Шархирсан өдрүүдэд бууж өгөөгүй шаналант ижий танд БАЯРЛАЛАА

Үхтэл үр харам гэж үгтэй. Газар дээрх ганц үрийнхээ “ард” үлдэж хоцорсон эцэг, эхийн хувьд орчлонгийн нар жаргадаг юм гэнэ лээ.
16-хан настай охиныхоо эрдэнэт амийг бусдын гарт онц хэрцгийгээр алдсан Г.Отгонтуяа бүсгүй хоёр жил дөрвөн сар есөн хоногийн турш өдөр бүр, цаг, хором тутамд ээрсэн “Яагаад” гэдэг асуултынхаа хариуг өнөөдөр (2026.10.30) Улсын дээд шүүхээс авлаа гээд хоолой зангируулан ярьж байна. Цээжиндээ наргүй болж, шархирсан өдрүүдийнх нь тоогоор болдог бол уучлалт гуймаар...
Нийгэмд шударга ёс, хүний эрх, хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын төлөөх цуцашгүй дуу хоолой болж ирсэн тэрбээр Монголын шүүх, хууль хяналтын байгууллагад эцсээ хүртэл итгэн, хөлөө хүрэх газарт хандсан бахархалт ээж.
2024 оны зургаадугаар сараас хойш “шар махтайгаа хатаж” яваа шаналант эхийн гомдол, цөхрөлийг сүүлчийн найдвар нь болсон Улсын дээд шүүхийн эцсийн өнөөдрийн шийдвэр бага ч болов дундалсан биз ээ. Учир нь гол гэмт хэрэгтнийг бүх насаар нь хорих шийдвэрийг УДШ хэвээр үлдээж, анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгагдаад байсан гурван хүний хоёрынх нь гэм буруутай, эсэхийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, өмнөх тогтоолыг хүчингүй болгосон юм.
Хохирогч охины ээж “Би өнөөдөр ганц өөрийн охины төлөө яваагүй. Хүүхэд бүр нийгэмдээ хайрлагдаж, хамгаалагдах ёстой гэсэн үүднээс шударга ёсны төлөө явсан. Энэ хэрэг дээр эхний хуудсаас нь эхлээд өнөөдрийг хүртэл хамт байж, намайг дэмжсэн өмгөөлөгчид болон Монголынхоо ард түмэнд баярлалаа. Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа. Энэ хэрэг дахин хэлэлцэгдэх боллоо. Гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээнэ гэсэн үг” хэмээн ярихад түүний дуу хоолойны өнгөнөөс харуусал, гомдол, цөхрөл, итгэл найдвар аль аль нь мэдрэгдэх.
Энэ хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэтэрхий "хайнга" гарсны бас нэгэн жишээ нь гэхэд сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо хүн амын дундаж наслалтаар тооцсон нь буруу бөгөөд Иргэний хуульд зааснаар 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцох ёстой байсан гэж УДШ үзэн, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ. Энэ бүхэн хөөрхий ээжид ямар хатуу санагддаг байсан бол оо.
Дэндүү харамсалтайгаар охин үрээ алдсан эцэг, эхчүүд өөрсдөд нь тохиолдсон шиг хагацал зовлон бусдад бүү тохиолдоосой гэсэндээ төр, түмэн, хууль цааз, гадаад дотоодгүй эцсээ хүртэл шантрахгүй тэмцэж, бусдад үлгэр дуурайл болсон С.Шаарийбуу гуай шиг, Г.Отгонтуяа бүсгүй шиг хүмүүс “дүлий, хэлгүй, сохор” нийгэмд “шоовдорлогдсон” хүмүүст итгэл найдвар өгдөг шиг ээ. Эцсээ хүртэл бууж өгөөгүй Та бүхэнд БАЯРЛАЛАА.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.