Гадаад мэдээДЭЛХИЙ

Жаред Лето: Миний тоглосон кино бүр амьдралыг минь ямар нэг хэмжээгээр өөрчилсөн

Алдарт жүжигчин Жаред Летогийн “The Talks” сэтгүүлд өгч байсан ярилцлагыг оруулж хүргэе. Лето тус ярилцлагад кино дүр бүтээхдээ хэрхэн ажилладаг, ямар кино төслийг хүлээн авдаг талаар ярьжээ.


Ноён Лето, та ямар нэгэн киноны дүр бүтээх саналыг шууд хүлээн зохиол нь ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Би миний мэтгэлийг үнэхээр хөдөлгөж, бүх хүчээ дайчлан ажиллах хүсэл төрүүлэхүйц төслүүдийг сонгохыг хичээдэг. Зүгээр л ажил хийхийн төлөө ажилдаа явдаг хүн биш. Кино урлагаас гадуур ч гэсэн миний амьдрал нэлээд завгүй өрнөдөг. Үүнийгээ би их азтай гэж боддог. Магадгүй энэ нь дүр сонгохдоо илүү ажигч хандахад тусалдаг байх. Миний бүтээдэг дүрүүд ихэвчлэн сэтгэлзүйн болон бие махбодын хувьд нэлээд сорилттой байдаг. Тиймээс зураг авалт дууссаны дараа хэсэг хугацаанд сэргэж авах шаардлагатай болдог.

Тэгэхээр та тоглохоор сонгосон дүр бүрээрээ өөрийгөө сорихыг хүсдэг гэсэн үг үү?

Яг тийм. Эрсдэл хэдий чинээ их байна, хүртэх үр өгөөж төдий чинээ их байдаг гэдэгт би итгэдэг. Би шаргуу ажиллах дуртай, хүнд хэцүү сорилтоос хэзээ ч зугтдаггүй.

Аль Пачино уран бүтээлээрээ дамжуулан ямар нэгэн зүйл хэлэхийг хүсдэг учраас үргэлж шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой байдаг гэж ярьж байсан шүү дээ.

Тийм шүү. Харин миний тоглосон “The Little Things” киноны хувьд хамгийн том эрсдэл бол өмнө нь бүтээж байсан дүртэйгээ төстэй дүрд дахин тоглох явдал байсан юм. Би өмнө нь бүтээсэн олон дүрээрээ хүний сэтгэлийн харанхуй талыг хөндөж байсан. Тиймээс ч эхэндээ энэ дүрд тоглохыг хүсээгүй.

Зургийн эх сурвалж: Vanity Fair

Тэгвэл таны бодлыг юу өөрчилсөн бэ?

Найруулагч Жон Ли Хэнкоктой ярилцсаны дараа өөрчлөгдсөн байх. Дүрийг цоо шинэ өнцгөөс гаргаж, аль болох зоригтойгоор шинэ үйл туршиж үзэхийг Хэнкок дэмжиж байгааг би ойлгосон. Ингээд бид яг хүссэнээрээ ажилласан даа.

Хамтран ажиллаж буй жүжигчид таны дүр бүтээлтэд нөлөөлж, өөрийгөө сориход түлхэц болж өгдөг үү?

Маш их нөлөөлдөг. Хамтран ажиллаж буй хүмүүс хүний шийдвэр, сонголтыг улам баяжуулж, урам зориг өгч, заримдаа бүр гайхшируулдаг. Мэдээж энэ нь хоёр талтай. Тиймээс зураг авалтын талбайд ирэхдээ би өөрийгөө аль болох сайн бэлдэж, анхаарлаа бүрэн төвлөрүүлэхийг хичээдэг. Зөвхөн өөрийнхөө төлөө ч биш, хамтран ажиллаж буй жүжигчид, найруулагч болон кино бүтээж байгаа хүн бүрийн төлөө. Энэ бол маш чухал зүйл. Бусад жүжигчидтэй хамтран ажиллахад  бэлэн байх нь ч миний ажлын нэг хэсэг.

Дүрдээ орохын тулд хэр удаан бэлддэг вэ?

Миний бодлоор бэлтгэл хийх хугацаа хэдий чинээ урт байна, тэр хэмжээгээр сайн. Харин хугацаа бага бол өдөр бүр илүү удаан ажиллахаас өөр аргагүй. Энэ бэлтгэлийн үйл явцад тодорхойгүй зүйл, нэг төрлийн ид шид бий. Тиймээс яг хэр хугацаа шаардагдахыг урьдчилж хэлэхэд хэцүү. Би дүрээ гүнзгий судалж, маш их материал уншиж, нарийн бэлддэг. Бараг мөрдөгч шиг л ажиллана. Судалгааны явцад олж мэдсэн зүйлсийн 90 орчим хувь нь шууд ашиглах боломжгүй мэдээлэл байдаг гэж хэлж болно. Гэхдээ тэр ашиглах боломжгүй мэдээллүүдийн зарим нь дүрийн хаа нэгтээ шингэж үлддэг. Хамгийн үнэ цэнтэй зүйлээ олохын тулд аль болох олон чулуу эргүүлж үзэх хэрэгтэй шүү дээ.

