С.Төгсжаргал: Монголын шигшээ өсөж яваа. Ирэх 10 жилд улам их амжилт үзүүлнэ
Сүүлийн жилүүдэд Монголын сагсан бөмбөг, "Дээд лиг" маш хурдацтай хөгжиж буй. Монголын "Дээд лиг"-т NBA-д тоглож байсан тамирчид ирж тоглох нь энгийн нэгэн үзэгдэл болтлоо хөгжив. Үүний зэрэгцээ "FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны 2-р шатны тоглолтууд энэ сарын 26-29-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана. Мөн Монгол Улсын шигшээ баг шинэ ахлах дасгалжуулагчтай болсон юм.
Үүний зэрэгцээ Дээд лигийн тасалбарын үнэ, шүүгчийн шүүлт, тоглолтуудын шахуу хуваарь болон Сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг шүүмжлэх болсон. Тэгвэл дээрх асуудлуудын талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай ярилцлаа.
-Удахгүй Азийн аваргын урьдчилсан шатны хоёрдугаар шат Монголд болох гэж байна. Зохион байгуулалтын бэлтгэл ажил хэр зэрэг хангагдаж байна. Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн зарлагдсан хэзээ үндсэн бүрэлдэхүүнээ танилцуулах вэ?
--ФИБА-гийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жил тутам нэг удаа зохион байгуулагддаг болсон. Азийн аварга шалгаруулан тэмцээн 2029 онд болох хуваарьтай байгаа. Энэ оноос урьдчилсан шатны тоглолтууд эхэлсэн. Урьдчилсан шатанд багууд дэлхийн чансаагаараа жагсаж оролцдог журамтай. Монгол Улсын шигшээ баг эхний шатаа давсан хоёрдугаар шатны тоглолтуудаа энэ сарын 26-наас хийж эхэлнэ. Зохион байгуулалтын тухайд, бид наймдугаар сард эхний шатны тоглолтуудын Монгол Улсад амжилттай зохион байгуулсан. Тиймээс хоёр дахь шатны тэмцээнийг зохион байгуулах эрх авах давуу тал үүсэж байгаа юм. Бид өнгөрсөн хугацаанд Олон улсын нэлээд тэмцээнийг Монгол Улсад зохион байгууллаа. Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд, дээрээс нь U16 Азийн аварга болон Эмэгтэйчүүдийн Азийн аваргын шатны тоглолтыг зохион байгуулсан туршлагатай.
-Монгол Улсын шигшээ багт энэ тэмцээн хэр чухал ач холбогдолтой вэ. Нийт зургаан улсын багууд тоглоно хэдэн нь хэсгээсээ гарч цааш тэмцээнээ үргэлжлүүлэх юм. Хэсгээсээ гарлаа гэж бодоход дараагийн зогсоол хаана вэ?
-Манай баг эхний шатандаа хоёрдугаар байраар гарсан. Удахгүй болох хоёрдугаар шатанд хэсэгтээ зургаан багтай өрсөлдөнө. Үүнээс дөрвөн баг цааш тоглох эрхээ авна. Нийтдээ 40 баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглоно. Өмнөх Азийн аваргын урьдчилсан шатанд 24 баг оролцож, тэднээс 16 баг эрх авч байсан. Манайх тэр 24-т шалгарсан ч 16-д багтаж чадаагүй. Шилдэг 24 багт Азийн бүх шилдэг орнууд оролцдог. Монгол Улсын шигшээ баг 2029 оны Азийн аваргын шилдэг 16 багт багтах зорилготой тэмцээнд оролцож байгаа. Энэ тэмцээний үр дүнгээс хамаарч дараагийн шатны сугалаа хийгдэнэ.
-Хэд хоногийн өмнө шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарласан. Түүнд Ш.Энхийн-Од, А.Азбаяр, Ч.Маргад, Х.Оргил зэрэг тоглогчид бүрэлдэхүүнд дуудагдсан байсан. Тэднийг шигшээ багт тоглуулах холбогдох дүрэм журам нь болчихсон гэж ойлгож болох уу?
