НИЙГЭМНийгэм мэдээ

“Сүрлээс соёолсон мөөгний бизнес”

Монголчууд жилд нэг хүнд ногдох хэмжээгээр ердөө 220–230 грамм мөөг хэрэглэдэг бол япончууд 13 орчим килограмм хэрэглэдэг. Импортын мөөгний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр орлуулах зорилго тавьсан энэ салбарт хаягдал сүрлийг хүнсний бүтээгдэхүүн болгон хувиргаж, өрхийн жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлжээ.

Улаанбаатар хотод мөөг тариалдаг хорь орчим өрх бий. Зарим нь үйлдвэрлэлийн зориулалттай том талбайд, зарим нь гараашаа дулаалж, тохижуулаад өвөл, зунгүй ургац авдаг. Тэдний тариалж буй хясаан мөөг байгальд хус модны хожуул дээр ургадаг бол хүлэмжийн нөхцөлд малын тэжээлд төдийлөн тохиромжгүй, хаягдалд тооцогддог улаан буудайн сүрэл дээр ургуулдаг аж.

Ингэж нэг тонн сүрлийг боловсруулан бараг нэг тонн мөөг хураах боломжтой. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн хоёрдогч түүхий эдийг хүнсний бүтээгдэхүүн болгон хувиргаж, нэмүү өртөг шингээж байгаа нь мөөгний үйлдвэрлэлийн нэг онцлог юм.

Энэ салбарт арваад жил ажиллаж, 2018 оноос мөөг тариалах сургалт зохион байгуулж буй “Мөөжиг органик” ХХК-ийн захирал С.Мөнхжаргалтай мөөгний үйлдвэрлэл, хэрэглээ, өрхийн орлого нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.

-Монголчууд мөөгний хэрэглээгээр дэлхийн жишгээс хол хоцорч байна-

Монголчуудын өдөр тутмын хоолны сонголт мах, гурил, будаа, цөөн төрлийн ногооны хүрээнд эргэлдэх нь түгээмэл. Харин шим тэжээлийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ харьцангуй бага байдаг. Үүний нэг жишээ нь мөөг.

Монгол хүн жилд дунджаар 220–230 грамм мөөг хэрэглэдэг. Харин япончуудын жилийн хэрэглээ 13 орчим килограммд хүрдэг байна.

“Хүн ходоодоо цадтал идлээ ч бие организм шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй бол өлссөн хэвээр байдаг. Бидний хоол хүнсний сонголт хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүний хүрээнд эргэлдэж байна. Хүн эрдэс, амин дэмээр хангалттай хооллож байж эрч хүчтэй, бүтээмжтэй ажиллана шүү дээ.

Мөөг бол уураг, эслэг, эрдэс бодис агуулдаг хүнсний бүтээгдэхүүн. Хясаан мөөгний найрлагад кали, магни, төмөр, фосфор зэрэг эрдэс бодис бий. Мөн тослог багатай учраас өдөр тутмын хоол хүнсэндээ нэмэхэд тохиромжтой. Тиймээс мах, ногоо, будаагаар хязгаарлагдахгүйгээр хоолны сонголтоо баяжуулаасай гэж хүсдэг” гэдгтйг С.Мөнхжаргал ярив.

Мөөгийг зөвхөн хуурч, шарж иддэг хүнсний бүтээгдэхүүн гэж ойлгох нь өрөөсгөл. Хатааж борц хийх, нунтаглан хоол амтлагч бэлтгэх, шөл, цуйван, бууз, баншны маханд нэмэх зэргээр олон төрлөөр хэрэглэж болно.

Тухайлбал, “Мөөжиг органик мөөг” компани хураасан мөөгөө ангилан ялгаж, малгай болон ишээр нь салгадаг. Малгайн хэсгийг хатааж мөөгний борц, ишийг нунтаглаж хоол амтлагч үйлдвэрлэдэг байна. Шинэ мөөгийг ресторан, сургууль, өрхийн хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна боловсруулсан бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргажээ.

