Авлига авч байгаад баригдсан ЭМЯ-ны хоёр мэргэжилтэн батлан даалтад гарчээ

АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн О, мэргэжилтэн Ч нарыг энэ сарын 15-ны өдөр хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Эрүүл мэндийн яамны ажилчид болох шинжээч Ү.Отгонбаатар, мэргэжилтэн Н.Чимэдлхам нар авлига авч байгаад баригдаж улмаар саатуулагдсан юм.
Тэднийг шүүхийн шийдвэрийн дагуу гурван хоног буюу тавдугаар сарын 15-17-ны хооронд цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ. Ийнхүү тэд урьдчилан хорих ангид саатуулагдан шалгагдаж байгаад батлан даалтад гарсан байна.Одоогоор тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал олгох замаар тусгай зөвшөөрөл олгож хээл хахууль авсан, удаа дараа авлига авсан гэх зэрэг хэрэгт буруутган үргэлжлүүлэн шалгаж байна.
Хэргийг тодруулбал, тэд эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн цагдан хорьсон нь хоёр хүнээс гадна дээрх хэрэгт хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа. АТГ-ынхан тухайн мэргэжилтэн нарыг хэд хэдэн удаагийн үйлдэлд нь анхаарлаа хандуулан ажиллаж байсан ба сүүлийн авлига авсан гэх асуудлыг нь газар дээр нь илрүүлжээ. Мэргэжилтэн ажилтай байсан О нь өмнө нь авлига авч байсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна.
Г.ҮҮЛТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.