-Бид өнгөрсөн хугацаанд шигшээ багийн соёл гэдэг зүйлийг суулгахыг маш их зорьж ажилласан. Өмнө нь шигшээ багаараа тэмцээнд орох боломж, бололцоо дутмаг байдаг байсан бол 2022 оноос эхлээд олон боломжууд гарч ирсэн. Улмаар шигшээ баг эхлээд өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарладаг. Түүнээсээ 12 тоглогчийг авдаг. Өргөтгөсөн бүрэлдэхүүнийг дасгалжуулагчийн баг саналаараа зарлана. Дуудагдсан тамирчид бэлтгэлдээ хамрагдаж үндсэн 12 тоглогчийг мөн дасгалжуулагчийн баг сонгоно. Энэ удаагийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд гаднын лигт тоглож буй олон тоглогч багтсан. Энэ бол мэдээж сайн мэдээ. Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээн Олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны тэмцээн учраас гадны лигийн багууд тамирчдаа энэ үеэр чөлөөлөх үүрэгтэй байдаг. Үүний дагуу бид холбогдох албан бичгийг дээрх тоглогчдын багуудад журмын дагуу өгсөн. NBA-д гэрээ хийсэн анхны Монгол тоглогч болсон Ш.Энхийн-Од маань энэ сарын 21-нд эх орондоо ирэхээр болсон. Ш.Энхийн-Одын багтай нь холбогдож дүрэм журмынхан дагуу шигшээ багтаа тоглуулна. Хамгийн гол нь олон улсад тоглож байгаа манай тамирчид өөрсдөө шигшээ багийнхаа нэрийн өмнөөс тоглох хүсэлтэй байгаа нь сайшаалтай хэрэг. А.Азбаяр энэ сарын 16-нд ирсэн мөн албан ёсоор багаас нь зөвшөөрөл авсан. Ч. Маргад ирсэн. Х.Оргил энэ сарын 23-нд эх орондоо ирэхээр байгаа. Шигшээ баг ерөнхийдөө 10-11 өдрийн бэлтгэл хийгээд тэмцээндээ орно.
-Цаг хугацаа маш бага учраас тоглогчдоо мэддэг монгол дасгалжуулагчид итгэл хүлээлгэсэн-

-Хэд хоногийн өмнө шигшээ баг шинэ ахлах дасгалжуулагчтай болсон. Өмнөх дасгалжуулагчийн гэрээ нь дууссан юм уу эсвэл өөр асуудлаар ажлаа өгөв үү?
-Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр томилсон. Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Грек улсын мэргэжилтэн болох Василис Фрагкиас дасгалжуулагчтай хамтарч ажилласан. Энэ хугацаанд манай шигшээ багийн соёл, хувь хүний хандлага, мэргэжлийн байдал гээд маш олон зүйлийг Монголын сагсан бөмбөгт суулгасан. Мэргэжлийн түвшинд нэг шат ахисан гэж үздэг. Бидэнд их тус болсон. Түүнтэй байгуулсан гэрээ өнгөрсөн аравдугаар сард дууссан. Улмаар удирдах зөвлөлийн шийдвэрээр шинэ ахлах дасгалжуулагчаар Э.Ариунболдыг сонгосон. Түүнийг сонгосон үндсэн шалтгаан нь нэгд, монгол дасгалжуулагч. Цаг хугацаа маш бага учраас тоглогчдоо мэддэг монгол дасгалжуулагчид итгэл хүлээлгэе гэсэн. Нөгөө талаасаа клубийн түвшинд олон улсад маш сайн амжилт үзүүлсэн дасгалжуулагч. Ийм учраас удирдах зөвлөлийн шийдвэрээр томилсон.
-"2022 оноос шигшээ баг тогтворжиж, олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн" гэж та сая ярилаа. Ер нь манай шигшээг харьцангуй залуу баг гэж хэлж болох байх. Нурууны өндөр ч бас дээшилсэн. Шигшээ багт хүлээлт хэр өндөр байна. Цаашдын шигшээ багийн амбицын тухай?
-Шууд л тийм амжилт гаргана гэж хэлэхэд бэрх. Боломжгүй. Гэхдээ маш олон нөөц, боломж бидэнд бий. Манай шигшээ бол өсөж буй баг. 2022 оноос хойш ер нь тогтмол тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ удаагийн бүрэлдэхүүнийг харахад 1995 оны нэг тоглогчоос бусад нь 2000 оноос хойш төрсөн тоглогчид байна. Ер нь улс бүрийн шигшээ багууд тодорхой хэмжээний цикл дамждаг. 10 орчим жил нэг үеийн тоглогчид тоглоод, дараа нь солигдоод явдаг нь олон улсын жишиг харагддаг. Зарим улсын шигшээ багийн тамирчдын үе солигдох үед амжилт нь доошоо унадаг ч тохиолдол байна. Манайх бол өсөж явна. Ирэх 10 орчим жилд эдгээр залуу тоглогчид шигшээгийн гол тоглогчид байна. Монголын шигшээ амжилт тасралтгүй өсөөд явах боломжтой гэж харж байна. Насны хувьд ч гэсэн. Цаашдаа бидэнд асар олон боломж бий.
