НИЙГЭМ

СУРВАЛЖИЛГА: Баянхошуунд сүндэрлэж буй шинэ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

Улаанбаатарын хамгийн их хүн амтайд тооцогддог Сонгинохайрхан дүүрэг сайнтай муутай. Социализмын үеийн эрүүл хот төлөвлөлт, цэвэрхэн хотжилт энд амьдарна, басхүү хамгийн том гэр хороолол Баянхошуу ч тэнд амьсгална. “Хөгжлөө хүлээсэн Баянхошуу”, “Хотын хөдөө”гэхчлэн цоллуулдаг энэ их айлыг “Удахгүй биеэ даасан нэг дүүрэг болно” гэлцэх нь бий. Хамгийн ухаалаг хот төлөвлөлт, чанартай бодлого нэн түрүүнд дутагддаг Улаанбаатарын энэхэн хэсэгт шинэ бүтээн байгуулалтууд босч байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2016 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 73-р тойргоос сонгогдсон нь чухамхүү Баянхошуу. Сонгогдсон тойрогтоо хичээнгүйлэн хүрч ажилладаг жишиг манайд нэгэнтээ тогтсон. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн, хийж эхэлсэн ажлууд нь ямар явцтай, хэр урагштай буйг сонирхож УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын ажлын хэсэгтэй хамт Баянхошууны дөрвөн хороонд зорчиж бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ-

Сонгинохайрхан дүүргийн 73-р тойргийн нутаг дэвсгэрт 8, 10, 11, 28-р хороод хамаардаг. Сургуулийн гурав, цэцэрлэгийн зургаан барилгын төсөл дээр санхүүгийн төсөв батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байв.

28-р хороонд “Бумба-Од” ХХК-ийн гүйцэтгэх “640 хүүхдийн суудалтай сургууль” баригдахаар зэхэж буй газар дээр сурвалжлах баг түрүүлж очсон юм. Энд амьдарч байсан 19 айлын газрыг чөлөөлөх ажил явагдаж дуусах шатандаа орсон байсан бөгөөд хоёр айл нүүгээгүй үлдсэн байв.“Бумба-Од” ХХК-ийн барилгын талбайн инженер А.Өлзийсайханаас тодруулга авахад, 

“Энд газраа чөлөөлөөгүй хоёр айл үлдсэн. Газар бүрэн чөлөөлөгдсөний дараа барилгын ажил эхлэх ёстой. Хуучин байсан жижиг байшин, барилгуудын суурь, үлдсэн хогийг цэвэрлэж янзалж эхлээд 10 гаруй хонож байна. 640 хүүхдийн суудалтай барилга баригдана. Барилгын хэмжээ 60х16, спорт заалтай. Заалны хэмжээ 30х18. Барилгын ажил энэ онд эхлээд 2020 оны наймдугаар сард дуусахаар төлөвлөж гэрээ хийсэн байгаа” гэсэн юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ажлын явцтай танилцах явцдаа газраа чөлөөлөөгүй айлын иргэдтэй даруй уулзан ашиг сонирхлын зөрчилдөөнийг шийдэж, барилгын ажлыг түргэтгэхийг үүрэг болгож байв.

Үүний дараа барилгын ажил нь явагдаад дуусах дөхөж буй цэцэрлэгийн байран дээр /28-р хороо/ ирлээ. Өндөрлөг газар дээр баригдаж буй учир огцом уруудсан цавчим хэсгийн газар төлөвлөлтийг ашигтайгаар хэрхэн шийдэх талаар ажил гүйцэтгэгчид хэлэлцэж байв. Барилгын ажлыг гүйцэтгэж буй “Глобал Рост” компанийн гүйцэтгэх захирал Б.Цогт,

“Өнгөрсөн жилийн наадмын дараагаас барилгын ажил эхэлсэн. Хуучин ашиглагддаггүй, бага зэрэг тохижолт хийчихсэн талбай байсан. Манай компани цэцэрлэгийн тендерт шалгарч, доор байгаа айлуудын газрыг чөлөөлж, 150 ортой хүүхдийн цэцэрлэг барилаа. Цахилгаанаар хална. Бохироо эндэх худгаасаа соруулна, цэвэр усаа төвийн шугамаас татна. Газрын хувьд өндөрлөг, довцог шиг газар. Газар шорооны ажил ихтэй байгаа нь бага зэргийн хүндрэл үүсгэж байна. Наадмын дараа комиссоо ажиллуулаад, наймдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад орно гэж тооцож байна” хэмээж байсан юм.

Үүнээс цааш мөн нэгэн сургуулийн барилга баригдах учиртай талбай дээр шалгалт хийцгээв. Барилгын ажил хараахан эхлээгүй, төсөв батлагдаагүй гэх шалтгаанаар зогсонги байдалд байлаа. Харин хуучирч муудсан барилгыг нь шинэчлэн засварласан, үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг дээр очиход, өвөл засварын ажил хийсэн тул зарим нэг будаг, шохой зуны цагт хуулран унаж байна гэснээс өөр асуудалгүй угтлаа. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар цэцэрлэгийн барилгыг улам сайжруулахад шаардлагатай мөнгөн төсвийн тооцоог гаргавал, баталж өгөхөө амлаж байв.