-Хаягдал сүрлийг баялаг болгож байна-

Хясаан мөөгийг ургуулахад ашигладаг гол түүхий эд нь улаан буудайн сүрэл. Ургац хураалтын дараа үлддэг энэ түүхий эдийг малын тэжээлд төдийлөн ашигладаггүй бөгөөд нэг тонныг нь газар дээрээс ойролцоогоор 600 мянган төгрөгөөр худалдан авдаг аж.

Тус компани сүрлийг хэрчиж, тодорхой хэмжээний хивэг, гөлтгөнө, шохойтой хольж мөөг ургуулах бэлдэц бэлтгэдэг. Дараа нь өндөр температурын уураар ариутгаж, мөөгний үр буюу мицелийг суулгадаг байна. Мицели бэлдэц дотор тархан ургаж, цайран бүрэн нийлэхэд хүлэмжид байрлуулахад бэлэн болдог ажээ.

“Нэг тонн сүрэл гэдэг нэг портер ачаа гэсэн үг. Бид тэр сүрлийг авчраад боловсруулж, уураар ариутган, мөөг ургуулах орчин болгодог. Ингээд нэг тонноос бараг нэг тонн орчим мөөг хураах боломжтой. Зах зээлд хясаан мөөгний килограммыг 25–30 мянган төгрөгөөр борлуулж байна. Хаягдалд тооцогдож байсан түүхий эдийг боловсруулж, хүнсний бүтээгдэхүүн болгож байгаа нь өөрөө томоохон боломж юм.

Бидний хувьд зөвхөн мөөг тариалаад зогсохгүй, түүнийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Ингэснээр түүхий эддээ нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгож байна” хэмээн С.Мөнхжаргал ярилаа.

Тэрбээр мөөг тариалах технологийг хөгжүүлэхдээ сүрлээс гадна модны үртэс, кофены шаар зэрэг төрөл бүрийн түүхий эдийг туршиж иржээ. Тухайлбал, кофены шааранд дэлбэнх мөөг ургуулах туршилтыг амжилттай нэвтрүүлсэн байна.

Мөн 2018 оноос Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран мөөгний субстрат, мицелийн найрлага болон тариалалтын технологийн чиглэлээр судалгаа хийж иржээ.

-Үйлдвэрлэлээс өрхийн орлого хүртэлх сүлжээ-

“Мөөжиг органик мөөг” компани мөөгийг бүхэлд нь өөрийн үйлдвэрт тариалах бус, үрслэг болон бэлдэц бэлтгэх, өрхийн тариаланчдыг сургаж дадлагажуулах, ургацыг нь худалдан авч боловсруулах загвараар ажилладаг.

Тариаланчид эхлээд гэрэл, дулаан, чийгшил, агааржуулалт бүхий тохиромжтой орчноо бүрдүүлнэ. Харин мөөг ургуулах бэлдэцийг компаниас худалдан авч, хүлэмждээ байрлуулан ургуулдаг. Ургацаа хураасны дараа компанид нийлүүлж, цааш нь ангилан савлах, боловсруулах, борлуулах ажлыг төвлөрүүлдэг байна.

Ингэснээр мөөг тариалах явцад технологийн алдаа гаргах эрсдэлтэй үрслэг бэлтгэх ажлыг мэргэжлийн төвлөрсөн орчинд хийж, өрхүүд ургуулах, хураах чиглэлээр ажиллах боломжтой болжээ.

Одоогоор нийслэлд хорь орчим өрх мөөг тариалж байна. Тэдгээрийн зарим нь үйлдвэрийн зориулалттай талбайтай бол зарим нь гараашаа тохижуулан жижиг хүлэмж байгуулжээ.

Тус компани 2018 оноос хойш мөөг тариалах сургалт зохион байгуулж, энэ онд өрхийн анхан шатны тариалалтын чиглэлээр 350 орчим хүнийг сургалтад хамруулсан байна. Сургалтаар мөөгний хүнсний ач холбогдол, субстрат бэлтгэх, мөөг ургуулах, мини хүлэмж байгуулах, ургац хураах, цэвэрлэх, хоёр төрлийн хоол хийхээс гадна түүхий эдийн зардал, өрхийн орлогын тооцоолол хийх арга зүйг заадаг аж.

