Б.Дашпүрэв: 2028 онд гурван сарын хэрэглээний шатахууны нөөц савнуудаа бүгдийг барьж дуусгана
Монгол Улсад наадмын дараагаас буюу наймдугаар сарын эхээр шатахуун нүдний гэм болсон. Одоог хүртэл ШТС-уудад дараалал арилаагүй, иргэд шатахуун авах гэж хонож буй. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын шатахууны хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн ч түүнийгээ хадгалах нөөц сав нэмж баригдаагүй.
"Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэх үгийг манай дарга нар мартсаны горыг одоо иргэд нь амсаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс шатахууны нэг сарын хэрэглээг л хадгалах савтай. Энэ нь шатахууны дараалал үүсэх, цаашлаад хомсдох эрсдэл үүсгэж буй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож шатахуун хадгалах сав барихаар болсон билээ. Энэ талаар АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвтэй ярилцлаа.
Видео:
-Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 18 аж ахуйн нэгж 22 нөөцийн сав барихаар болж, зургаадугаар сард нээлтээ хийсэн. Наймдугаар сард барилга угсралтын ажил нь 95 хувьтай явж байсан санагдана. Одоо хэдэн нь ашиглалтад орсон байгаа вэ?
-18 аж ахуйн нэгж 22 шатахуун нөөцлөх агуулах сав барихаар Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Тэд агуулахаа өргөтгөх, шинээр сав барих ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ салбар 85 жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд шатахууны хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн ч савны хэмжээ түүнийг дагаж өсөөгүй. Улмаар өнөөдөр бид Монгол Улсын нэг сарын хэрэглээг л хадгалах хүчин чадалтай байна. Сав байхгүйгээс мянга гаруй вагон шатахуунаа буулгаж чадахгүй зогсож байгаа. Ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ буулгаж авч чадахгүй байна. Олон улсад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өссөн. Ийм үед бид Монгол Улсдаа аль болох их нөөц бүрдүүлэхийг хичээж байгаа ч агуулах сав хүрэлцэхгүй бэрхшээлтэй нүүр тулж байна. Улмаар шатахуунтай вагонууд Улаанбаатар төмөр зам дээр зогсож, өөрсдөө агуулахын үүрэг гүйцэтгэж, бүтээгдэхүүнээ буулгаж чадалгүй удсанаар торгууль төлдөг аж ахуйн нэгжүүд хүртэл бий.
-Энэ асуудлыг шийдэхийн тулд 2028 он гэхэд Монгол Улсын гурван сарын хэрэглээний нөөцийг хадгалах агуулах савыг барьж дуусгахаар зорьж ажиллаж байна. Энэ жил нийт 300 мянган шоо метр сав барих төслүүдийг эхлүүлсэн. Үүнээс хоёр, гурван компани байгууламжаа эхнээсээ ашиглалтад оруулж байна. Энэ жил гэхэд 150 мянган шоо метр сав барина гэсэн амлалтыг аж ахуйн нэгжүүдээс авч, гэрээ байгуулсан. Одоо гүйцэтгэлийг нь шахаж ажиллаж байна.
-22 нөөцийн саваа ямар байршлуудыг сонгож барьж байгаа юм. Орон нутгуудад шатахуун хадгалах саваа баривал үнэ буурах давуу талтай шүү дээ. Үүнийг тооцсон болов уу?
-Байршлын хувьд хоёр том зорилго бий. Нэгдүгээрт, улсынхаа гурван сарын хэрэглээний нөөцийг хадгалах. Зах зээлийн монополыг тодорхой хэмжээнд халах. Өнөөдөр 4-5 аж ахуйн нэгж л томоохон агуулах савтай. Бусад компаниуд бойжиж, ил тод байдал бий болох, иргэдэд түгээлт хүрэх, олон эх үүсвэрээс бүтээгдэхүүн татах, нээлттэй өрсөлдөөн үүсэх зайлшгүй шаардлагатай. 18 аж ахуйн нэгж өөрийн савтай болбол импортын хэмжээ, эх үүсвэр нэмэгдэж, үнийн өрсөлдөөн үүсэх нөхцөл ирээдүйд бүрдэнэ гэж үзэж байгаа.
