ЭМЯ: Өнөөдрийн байдлаар 335 хүнийг тусгаарлаж, тандалт ажиглалт хийж байна

Өнөөдөр /2020.03.02/ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл,
“Иргэд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна. Хүүхдүүдийн амьсгалын замын халдварт өвчин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3-2.9 дахин буурсан байгаа нь үүнийг батална. Мөн ноднингийн энэ үед эмнэлгүүдэд 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол энэ жил 280 болж буурсан байна” гэлээ. Үүгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэвшсэнээр бусад халдварт өвчнүүдээс ч өөрсдийгөө болон хүүхдүүдээ хамгаалах боломжтой гэсэн санааг илэрхийлэв.
Мөн одоогийн байдлаар нийт 335 хүнийг тусгаарлаж, ажиглалт, тандалт хийж байна гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна.
Түүнчлэн иргэд, албан газрууд шинэ коронавирусийн халдвартай тэмцэх ажилд сайн дурын хандивыг ихээр өргөж байгаа талаар дурьдсан юм. Энэ талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, "1-30 сая төгрөг төдийгүй халуун аарц, чацаргана, хамгаалалтын хувцас, амны хаалт зэргийн хандив ирснийг холбогдох газруудад шуурхай хуваарилж байгаа. Эрүүл мэндийн яам нэг ч зүйлийг авч үлдэхгүй байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.