шекспирийн сонетууд дээр ажилласнаас гадна дуу оруулах ажлууд ч хийж байна. Та ер нь тэтгэвэрт гарсан уу. Ажлаа аажмаар цөөлж байна уу. Эсвэл зөвхөн онцгой сонирхол татсан саналд хариу өгдөг болсон уу. Та амьдралынхаа энэ цаг мөчийг хэр их таашаан өнгөрүүлж байна вэ?
-Надтай нас чацуу бүх жүжигчин л хэлэх байх. Нас ахих тусам бидэнд санал болгох дүрийн тоо улам цөөрдөг. Гэхдээ надад одоо ч сонирхолтой саналууд ирсээр байгаа. Бас шинэ сорилттой тулгарах дуртай хэвээрээ. Тухайлбал, Риз Ахмедын “Bait” нэртэй шинэ, гайхалтай цувралд гахайн толгойд дуу оруулсан маань тийм ажлын нэг байлаа. Би албан ёсоор тэтгэвэрт гарна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би хэзээд, насан туршдаа жүжигчин хэвээрээ байх болно.
Эх сурвалж: TV Insider













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.