-Холбоо ажлаа хийж, Дээд лиг тогтвортой явж байгаа учраас багууд ивээн тэтгэгчтэй байгаа-

-Сүүлийн үед "Дээд лигийн тасалбар үнэтэй, улирлын тоглолтууд бараг хоосон байдаг" гэх шүүмжлэл гарах болсон. Энэ асуудалд холбооменежментын хувьд хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Бид сүүлийн дөрвөн жил тоглолтын тасалбарын үнийг нэмэхгүй байх бодлого барьж ажиллаж ирсэн. Гэтэл зах зээлд бүх юмны үнэ өсөж байна шүү дээ. Үүнийг дагаад цахилгаан, түрээсийн зардал, ажилчдын цалин зэрэг нэмэгдсэн. Тиймээс энэ жил инфляцтай уялдуулж тасалбарын үнийг тогтоосон. Дээрээс нь сүүлийн хоёр жилийн хугацаанд бид тасалбар борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хийж ажилласан. "SmartPrice" гэж нэрлэдэг олон улсын жишиг байдаг. Эрэлт өсвөл үнэ өсдөг, эрэлт буурвал хямдардаг л жишиг. Энэ системийг бид 11-р сарын нэгнээс "М Банк арена", "Уранган групп"-тэй хамтарч нэвтрүүлсэн. Аренагийн дүүргэлт бага бол үнэ нь буурна, эрэлт их бол нэмэгддэг зарчимтай ажиллах юм. Мөн М Банк аренад нэг удаа тоглолт үзэхдээ зургаан багийн, гурван тоглолтыг үздэг. Ингээд тоглолтын тоонд нь хуваагаад үзэхээр тасалбар тийм ч үнэтэй биш.
-Жил бүр л Дээд лигийн шүүлт, шүүгчийн асуудал яригддаг. Үүнээс шалтгаалж тамирчин бэртэх асуудал ч гардаг. Эл асуудлыг хэрхэн шийдэх юм, МСБХ энэ тал дээр ямар ажил хийж байна ?
-Дээд лигийн шүүгчдийг олон улсын жишиг, дүрмийн өөрчлөлтийг дагаж, сайжруулах ажлыг тогтмол хийж байгаа. Манай шүүгчдийн ур чадвар жил ирэх бүр сайжирч байгаа гэж хардаг. Үүнийг би итгэлтэй хэлнэ. Сагсан бөмбөгт шүүгчийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Манай техникийн хэлтэс, шүүгчдийн зөвлөлтэйгөө хамтран ФИБА-гийн жишгээр сургалтуудыг тогтмол хийдэг. Үүнд шүүлтийн видео анализ хийж дүгнэлт өгөөд явдаг. Зарим тохиолдолд шүүгчдэд хариуцлага тооцож байсан тохиолдол цөөнгүй. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлэх шаардлагагүй байдаг. Бид олон улсын жишгийн дагуу сайжруулалтаа тогтмол хийгээд л явж байна. Шүүгчийн маргаан ер нь тасардаггүй. Шүүгчдийн ажлыг хяналтад байлгах боломжгүй. Сагсан бөмбөг өрсөлдөөн тулаан учраас тоглолтын халуун уур амьсгал дунд алдаа гаргах асуудал бол гарна. Гэхдээ бид алдаа багатай байхыг мэдээж хичээнэ. Бэртэл бол ямар ч хүний хувьд маш хэцүү асуудал шүү дээ. Бэртэл гэмтэл бага байгаасай л гэж хүснэ. Тамирчны бэртлийг удирдаж чадахгүй юм даа. NBA болон дэлхийн супер одод ч янз бүрийн шалтгаанаар бэртдэг шүү дээ.
-Дээд лигийн плей-офф болон шигшээ тоглолтуудын тасалбар онлайнаар асар богино хугацаанд борлуулагдаж дуусч дамлан худалдагчдын гарт орж үнэ нь хэд дахин өсдөг. Бид "шагчид" гэж яридаг шүү дээ. Дээд лигийн тасалбарыг олон сувгаар худалдаалж "шагчид"-аас салах боломж бий болов уу?
