УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

С.Бямбацогтын маргааш

-У.Хүрэлсүхийн өнөөдөр, С.Бямбацогтын маргаашаас шалтгаалан хөвөрсөн мянган асуулт-

"Зэрэг нэмэхийн өмнө" кинон дээр гардаг шиг л "тэнгэргүй" юм болчихгүй бол өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрох өргөдлийг дэмжвэл С.Бямбацогт спикерийн албаа хашихын зэрэгцээ Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэгч болох юм. У.Хүрэлсүхийн өнөөдөр, С.Бямбацогтын маргаашаас шалтгаалах олон асуулт Монголын ард түмний ойр зуурын сониучирхал, хошигнол, егөөдлөөс эхлээд Үндсэн хуульд тултал хөврөх нь бололтой.

Монгол Улс Үндсэн хуульдаа заасан нэгэн онцгой зохицуулалтыг анх удаа бодитоор хэрэгжүүлэх нөхцөл үүсэж мэдэхээр байна. Үндсэн хуулийн 37-гийн 2-т "Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ", 37-гийн 3-т "УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно" гэсэн заалт байдгийг бид мэдэх ч амьдрал дээр хэрхэн хэрэгжихийг нь мэдэхгүй. Төрийн тэргүүн огцорч, УИХ-ын дарга нь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдол Монголын улс төрийн түүхэнд анх удаа тохиовол яах вэ гэдэг асуултууд ар араасаа хөвөрнө.

Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болбол С.Бямбацогтын цалин хоёр дахин нэмэгдэх үү, эсвэл нэг цалингаар хоёр ажил хийх үү? УИХ-ын даргын өрөөнөөсөө Ерөнхийлөгчийн өрөө рүү нүүх үү? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөхүүд нь хэвээр үлдэх үү, эсвэл УИХ-ын даргын өөрийнх нь багийнхан Төрийн ордны нөгөө жигүүрт шилжих үү? Хоёр өөр институцийн хэвлэлийн албад дундаа нэг даргатай байх уу? Төрийн тусгай хамгаалалтынхан хоёр албан тушаалын хамгаалалтыг нэг хүнд давхар үзүүлэх үү?

Түүнчлэн С.Бямбацогтын эхнэр тэргүүн хатагтай болох уу? Төрийн ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн гэргийд зориулсан протокол үйлчлэх үү? Гадаадын Төрийн тэргүүн айлчиллаа гэхэд гэргийтэйгээ хамтарсан хөтөлбөрт оролцох уу?

Арванхоёрдугаар сарын 31-нд Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ тэр өөрийгөө хэрхэн танилцуулах бол? Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт уу, эсвэл УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч С.Бямбацогт гэх үү?

Ерөнхийлөгчийн цомын барилдааны түрүү бөхөд цомыг өөрөө гардуулах уу? Тусгаар тогтнолын болон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт өдрөөр төрийн одон, медаль гардуулах уу? С.Бямбацогтыг хаа ч очсон Цэргийн хүндэт харуулын жагсаал хүлээн авах уу? Хошин санагдаж болох ч эдгээр асуултын цаана Монголын төрийн институцийн бэлэн байдал, эрх мэдлийн залгамж чанарын асуудал бий.

Энэ бүхний хажуугаар бас нэг сонирхолтой асуулт гарч ирнэ. Хэрэв ийм нөхцөл Н.Учралыг УИХ-ын дарга байх үед тохиолдсон бол тэр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж чадах байсан уу? Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүн 50 нас хүрсэн байх ёстой гэж заасан. Харин Ерөнхийлөгч огцорсон тохиолдолд түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай 37.2 дахь заалтад насны хязгаар тавиагүй. Энэ хоёр бол эрх зүйн өөр өөр нөхцөл. Нэг нь Ерөнхийлөгчөөр сонгогдох шалгуур, нөгөө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх зохицуулалт.

Тиймээс 40 настай Учрал УИХ-ын дарга байхдаа ийм нөхцөлтэй тулгарсан бол 50 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болохгүй байж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд 50 нас хүрсэн байх шаардлагатай. Харин Ерөнхийлөгчийн бүх бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд заавал 50 нас хүрсэн байх шаардлагагүй гэсэн сонин логик Үндсэн хуульд байна. Хууль тогтоогчид ийм хувилбарыг тооцож үзсэн үү, эсвэл тухайн үеийн нөхцөл байдлаас урган гарах асуудлыг ерөнхий зохицуулалтаар шийднэ гэж үзсэн үү? Ямар ч байсан энэ заалт одоо анх удаа бодит шалгууртай тулгарч мэдэх нь.

Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль ба С.Бямбацогтын улс төрийн шинэ намтар

2008 оноос УИХ-ын гишүүнээр анх сонгогдон, 2013-2016 онд МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, дараа нь байнгын хороодын дарга, Зам тээврийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад 2026 оны дөрөвдүгээр сард УИХ-ын даргаар сонгогдсон түүний нэр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улс төрийн хүрээнд яригдаж байсан. С.Бямбацогт үнэхээр нэр дэвших, эсэх нь одоогоор тодорхойгүй ч адаглаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлсэн анхны улс төрч болбол түүний намтарт шинэ бүлэг нэмэгдэж таарна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг намд олон жил ажиллаж, төрийн өндөр албан тушаалд зэрэгцэн ажилласан нь үнэн ч түүнийг шууд У.Хүрэлсүхийн фракцын хүн, эсвэл түүний улс төрийн даалгавраар явдаг хүн гэж дүгнэх боломжгүй. Юутай ч тэр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдэж, намын дэмжлэг тохироо нь бүрдлээ гэхэд одоогийн албан тушаалын давуу байдал, төрийн аппарат, нөөц, хэвлэл мэдээллийн хүчийг сонгуулийн өрсөлдөөнөөс хэрхэн тусгаарлах вэ гэдэг асуудал гарна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч байна гэдэг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэсэн үг биш. Харин Төрийн тэргүүний бүрэн эрхийг л хэрэгжүүлж байгаа гэдэг ялгааг улс төрийн практикт ч, олон нийтийн ойлголтод ч тодорхой байлгах шаардлагатай болох нь.

Хоёр институц нэг хүний гарт

Хамгийн том асуудал нь үүнд л оршиж байна. УИХ-ын дарга бол хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Үндсэн хуулиар тус тусдаа чиг үүрэг, бүрэн эрхтэй хоёр институц. Харин одоо нэг хүн хоёулангийнх нь бүрэн эрхийг хэрэгжүүлэх нөхцөл үүсвэл УИХ-ын даргын өдөр тутмын ажлыг хэн хариуцах вэ? Дэд дарга нар нь орлон ажиллах уу? УИХ-ын чуулганыг хэн даргалах вэ?

Ерөнхийлөгчийн хувиар хуульд хориг тавих шаардлага гарвал өөрийн даргалж байсан парламентын баталсан хуульд хориг тавих уу? Хуулийн талаасаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь Ерөнхийлөгчийн эрх, үүргийг эдэлнэ. Гэхдээ энэ эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ парламентын даргын албан тушаалтай хэрхэн уялдуулах вэ гэдэг нь нарийвчилсан зохицуулалт шаардах нь.

Хоёр албан тушаалын тамга, албан бичгийн хэв маяг, гарын үсгийн хэлбэр, төсөв, албан хэрэгцээний байр, тээврийн хэрэгсэл, ажлын албаны асуудал ч эндээс ургана. УИХ-ын даргын цалин дээр Ерөнхийлөгчийн цалин нэмэгдэх үү? Давхар цалин олгох тухай шууд зохицуулалт бий юу? Хэрэв байхгүй бол ямар журмаар шийдэх вэ? Энэ бүхнийг урьдчилан тодорхой болгох хэрэгтэй нөхцөл үүсэв. Нэг удаагийн хуулиар эдгээрийг нь бүхэлд нь зохицуулах боломжтой юу.

Дээрээс нь Төрийн тэргүүний институцийн ажлын албаныхан яах вэ гэдэг асуулт ч ургана. Ерөнхийлөгч солигдлоо гээд бүх ажилтан нь автоматаар солигдохгүй. Гэхдээ Тамгын газрын дарга, зөвлөхүүдийн томилгоо хэрхэх вэ? УИХ-ын дарга өөрийн зөвлөх, туслахуудаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт авчрах уу? "Дөрвөн сарын дараа сонгууль явуулахын хооронд яршиг" гэж үзвэл болж л байна. Хэвлэлийн албаны тухайд ч мөн адил. УИХ-ын даргын хэвлэлийн алба нэг талдаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба нөгөө талдаа ажиллах уу? Өглөө парламентын даргын мэдэгдэл, өдөр төрийн тэргүүний мэдэгдэл гаргах уу? Хоёр институцийн мэдээллийн бодлого нэг хүний ажлын хуваариар зангидагдах уу гээд асуулт хөвөрсөөр...

ҮАБЗ-ийн гишүүн ч, дарга ч болохоор эрх мэдлийн хяналт, тэнцвэр хэрхэх билээ?

Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч нь мэдээж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ. Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Хуульд заасан нөхцөлөөр өршөөл үзүүлэх, төрийн одон медаль олгох, гадаад улсын Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг хүлээн авах зэрэг Төрийн тэргүүний чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэг хүн хоёр өөр институцийн бүрэн эрхийг зэрэг хэрэгжүүлэх үед төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр хэрхэн хангагдах вэ? Төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэгчийн гаргасан шийдвэрт хэн, ямар журмаар хяналт тавих вэ? УИХ-ын даргын хувьд парламентын үйл ажиллагааг зохион байгуулах, Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх хоёр чиг үүргийн заагийг хэрхэн хадгалах вэ гэдэг нь төрийн байгууллын бодит сорилт болох нь. Учир нь төрийн залгамж чанар гэдэг зөвхөн нэгийг нөгөөгөөр сольж, сандал ширээнд залахын нэр биш юм. Хэн ч, ямар ч нөхцөлд төрийн ажлаа явуулахад бүх аппарат, механизм нь хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн бэлэн байдлыг хэлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрох өргөдлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжих, эсэх нь өнөөдөр шийдэгдэх бөгөөд аль ч талаараа энэ удаагийн кейс Монголын төрийн институцэд урьд өмнө бодитоор туршиж үзээгүй нэгэн зохицуулалтыг анхаарлын төвд авчирлаа. Цаасан дээрх хуульд байсан "гарц"-аар төрийн аппарат гарахад бэлэн үү?

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button