Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Засгийн газар, томоохон компаниудын системийн доголдлууд цахим халдлагатай холбоотой юу

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АНУ-ын компани, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ноцтой доголдол учруулсан технологийн саатал гарах болсон. Тэгвэл технологийн системийн тасалдал мягмар гарагт /2026.11.17/ АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт (NSA) үүсжээ.

Дэлхий дахин жил ирэх бүр технологиос улам хамааралтай болж байгаа. Ийм үед цахим системүүд доголдоно гэдэг нь эдийн засгийн засгийн үр өгөөж алдагдахад хүргэхээс гадна үндэсний аюулгүй байдлын эрсдэл дагуулна. АНУ-ын ямар нэгэн компани, төрийн байгууллагад технологийн системийн доголдол өнгөрсөн пүрэв гарагаас /2026.11.12/ өдөр бүр бүртгэгджээ. Тухайн өдөр “Microsoft” компанийн системд гарсан саатлын улмаас цахим шуудан зэрэг олон үйлчилгээ нь доголдсон. Тэрхүү доголдлын улмаас дэлхий даяар хувийн компани болон төрийн байгууллагууд факс зэрэг машин хэрэглэн ажлаа явуулахад хүрсэн юм.

Баасан гарагт /2026.11.13/ АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA) улс даяар бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргасан. Энэ нь 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш АНУ-ын агаарын тээврийн салбарт гарсан хамгийн урт хугацааны зогсолт болсон байна. Үүний шалтгаан нь агаарын хөдөлгөөн хянах цамхаг хоорондын харилцаа тасалдсантай холбоотой гэх мэдээллийг АНУ-ын эрх баригчид өгсөн юм. Агаарын хөдөлгөөний саатал ням гараг дуустал үргэлжилсэн байна.

Даваа гарагт /2026.11.16/ “United Airlines” компанийн системд гарсан алдааны улмаас 150 орчим нислэг саатжээ. Мөн тус өдөр “JPMorgan Chase” банкны программ хангамжид доголдол гарсны улмаас зарим салбарынх нь үйлчилгээ тасалдсан юм.

Мягмар гарагт /2026.11.17/ “Apple” системийн шинэчлэл хийх үеэр гарсан алдааны улмаас “iCloud”, “Apple Pay” зэрэг хэрэглэгчдэд үйлчилгээ нь доголджээ. Уг доголдол цахим халдлагаас үүсэлтэй биш гэдгийг “Apple” онцолсон байна. Мөн “FAA” нислэгийн саатал цахим халдлагаас болсон гэдгийг илтгэх шинж тэмдэг үзэгдээгүй гэсэн юм.

Зургийн эх сурвалж: Investopedia

Сүүлийн үед хиймэл оюун ухааны хэрэгслүүд хурдтай хөгжсөн нь цахим халдлагын тоо огцом нэмэгдэхэд нөлөөлж байж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна. Хакерууд хиймэл оюун ухаан ашиглан нэгэн зэрэг олон арван системд халдаж буй тохиолдлыг цахим аюулгүй байдлын компаниуд тогтмол илрүүлэх болжээ.

Даатгалын үйлчилгээ үзүүлдэг “Marsh” компани мэдээлснээр, аравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт цахим халдлага гарсан 105 тохиолдол гарсан гэх үйлчлүүлэгчид нь мэдүүлсэн байна. Тавдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт цахим халдлагын 48 тохиолдол бүртгэгдэж байсан аж.

Гэсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа сүүлийн үед үүсээд буй технологийн саатлуудын ард илүү өргөн хүрээтэй асуудал байгаа гэж үзэх шаардлагагүй хэмээн мэдэгдэж байна.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос хойш томоохон саатлууд гарч байгаа учир Трампыг дэмжигдэг зарим улстөрч хүртэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардаж эхэлжээ.

Миссури мужаас Конгресст суудаг Бүгд найрамдах намын сенатор Жош Хоули "Хэрэв энэ бүхэн зүгээр л тохиолдол юм бол дэлхийн түүхэн дэх хамгийн том давхцал болж таарна" гэж хэлсэн байна.