Сургалтад хамрагдсан хүмүүст гэртээ ургуулах мөөгний бэлдэц бэлэглэж, цаашид үйлдвэрлэлээ тогтвортой үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна.

-24 ам метр гараашид мөөг ургуулах боломжтой-

Мөөг тариалахын тулд заавал томоохон үйлдвэрийн байр шаардлагагүй. Стандартын дагуу дулаалж, гэрэл, чийгшил, агааржуулалтыг нь тохируулсан жижиг талбайд ч ургуулах боломжтой аж.

“Жишээлбэл, 24 ам метр гараашаа өвөл ажиллах боломжтойгоор дулаалаад, дотор талыг нь эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тохижуулж болно. Температурыг нэмэх 10 хэм орчимд тогтвортой барьж, шаардлагатай чийгшил, агааржуулалтыг бүрдүүлж чадвал мөөг ургуулна. Бид энэ бүхнийг сургалтаараа заадаг.

Гэхдээ мөөг тариалах нь зүгээр нэг бэлдэц тавиад ургац хураах ажил биш. Орчны нөхцөл, технологио зөв барих хэрэгтэй. Тиймээс эхлээд суралцаж, туршлага хуримтлуулах нь чухал” хэмээн тэрбээр онцоллоо.

Тус компанийн хувьд өрхийн тариаланчдыг зөвхөн сургалтад хамруулаад орхихгүй, үйлдвэрлэлийн сүлжээндээ нэгтгэхийг зорьдог. Ургуулсан мөөгийг нь худалдан авч, зах зээлд борлуулах боломж бүрдүүлснээр өрхийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх зорилготой.

-Импортын 800 тонн мөөгний хэрэглээнээс 60 тонныг дотооддоо үйлдвэрлэх зорилт-

Монгол Улсад жилд импортоор ойролцоогоор 800 тонн мөөг орж ирдэг гэх тооцоо бий. Харин дотоодын үйлдвэрлэл үүнтэй харьцуулахад бага хэвээр байна.

“Бидний зорилго бол импортоор орж ирж байгаа мөөгний тодорхой хэсгийг дотооддоо үйлдвэрлэх. Одоогоор манай компанийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 15–20 орчим тонн байна. Энэ зуны ажлын үр дүнд арваннэгдүгээр сараас сарын таван тонн ургац хураах хүчин чадалд хүрэхээр ажиллаж байна. Цаашид жилд 60 тонн мөөг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.

Манай төвлөрсөн байранд лаборатори, үрийн лаборатори, үрслэг бэлтгэх, мөөг хүлээн авч ангилах, боловсруулах хэсэг ажилладаг. Эдгээрт ес орчим хүн ажилладаг бол мөөг ургуулах талбайд арваад хүн бий. Ингээд манай үйлдвэрлэлийн өртгийн сүлжээнд нийт хорь орчим хүн ажиллаж байна” гэв.

Тэдний бүтээгдэхүүнээс шинэ мөөг, хатаасан мөөг, нунтаг амтлагч зэрэг бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж байгаа бөгөөд Орчлон сургуульд гурван жилийн турш шинэ мөөг нийлүүлжээ. Тус сургууль бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг шалгасны дараа тогтмол нийлүүлэлтийн гэрээ байгуулсан байна.

Монголчуудын хүнсний хэрэглээнд мөөг төдийлөн түгээмэл биш хэвээр байгаа ч үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, хэрэглээг нь таниулж чадвал дотоодын шинэ салбар болон хөгжих боломжтой. Нэгэн цагт хэрэгцээгүйд тооцогдож байсан сүрэл өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд болж, жижигхэн гарааш өрхийн орлогын эх үүсвэр болж байгаа нь энэ салбарын бодит боломжийг харуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button