-Зөвхөн Монголд бус олон улсад ч энэ жишиг байдаг. Бид нар "шаг" гэж нэрлэдэг хоёр дахь зах зээл гэсэн үг л дээ. Үүнийг бид "SmartPrice" системыг нэвтрүүлж шийдэхээр ажиллаж байгаа. Жишээ нь бид нэг хүн хамгийн ихдээ таван тасалбар авах боломжтой болгоод зургаа дахь нь илүү үнэтэй байдаг ч юм уу. Энэ асуудлыг туулаад дайраад гарсан дэлхийн хэмжээний томоохон тоглолтуудын тасалбарын шийдэл нь үнээр барих байгаа юм. Түүнээс биш бид "шаг"-ийг 100 хувь байхгүй болгож чадахгүй. Удахгүй хоёр дахь зах зээл хөгжөөд явах байх. "Шаг"-ийн тухайд гардаг асуудал нь нэг QR кодоо олон хүнд зарах тохиолдол гардаг. Үүнийг шийдэхийн тулд бид "SmartPrice" системыг хөгжүүлж байгаа. Албан ёсоор хоёр дахь зах зээл буюу өөрийн тасалбараа нэг л хүнд худалдаалах боломжтой платформ.
-Дээд лигийн тасалбарын орлогоос багуудад тодорхой хэмжээний хувийг өгдөггүй. Олон улсад бол өгдөг шүү дээ?
-Гадны жишгийг харах юм бол багууд эзэн, зочноор өөрийн арена буюу талбайдаа тоглодог. Тасалбарын орлогыг баг өөрөө авдаг. Лиг нь үйл ажиллагааны зардлаа ивээн тэтгэгч, хамтран ажилладаг байгууллагуудаасаа бүрдүүлдэг. Манайх нэг аренад тоглодог учраас нэг өдөр дөрвөөс зургаан багийн тоглолт болно. Тэгэхээр аль багийн тоглолтыг үзэх гэж хүмүүс тасалбар авсан эсэхийг тооцож багуудад хуваарилах боломжгүй. Үүнийг бид мөнгөн шагналаар тооцож баг бүрд олгодог. Өөрөөр хэлбэл тасалбарын орлогыг амжилтаар нь хуваарилж өгч байгаа хэлбэр. Лигийн багуудыг тойргийн тоглолтуудын амжилтаар нэг, эцсийн үр дүнгийн амжилтаар гээд 10 баг бүрд мөнгөн шагнал өгч байгаа. Тэгэхээр улирлын шагнал, лигийн аваргын мөнгөн шагнал хоёр шагналын сангаар тасалбарын орлогоо хуваарилж авч байгаа гэсэн үг.
-Дээд лигийн тоглолтуудыг үзэгчдэд хүрэх тал дээр холбоо хэрхэн ажиллаж байгаа вэ. Зөвхөн PSN телевиз шууд дамжуулдаг. Орон нутагт байгаа хүмүүст хүрэхгүй, үзэх боломжгүй байна гэх шүүмжлэл байна?
-Үндэсний Дээд лиг шууд дамжуулалтын албан ёсны эрхээ PSN телевиз худалдан авсан. Лигийн санхүүгийн орлогын гол эх үүсвэрүүдийн нэг бол энэ. Бидэнд өгсөн мэдээллээр PSN сувгийг нэг сая гаруй хүн үздэг гэсэн. Орон нутагт DDISH-ээр үзэх боломж байгаа юм байна лээ. Цаашдаа нийтийн сувгаар гарах талаар бид судалгаа хийж байгаа. Зохицуулалтыг албан ёсны эрх авсан телевизтэйгээ харилцан ярилцаж байж хийнэ. Лигийн шууд дамжуулалтыг хамгийн сүүлийн үеийн камер хэрэгслийг худалдан авч, олон тоглолтыг дамжуулах ажилчдын цалин гэх мэт зардал нь бас нэлээн өндөр байдаг. Бодитоор хийсний дараа л ярих боломжтой.
-Лигийн тоглолтын хуваарь шахуу байдаг учраа тамирчид бэртэх асуудал гараад байна уу. Хуваарийг хэрхэн гаргадаг юм бэ?