-ГАР УРЛАН, ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ-

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсаны дараа мөн 28-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюунлаг ирээдүй” хүүхэд хөгжлийн төв болон, гар урчуудын төв дээр зочилсон юм.

Хэвлэлийнхний анхаарлыг тус гар урлалын төв ихээхэн татав. Янз бүрийн насны эмэгтэйчүүд оёж хатгаж, эсгэж индүүдэж төрөл бүрийн материалтай дээл хувцас, монгол гутал үйлдвэрлэж байлаа. Эсгийгээр хийсэн малгайг нь гадны хүмүүс сонирхон худалдаж авдаг гэв. Урд хөрш рүү урлангийн бүтээгдэхүүнүүдээ гаргах зорилготой байгаа тухай тэд хэлж байлаа. Ажиллагсдыг хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай, нялх хүүхэдтэй гээд олон эмэгтэйчүүд бүрдүүлж байсныг онцлууштай.

“Д.Сумъяабазар сайд болон түүний туслахууд санаачилга тавьж, алслагдмал дүүргийн хүмүүсээ эндээ ойрхон хөдөлмөр эрхэлж байх газартай болгоё гэсний үүднээс нэгдэн нийлсэн. Ихэвчлэн өрхийн амьжиргааны түвшин доогуур хүмүүс энд ажилладаг. Гар урлалын бүтээл гэдэг шөнө өдөргүй хийх болдог. Тийм учраас тэд хол явж, автобус унаанд мөнгө үрэхгүй эндээ байрлаж, хүссэнээрээ ажиллаж хөдөлмөрлөдөг давуу талтай. Арьсан урлалын, монгол гутлын, эсгий урлалын, оёдлын гэсэн дөрвөн бүлэг ажиллаж байна. Үндэсний баяр наадам болох гэж буй учраас ширмэл ширдэг, монгол дээл, гутлыг ихэвчлэн үйлдвэрлэж байна.” Гэж тус гар урлалын “Ховор угалз” ХХК-ийн захирал н.Сувд-Эрдэнэ хэлж байв.

“Оюунлаг ирээдүй” хүүхэд хөгжлийн төв бүр чиг сонирхолтой. Энд шатрын, гадаад хэлний, компьютерийн гэх мэт сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг аж.

“Би өнгөрсөн аравдугаар сард ажилд орсон. Манайд хүүхдийн номын сантай, үнэгүй ном унших нөхцлийг бүрдүүлсэн. Шатар даам, англи хэл, компьютерийн сургалтууд маань бас үнэгүй явагддаг. Зөвхөн энэ хавийн ч биш, бүх газраас зорьж ирээд манай хүүхэд хөгжлийн төвд хамрагдах боломжтой” гэж тус төвийн шатрын багш Б.Мягмарцэцэг хэллээ. Хүүхэд хөгжлийн төвийн барилга өнгөрөгч онд баригдан ашиглалтад орсон ажээ.

73-р тойрог дахь бүтээн байгуулалтын ажлын явцын талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас товч тодруулга авахад,

“Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд гурван ээлжээс хоёр ээлж рүү шилжих шаардлагатай. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутай газар. 150 ортой хүүхдийн цэцэрлэгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар шахуу ажиллаж байна. Гол нь иргэд газраа чөлөөлж өгвөл, бүтээн байгуулалтын ажил хурдацтай явагдах боломж нөхцөл бүрдэхээр байна.” гэсэн юм.

-ГҮНЖИЙН НУУР-

Баянхошууны “Баян бүрд” гэж нэрлэгддэг Гүнжийн нууранд зочлов. Хэн хүний мэдээд байдаггүй нуур энд байрладаг ажээ. Хуучин “үмхий ногоон” гэх нэртэй, бохирдол ихтэй байсан уг худгийг бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэвэрлэж янзалсан байх бөгөөд, соёл амралтын газар болгохоор зорьж буй аж.

Биднийг ирэхэд нуурыг тойруулан хашаа хатгаж, амарч нарлах боломжтой саад, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай тэргүүтнийг барьж босгосон байв. Үүнээс цааш хийгдэх ажил олон гэдгийг холбогдох ажилтнууд хэлж байв. Гүнжийн нуурын хашаан дотор мөн хүүхдийн номын сан баригджээ. Дотор орвол төрөлжүүлэн ангилсан олон номууд өрөөстэй байх бөгөөд нас бүрийн хүүхдүүдийн боловсорч хөгжих орчинг бүрдүүлсэн нь харагдана.

Сургууль цэцэрлэг, хүүхэд хөгжлийн төв, соёл амралтын газраас гадна 120км урттай автозам тавих ажил аль хэдийнэ явагдаж эхэлсэн байв. Зарим айл иргэд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн автозамын ажил маш ихээр саатаж байгааг барилгын инженерүүд хэлнэ. Шуурхай, зарчимч УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын ажлын хэсэг ирэх онд дээрх бүх ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгана гэсэн зорилтыг тавин ажиллаж байна.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нуурын хүн
нуурын хүн
8 сар 25, 2019 22:45

Цэцэрлэг баригдаж байгаад зогссон, замын тухайд газар чөлөөлөх гээд байгаа юм байхгүй. Бас дороосоо ундрагатай жинхэнэ нуурыг худаг гэж бичжээ сэтгүүлчээ

Холбоотой мэдээ

Back to top button