Туршлага нэмэгдэхийн хэрээр энэ үйл явц хялбар болдог уу?

Тийм ээ, тодорхой арга барилд суралцаж, цагаа илүү оновчтой ашиглаж сурдаг. Гэхдээ судалгаа хийж, мэдээлэл цуглуулах нь тодорхой схем, төлөвлөгөөнд оруулчихдаг ажил биш. Тийм ч амархан зүйл биш л дээ. Эцсийн эцэст энэ бол бүтээлч үйл явц. Тиймээс хэдий хэмжээний ч хугацаа шаардагдаж болно.

Зургийн эх сурвалж: Allstar

“Requiem for a Dream” кинонд тоглохоор бэлтгэх нь туйлын хүнд байсан байх. Гэхдээ эцэст нь маш их үр өгөөжтэй туршлага болсон нь гарцаагүй.

Миний тоглосон кино бүр амьдралыг минь ямар нэг хэмжээгээр өөрчилсөн гэж хэлж болно. Кино уран бүтээл дээр ажиллаж байхдаа эцсийн бүтээгдэхүүн ямар байх бол гэдгийг сайн мэддэггүй ч “Requiem for a Dream” зохиолыг уншсан эхний мөчөөсөө л онцгой бүтээл болохыг нь мэдэрсэн. Үүнд найруулагч Даррен Аронофски ч их нөлөөлсөн. Энэ кино төсөлд үнэхээр их потенциал байсан. Кино дээр ажиллахдаа бид бүгд маш эрчимтэй, сэтгэл хөдлөл ихтэй аяллыг туулсан. Энэ кино надад гүнзгий нөлөө үлдээсэн. “Requiem for a Dream”-ээс олж авсан туршлагадаа Дарренд үргэлж талархаж явах болно. Үнэхээр мартагдашгүй бүтээл байсан.

Хөгжмийн салбарт хийсэн уран бүтээлүүд тань ч мөн адил сэтгэл ханамж өгдөг үү?

Кино урлаг, хөгжмийн салбар хоорондоо их ялгаатай ч хоёулаа бүтээлч сэтгэлгээнээс эхтэй. Энэ нь л хоёр салбарын ижил тал байх. Би хөгжмийг кино урлагаас тусад нь авч явахыг хичээдэг. Гэхдээ заримдаа цаг хугацаатай холбоотой шаардлага гардаг учраас хоёуланд нь зэрэг цаг гаргах хэрэгтэй болдог. Зэрэг юм хийх нь хүсэмжит зүйл биш ч гэсэн хэд хэдэн удаа тэгэхээс өөр аргагүй болж байсан.

Та энэ хоёр салбарыг өөр өөрийн гэсэн тусдаа ертөнц гэж тодорхойлох уу?

Миний бодлоор нэг салбарт олж авсан туршлага, мэдлэгээ нөгөөд нь ашиглах замаар тэд бие биедээ нөлөөлдөг. Харин тайзан дээр гарахдаа би ямар нэг дүр бүтээдэггүй. Харин ч өөрийгөө хамгийн үнэн зөвөөр нь илэрхийлдэг гэж боддог. Хүн тайзан дээр гарахдаа өөрийгөө ямар ч хязгаарлалтгүйгээр илэрхийлдэг шүү дээ.

Хүмүүс тайзан дээр гарах бүрдээ бүрэн эрх чөлөөтэй байж, өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлэхийг зорьдог. Тайз бол хүний дотоод ертөнцийг ил гаргадаг онцгой орон зай. Би ямар нэг дүрийн өнцгөөс харж дуу зохиож байгаагүй. Гэхдээ энэ тийм байдлаар дуу хийх гэж багахан оролдсон удаа бий. Хэн мэдлээ, магадгүй дараагийн цомог дээрээ Зигги Стардаст шиг дүр бүтээж ч болох юм.

Та кинонд зориулсан өгүүлэмж, зохиол бичих талаар бодож үздэг үү. Камерын ард гарч, кино найруулах нь таны ирээдүйд хийхийг хүсдэг ажлын нэг мөн үү?

Би хөгжмийн видео, реклам, баримтат кино найруулж байсан. Харин одоогоор бүрэн хэмжээний уран сайхны кино найруулж үзээгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт заавал найруулна гэж боддог. Ингэхийн тулд энэ түүхийг өгүүлье гэж бодсон зүйлээ олох хэрэгтэй. Одоохондоо кино найруулахаар яарсан зүйл байхгүй. Гэхдээ ирээдүйд нэг өдөр кино найруулахыг үгүйсгэхгүй. Найруулна гэдэгтээ итгэлтэй байна.

Эх сурвалж: The Talks

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button