Хоёр дахь зүйл нь таны хэлсэн орон нутаг. Агуулах савгүйгээс орон нутагт шатахуун харьцангуй өндөр үнэтэй байдаг. Тиймээс бүсчилсэн байдлаар сав барьж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 4, Баян-Өлгий аймагт 2, Улаанбаатар хотод 7, Улаанбаатар хотын Рашаант өртөөнд 5, Ховд аймагт 1, Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 1 байршилд сав баригдаж байна. Ингэснээр бүс нутгууд бүтээгдэхүүнээ нөөцөлж зарах, хангамж илүү тогтвортой болох боломж бүрдэнэ.
-Энэ онд 22 нөөцийн савынхаа 50 хувийг ашиглалтад оруулна-

-Энэ жилдээ амжиж хэдэн нөөцийн сав ашиглалтад орох юм?
-Энэ ондоо 150 мянга, ирэх жил үлдсэн 150 мянган шоо метр сав баригдаж ашиглалтад орохоор тооцож байгаа. Ойлгомжтойгоор хэлбэл, энэ онд 22 нөөцийн савынхаа 50 хувийг ашиглалтад оруулна. Үүнээс гадна улсын чанартай нөөцийн агуулах сав барих ажлыг эхлүүлж байна. Рашаант өртөөнд 100 мянган шоо метр агуулах сав барих төслийг олон жилийн өмнө концессын гэрээгээр хэрэгжүүлэх гээд амжилтгүй болсон. Үүнийг Япон улс маш бага хүүтэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барина. Мөн ОБЕГ-ын газар дээр 60 мянган шоо метр агуулах сав барих боломж бий. Онцгой байдлын байгууллага, манайх хоёр нийлээд 160 мянган шоо метр сав барих ажлыг Японы талтай ярилцаж байна.
Уул уурхайн болон төрийн өмчит томоохон компаниуд нөөц бүрдүүлэх, агуулах савны асуудлаа өөрсдийн санхүүжилтээр шийдэх ёстой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд энэ талаар албан даалгавар өгсөн. Аж ахуйн нэгжүүд 32 мянган шоо метр сав барих төслийг эхлүүлээд байсан бол 20 мянган шоо метрийн савыг нэмж эхлүүлсэн. Ингээд энэ жил нийт 52 мянган шоо метр сав барих ажил эхэлж байна. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчит компаниуд аюулгүйн нөөцөө бүрдүүлж, хувийн хэвшил агуулах саваа өргөтгөж, улсын хэмжээнд гурван сарын хэрэглээний нөөц хадгалах зорилттой. Ирэх жил ч шинэ төслүүд хэрэгжинэ. 2027 онд агуулах савны дэмжлэгт 40-50 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг Засгийн газар, Улсын Их хуралд уламжилсан.
-Засгийн газар 18 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгосон. Санхүүжилт нь ерөнхийдөө шийдэгдсэн гэж ойлгож болох уу?
-Шийдэгдсэн. Аж ахуйн нэгжүүд зээлээ арилжааны банкаар дамжуулан өөрсдөө авч байгаа. Банкны зээлийн шаардлагыг хангах, барьцаа хөрөнгөө байршуулах асуудал бүгд арилжааны банканд хамаарна. Компаниуд өөрсдийн боломж, нөхцөлд тулгуурлан зээлээ авч байна. Зээл эргэн төлөгддөг учраас ухаалаг явах ёстой. Тиймээс зээлээ төслийнхөө гүйцэтгэлд суурилж авдаг. Өнөөдрийн байдлаар 19.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй явж байна.
-Энгийн АИ-92 автобензиний үнэ арваннэгдүгээр сард нэмэгдэхгүй-

-Өмнө нь шатахууны нөөцийн савыг яагаад бариагүй юм. Ямар асуудал байсан бэ?