Тэгвэл Трамп халдлагуудын талаар "Том, хүчирхэг, асар их мөнгөтэй үед ийм зүйл тохиолддог. Зүгээр дээ" гэж хэлсэн байна. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болсон явдлууд санаа зовоохоор байгааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ доголдлуудыг хоорондоо ямар ч холбоогүй гэсэн байна. Мөн эдгээр доголдлыг ямар нэгэн этгээд санаатайгаар үйлдсэн гэдгийг харуулсан нотлох баримт байхгүй, халдлагад өртөөгүй гэж хэлсэн юм.

Холбооны мөрдөх товчооны цахим аюулгүй байдлын хэлтэст өндөр албан тушаал хашиж байсан Синтиа Кайзер эдгээр доголдлуудын талаар "Сүүлийн үед салбар бүрд дараалан гарч буй томоохон доголдлууд нь манай цахим дэд бүтцүүд хоорондоо хэр гүнзгий хамааралтай болсныг харуулж байна. Техникийн ганц алдаа эсвэл программ хангамжийн шинэчлэлтээс үүссэн асуудал бусад системд дамжин тархаж, нэн чухал үйлчилгээнүүдэд томоохон нөлөө үзүүлэх боломжтой болжээ" гэж хэлсэн байна.

Цахим системийн доголдлуудын улмаас АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд технологийн салбарын ажилтнуудаа хэт яарч цомхотгосон эсэх асуудал яригдах болжээ.

Төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагад гарсан эдгээр системийн доголдол нь ажилтнуудын цомхотголын дараа тохиолдож байгаагаас гадна зарим байгууллага үйл ажиллагаа тасалдаж болзошгүйг урьдчилан анхааруулж байсан байна.

Зургийн эх сурвалж: Le Monde

Өнгөрсөн жил Трамп ажлаа хүлээн авсныхаа дараа Засгийн газрын агентлагуудын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх ажлыг Илон Маскт өгсөн. Маскийн санаачилгаар төрийн алба хаагчдыг олноор цомхотгосонд “FAA” ч өртсөн юм. Үүнтэй зэрэгцэн “FAA”-ийн системийг шинэчлэх ажил явагдаж байв. Конгресс тус байгууллагын технологийн системийг шинэчлэх ажлыг хэт хурдан, зохион байгуулалт муутай явуулж байгаа нь үйлчилгээний доголдол үүсгэж болзошгүйг анхааруулж байжээ.

“United Airlines” компани өнгөрсөн жил удирдах ажилтнуудынхаа тоог дөрвөн хувиар бууруулж, хиймэл оюун ухаан ашиглаж эхэлсэн. Мөн тус компани энэ онд ажиллах хүчнийхээ дөрвөн хувийг цомхотгож байгаагаа мэдэгдсэн.

“Microsoft”-ийн цахим шуудангийн үйлчилгээ доголдсоноос сарын өмнө тус компани ажилтнуудынхаа дөрөвний нэгт сайн дураараа ажлаас гарах нөхөн олговор санал тавьж буйгаа зарласан. Үүнээс өмнө тус компани хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд хөрөнгө зарцуулахын тулд зардлаа хэмнэх зорилгоор хэд хэдэн удаа цомхотгол явуулсан юм.

Эдгээр байгууллагууд цомхотгол явуулсан нь системийн доголдолтой шууд холбоотой гэдгийг нотлох баримт одоогоор байхгүй. Программ хангамжийн системийн найдвартай ажиллагааны асуудлаар 20 жил ажилласан Лиз Фонг-Жонс цомхотгол нь системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөөцийг багасгадаг гэдгийг онцолсон байна. Тэрбээр "Системийн тогтвортой, найдвартай байдлыг хангахад нэг чухал хүчин зүйл нь тухайн системийг сайн мэддэг, туршлагатай мэргэжилтнүүд” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button