УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Ард түмнээ, ард түмний элчийг хаа сайгүй загнаж, дарамтлахын төлөө “Төрийн гурван өндөрлөг” байдаггүй юм

Ардчилсан нийгэмд “Төрийн гурван өндөрлөг” гэдэг нэр томъёог болгоомжтой хэрэглэх учиртай гэдгийн үндэс шалтгаан сүүлийн үед улам тодрох болов.

“Төр төмбөгөр, ёс ёмбогор”, “Төрийн минь сүлд өршөө” гэж эрхт төрөө дээдэлдэг монголчуудын уламжлалт сэтгэхүйд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав бол хүрч халдашгүй өндөрлөгт заларсан “бурхан тэнгэрийн элч” шиг буудаг байж болох.

Ардчилсан Үндсэн хуульт ёсонд бол уг нь энэ хүмүүсийг иргэд сонгогчид л өөрсдийгөө төлөөлүүлэн төр түшилцэхээр сонгож илгээдэг учраас бурхан тэнгэрийн элч биш, “ард түмний элч, зараал” юм шүү дээ. Ард түмэн хүсвэл хэнийг нь ч буцаагаад “байранд” нь тавих, хариуцлага ярих боломжтой юм, уг нь.

Адаглаад D-parliament буюу Нийтийн өргөдөл гомдлын цахим системд өргөдөл үүсгээд гарын үсэг цуглуулж болно. Гэтэл “Төрийн гурван өндөрлөг” гэж хөөргөсөөр байтал өнөөдүүл нь ч дүрдээ орчихсон хаа сайгүй хүн загнадаг эрхтэн дархтанууд боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлын өрөөндөө ард түмний элч төлөөлөгч болсон парламентын гишүүд-сайд нарыг дуудаж авчраад, эзэрхэг түрэмгий өнгө аясаар үүрэгдэж, ширээгээ товшин товшин анхааруулга өгснөө бичиж нийгмийн сүлжээнд нийтлээд, сэтгэл зүйн дарамт давхар үзүүлдэг моод дэлгэрүүлэв. Төрийн тэргүүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Бүх цэргийн командлагч нь үнэн болохоос бүх ард түмний төлөөллийг хурууныхаа үзүүрээр командлагч биш гэдгийг яаж ойлгуулбол зохилтой вэ.

Засгийн газрын тэргүүн нь “Ерөнхий сайдаас шууд асууя” гэх сүрхий уриалга эхлүүлж хөдөө орон нутагт явж очсоноо “Бензин шатахууны хомсдолоо яах вэ, үнийн өсөлтийг яах вэ” гэж арга барагдан асуусан ард иргэдээ загнаж зандчин “Би ямар бензин үйлдвэрлэгч биш. Та нар жаахан амьдралтай юм ярь” гээд ихэд дээрээс номчирхож, намчирхаж байгааг юу гэж ойлгох вэ. Инфляцын хөөрөгдөлт, бензин шатахууны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, мах магнаг болсон шалтгаан, нөхцөлд Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд хариулахгүй юм бол өөр хэнээсээ ард иргэд асуух юм бэ.

“Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний төслүүдээ санхүүжүүлье гэхээр төрдөө итгэхгүй байгаа ард иргэдийг яалтай билээ” гэж монгол түмний зовлонг үл тоон, ам асууж тавлах эрх төрийн ямар ч өндөр албан тушаалтанд байхгүй. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын ажлыг хийж чадна, барна гэж албан тушаалд нь очсон бол гомдоллож, гоншигонож, ялархах шаардлагагүй. МАН-аас наад ажлыг чинь хийхээр умалзаж, байж ядсан “асаалттай танк”-ууд хөшигний ард өчнөөн бийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэж баймаар.  

УИХ-ын дарга С.Бямбацогт мөн л өөрийгөө чуулганы нэгдсэн хуралдаан даргалагч болохоос бүх гишүүдээс давуу эрхтэй “хамаг бүдүүн” дарга биш гэдгийг сүүлийн үед  мартаад, эсвэл эндүүрээд байх шиг. Парламентын гишүүдээ базаж манлайлж хүчрэхгүйдээ хааяа бухимдан хэрэлдэх, хэлцэхийн хооронд суугаа харагддаг. Гэтэл саяхан УИХ-ын даргын эрхлэх асуудал, хамаарах байгууллагуудын нэг болох Санхүүгийн зохицуулах хорооны даргыг солихын тулд “хүндээ хөнгөнөөс өгдөг” нь яаж байгаа юм бэ. Төрийн эрх барих дээд байгууллагын их хуралдайг удирдан явуулах хүн наад зах нь хувь, хувьсгалын асуудлаа ялгаж чаддаг, ноён нуруутай байх учиртай.

Ямар ч том эрх ашиг, их хүчний талд гуйвж дайвахгүй, төр төвшитгөхийн ухааныг үлгэрлэсэн Чингис өвгийн сургаалд “Буй биеэ гадсан болгож, төрийг бэхэлсү, би” гэж  байдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт дайя.  

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button