-Төр, засаг шатахууны үнийг тодорхой хэмжээнд барьдаг. Үүнээс болж аж ахуйн нэгжүүдийн орлого хязгаарлагддаг. Ийм нөхцөлд агуулах сав шиг өндөр өртөгтэй дэд бүтэц барих нь компанид хүнд, барьсан ч өртгөө нөхөж чадахгүй байсан. Түүнчлэн 85 жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ хэд дахин өссөн ч агуулах савыг төдийлөн өргөн хэмжээнд бариагүй. Хувийн хэвшил ганц нэг савыг өргөтгөж байсан. Гэхдээ энэ нь нөөцийг тогтвортой бүрдүүлэх боломж олгоогүй. Сүүлийн жилүүдэд төр өөрийн төсвөөр Замын-Үүдэд байдаг шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж буюу төрийн өмчит компанид тодорхой хэмжээний агуулах сав барьсан. Энэ бол зөв бодлогын ажил байсан. Өнөөдөр бид БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн татаж байна. Энэ стратегийн чухал объект саяхан онгоцны түлш дууссан үед ч үүргээ гүйцэтгэсэн. БНХАУ-аас онгоцны түлш, авто бензин, дизель түлш татан авахад хамт олон нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байна.
-Нөөцийн 22 сав дотроо дизель түлш, АИ-92 гэж ангилагдах байх. Хэд нь дизель түлш, хэд нь АИ-92 хадгалах юм?
-Төсөл хэрэгжүүлж дуусгахдаа аль савыг дизель түлшинд, алийг нь авто бензинд ашиглахаа төлөвлөнө. Гэхдээ энэ нь тийм ч сүртэй ялгаа биш. Технологийн хувьд хоёр коллектортой хийгддэг учраас сав хэд ч байж болно. Шаардлагатай үед дизель түлш хадгалж байсан савыг цэвэрлээд авто бензин хийдэг. Авто бензинтэй байсан савыг цэвэрлэж, дизель түлш хадгалах нь ч бий. Тиймээс аль нь бензинийх, аль нь дизелийнх гэсэн хатуу нөхцөл тавигддаггүй.
-Энэ өвөл шатахууны үнэ нэмэгдэх үү?
-Хэдэн жилийн өмнө бид ОХУ-аас тэдний Монгол Улсад нийлүүлэхээр тогтоосон үнээр шатахуун авдаг байсан. Сүүлд БНХАУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, Малайз, Сингапур, Япон зэрэг олон улсаас авах эх үүсвэр нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ-тай үнийн асуудлыг ярилцаж, олон улсын биржийн үнэд суурилж бүтээгдэхүүн авдаг болсон. Олон улсын нөхцөл байдал хүндэрсэн. Ормузын хоолойтой холбоотой асуудал гарсан. Түүнчлэн ОХУ-д дайны улмаас олон боловсруулах үйлдвэр дроны довтолгоонд өртөж, доголдсон. Ийм учраас газрын тос байгаа ч бэлэн бүтээгдэхүүний үнэ түүхэнд байгаагүй түвшинд хүрсэн. Ердийн үед дагалддаг 20-30 хувийн ашигаас 50 хувиар илүү үнэтэй болсон. Тиймээс энэ өвөл үнэ ийм байна гэж хэн ч шууд тодорхойлж чадахгүй. Үнэ сар бүр тогтдог. Олон улсын жишиг ч ийм. Үндсэн төсөөлөл газрын тосны үнэ хэрхэн тогтохоос хамаарна. Ормузын хоолойтой холбоотойгоор газрын тосны үнэ өдөртөө 20–30 доллараар савлаж байгааг та бүхэн олон улсын хэвлэл мэдээллээс харж байгаа байх. Өнөөдрийн байдлаар 11-р сарын үнэ ирсэн. Энгийн АИ-92 автобензиний үнэ нэмэгдэхгүй.
-Шатахууны хангамж хэзээ хэвийн болох вэ?
-Бидний хувьд хамгийн гол нь нөөцөө бүрдүүлэх. 20"30 хоногийн нөөцтэй үед дугаарлалт хэвийн үргэлжлэх боломжтой. Аравдугаар сар дуусах гэж байна. Энэ сард ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Солонгос Улс гэсэн гурван улсаас нийт 88 мянган тонн авто бензин авахаар баталгаажсан. Бид энгийн үед сард 65-70 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс хэрэглээнээсээ гадна тодорхой нөөц үүсгэх боломж байсан. Гэтэл татан авалт удааширсны улмаас сарын хэрэглээг хангах хэмжээний импорт хийгдсэнгүй.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.