Нийгмийн

Амралтын өдрөө сонирхолтой өнгөрүүлэх хотын хөтөч

Амралтын хоёр өдөр гэдэг ажлын ачаалал, өдөр тутмын завгүй амьдралаас түр хөндийрч, өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргах боломж юм. Театрын тайзнаас үлгэрийн баатруудтай учирч, хөгжмийн эгшигт сэтгэлээ баясгаж, үзэсгэлэнгийн танхимаар зочлох эсвэл спортын тэмцээн үзэн догдлол мэдрэх ч амралтыг тань мартагдашгүй болгож ч магад. Тэгвэл энэ сарын 7, 8-ны бямба, ням гарагт Улаанбаатар хотод хаана очиж, юу үзэж сонирхож болох вэ?

-Бяцхан үзэгчдийг үлгэрийн ертөнц хүлээж байна-

Хүүхдийн амралтыг утга учиртай, хөгжилтэй өнгөрүүлэх нэг сонголт бол театрын жүжиг. Дэлгэцийн өмнө олон цаг суухын оронд хүүхдүүдээ театрт дагуулан очиж, тайзнаа амилсан дүрүүд, үйл явдлаар дамжуулан төсөөлөн бодох чадвар, урлагийн мэдрэмжийг нь хөгжүүлэх боломж бий.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрт арваннэгдүгээр сарын 7, 8-нд “Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжиг тоглогдоно. Мөн арваннэгдүгээр сарын 7-ны 15:00 цагт “Аз жаргалтай ханхүү” жүжгийг үзэх боломжтой. Эдгээр нь хүүхдүүдтэйгээ хамт амралтын өдрийг өнгөрүүлэхийг хүссэн гэр бүлүүдэд тохиромжтой сонголт юм.

-K-pop-ийн хэмнэлд нэг үдшийг өнгөрүүлээрэй-

Сүүлийн жилүүдэд Монголд K-pop хөгжмийн сонирхогчдын хүрээ улам өргөжиж, Солонгосын уран бүтээлчдийн дуу, бүжиг, тайзны үзүүлбэрийг даган сонирхох залуус олширсон. Тэгвэл К-попын од Hwasa, R&B дуучин Crush нар Монголд ирж, “K-Pop Masterz” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулана.

Дэлхийн олон оронд зохион байгуулагдсан “K-Pop Masterz” цуврал тоглолт 11-р сарын 7-нд “Буянт Ухаа” цогцолборт болно.

K-pop хөгжмийн эрч хүчтэй хэмнэл, тайзны үзүүлбэрийг мэдрэхийг хүссэн залуус болон найз нөхдийн хүрээллээрээ хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүссэн хүмүүст сонирхолтой сонголт болох нь.

-Үндэсний урлагийн аялгууг мэдрэх нь-

Монголын өв соёл, үндэсний хөгжмийн аялгууг тайзнаас мэдрэхийг хүсвэл ардын урлагийн тоглолтуудыг сонгож болно.

Арваннэгдүгээр сарын 7-ны 16:00 цагт Palazzo Tower-т “HORSE HEAD FIDDLE” ардын урлагийн тоглолт болно. Морин хуурын эгшиг, үндэсний урлагийн онцлогийг нэг дороос мэдрэх боломжтой энэ тоглолтод амралтын өдрийн төлөвлөгөөндөө багтааж болох юм. Мөн ардын урлаг, өв соёлыг харуулсан “NOMADIC LEGEND” тоглолт тухайн өдөр 17:00 цагт Ган зам паласт зохион байгуулагдана.

-Хүч, хурд, авхаалж самбаагаа сорих спортын өдрүүд-

Энэ амралтын өдрүүдэд спорт сонирхогчдод зориулсан хэд хэдэн арга хэмжээ болно.

Арваннэгдүгээр сарын 7-8-нд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын газрын бассейнд 4х4 усан пологийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Усан поло нь усан дотор багийн зохион байгуулалт, хурд, тэсвэр, бөмбөг эзэмших чадварыг хослуулдаг спортын төрөл юм. Уламжлалт усан пологоос ялгаатай 4х4 хэлбэрийн тэмцээн нь тоглогчдын орон зай, хурдан шийдвэр гаргах чадварыг илүү сорьдог онцлогтой.

Харин бөхийн спортыг сонирхдог үзэгчид арваннэгдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох “Алтан цом”-ын төлөөх шилдэг долоон багийн нээлтийн барилдааныг үзэж болно. Мөн арваннэгдүгээр сарын 8-ны 11:00 цагт аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Спортын тэмцээн үзэхээс гадна өөрөө хөдөлгөөнтэй амралт өнгөрүүлэхийг хүсвэл ням гарагт олон нийтийн гүйлтэд нэгдэх боломжтой. “SUNDAY SOCIAL RUN” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 8-ны 11:00-13:00 цагт PARK RIO-д зохион байгуулагдана. Анх удаа гүйж үзэх гэж байгаа хүмүүс ч оролцож болох бөгөөд бүртгэл, оролцоо үнэ төлбөргүй аж.

-Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах үзэсгэлэн-

Энэ амралтын өдрүүдэд мэргэжлийн салбарынхан төдийгүй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхдог хүмүүст зориулсан “HORECA Mongolia Expo 2026” үзэсгэлэн үргэлжилнэ.

Арваннэгдүгээр сарын 6-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь зочид буудал, ресторан, кафе, нийтийн хоол үйлдвэрлэл, катеринг болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгчдийг нэгтгэж байгаагаараа онцлог.

Үзэсгэлэнгийн үеэр салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаас гадна шинэ технологи, менежментийн шийдэл, мэргэжлийн сургалт, амталгаа, хэлэлцүүлэг, энтертайнмент хөтөлбөрүүд зохион байгуулагдана. Тиймээс зөвхөн салбарын мэргэжилтнүүд бус, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлдэг болон шинэ санаа, шийдэл хайж буй хүмүүст ч сонирхолтой байх боломжтой.

-Инээд хөөрөөр амралтын өдрөө чимье-

Өдөр тутмын завгүй амьдралаас түр хөндийрч, инээд хөөрөөр дүүрэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл “БҮГД ИНЭЭХ ДУРТАЙ” инээдмийн энтертаймент шоуг сонгож болно.

Тус шоу арваннэгдүгээр сарын 7-ны 19:00 цагт Соёлын төв өргөөнд тоглогдохоор товлогджээ. Мөн арваннэгдүгээр сарын 7-ны 20:00 цагт Zaisan Hill Event Hall-д “ONE NIGHT” Premium Show болно.

Ийнхүү энэ амралтын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ театр үзэхээс эхлээд спортын тэмцээн сонирхох, шинэ бүтээгдэхүүнтэй танилцах, амьд хөгжмийн болон энтертайнмент тоглолт үзэх гээд сонголт олон байна. Өвлийн улирлын урт оройг гэртээ өнгөрүүлэхийн оронд өөртөө болон гэр бүлдээ зориулсан нэгэн сайхан дурсамж бүтээхэд энэ амралтын өдрүүдийг зориулаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button