-Сүүлийн жилүүдэд Дээд лигийн аварга багууд олон улсын түвшинд, Азийн клубийн тэмцээнд оролцдог болсон. Сүүлийн хоёр жилийн финалын тоглолтууд тэр тэмцээнтэй давхацсан учраас шигшээ цувралыг 10-14 хоног завсарлах тохиолдол гарсан. Дээрээс нь багуудаас лигийг богиносгох санал ирсэн. Импорт тоглогчдын цалин, бэлтгэл сургуулилтын зардал нь сараар явдаг. Тоглолтгүй байх нь сул зардал болж байгаа учраас багуудаас дээрх санал ирсэн. Бидэнд олон улсын стандарт хангасан нэг л арена байна. Шигшээ тоглолт, олон улсын лигийн тоглолтуудаа бид эндээ л зохион байгуулах боломжтой. Энэ нь бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Лигийн турш маш олон завсарлага таардаг учраас тойргийн тоглолтуудыг шахах тохиолдол гардаг. Гэхдээ нэг баг 48 цагийн дотор дахин тоглохгүйгээр зохицуулж байгаа. Олон улсын жишгээр 48 цаг бол боломжтой хугацаа гэж үздэг. Гадны лигүүд ихэвчлэн эзэн, зочноор аялан тоглолт хийж 2-3 хоногт хоёр тоглолт хийх тохиолдол цөөнгүй. Манайх нэг газраа тоглодог учраас 48 эсвэл 72 цагийн дараа тоглож байгаа. Мөн ФИБА-гийн календарь улирлын хуваарьт хамаарна. Манай ажлын төлөвлөгөөг тав, зургаадугаар сард гаргаж багуудад мэдээлэл өгнө. Үүний дагуу багууд бэлтгэлээ хийгээд явдаг.
-Лигийн багууд АНУ-аас дасгалжуулагч аваад ирдэг. Гэтэл Фиба-гийн эрхгүй гээд тоглолтод оролцуулдаг гэх асуудал гарсан?
-Энэ бол нэг талаасаа багуудаа хамгаалж буй асуудал. Ямар ч баталгаагүй, заримдаа СV буюу ажлын туршлагаа буруу мэдээллэсэн тохиолдол ч байгаа. Тиймээс бид олон улсын жишгийн дагуу ФИБА лицензээр шийдэж байгаа. Дасгалжуулагч гэрээ зөрчих асуудал үүсвэл баг ФИБА-д гомдол гаргах эрхтэй болно шүү дээ. Тиймээс гаднаас ирж байгаа дасгалжуулагчдад бид ФИБА-гийн лицензтэй байх шаардлага тавьж байна. Энэ бол олон улсын жишиг. Ямар нэг улсаас ирсэн хүн шууд лигийн топ түвшинд ажиллах боломжгүй. Тухайн улсаасаа ФИБА лиценз авч чадахгүй бол тэр улсынхаа шаардлагыг хангаагүй байх магадлалтай гэсэн үг шүү дээ.
-Дээд лигийн талбайд гурван импорт тоглогч гарах боломжтой болсон. Түүний нэг нь Ази импорт байх ёстой. Тиймээс талбай дээр хоёр Монгол тоглогч тоглох болж байна. Энэ нь хэр зөв шийдвэр бол?
-Япон улсын гэх мэт лигүүдэд Азийн импорт гэсэн квот байдаг. Манайхтай санамж бичиг байгуулсан улсуудад бид Азийн импортын квотыг гаргаж өгсөн. Үүний үр дүнд Монгол тоглогчдод гадагшаа тоглох боломж гарч байгаа учраас Азийн легионерын квотыг нээсэн хэрэг. Дээрээс нь энэ жил импорт тоглогчийн минутын хязгаарыг авсан. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгд, өнгөрсөн жилүүдэд монгол тоглогчдын ур чадвар харьцангуй өссөн. Тэгэхээр импорт тоглогчидтой тоглох минутаа илүү хуваалцах боломжтой болсон гэсэн үг. Хоёрт, манай багууд гадны лигийн тэмцээнд оролцоход тэнд дээрх дүрэм үйлчилдэг. Нөгөө талаасаа Монгол тоглогчид талбай дээр олон импорт тоглогчтой өрсөлдөж байж ур чадвар нь сайжирна. Тиймээс тамирчдаа мэргэжлийн болгох илүү бэлтгэх үүднээс энэ дүрмийг тавьсан.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.