ОЮУ ТОЛГОЙ: Туркоиз Хилл, Рио Тинто нар Арбитрт “зодолдоно”

Өнгөрөгч аравдугаар сард “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” компанийн удирдлагуудыг АНУ-ын шүүх яллагдагчаар татсан тухай мэдээлэл хөвөрсөн. Харин энэ сард “Turquoise Hill Resources” нь “Rio Tinto”-гоо арбитрын шүүхэд өгөөд байна.
-САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭСЭН Ч ШҮҮХЭД ХАНДАВ-
Тодруулбал өнгөрөгч пүрэв гарагт /2020.11.05/ Туркоиз тал Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, Оюу толгой төслийн санхүүжилт дээр үүссэн маргааныг гуравдагч этгээдийн оролцоотой шийдвэрлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Ингэхдээ далд уурхайгаас алт олборлох эрхээ худалдаж санхүүжилт босгох ба ийм замаар өрийн дарамтаа бууруулахаар тооцсоноо дурдсан байна.
“Rio Tinto” компани энэ тал дээр байр суурь илэрхийлээгүй байна. “Бидэнд мэдээлэл ирээгүй байна” гэж хариулснаас нь хойш өнөөдрийг хүртэл ямар нэг ил мэдээлэл алга.
“Turqoise Hill Resources” Рио талын Оюу толгойн төслийн өрийг нэмж, хугацааг хойшлуулж байгаа нь анх тохиролцсон стратегитэй нийцэхгүй байна хэмээн үзэж буй. Тэд хаалттай Арбитрын ажиллагаа явуулж, 3-5 сарын дараа гарах шийдвэр нь хоёр талд хоёуланд нь ашигтай байх болно гэж мэдэгджээ.
Уншигчдад мэдээлэл өгөхөд, Оюу толгойн далд уурхай уг нь 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байв. Гэтэл 2019 оны долдугаар сард “Rio Tinto” компани гэнэтхэн геологийн тогтцын хувьд урьдчилж тооцоолоогүй асуудал тулгарлаа гэх мэдэгдлийг хийсэн. Үүнээс үүдэж далд уурхайн эхний олборлолтыг 2022 оноос нааш хүлээх хэрэггүй болсон ба уурхайг барьж байгуулахад шаардагдах санхүүжилт 1.3-1.8 тэрбум ам.доллараар нэмэгдсэн билээ.
Өөрөөр хэлбэл “Rio Tinto” явцын мэдээг тайлагнаж явалгүй нэг л өдөр төсөл сунах болсон талаар зарласан нь Монголын талд хийгээд хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарт том цохилт болсон. Нэгэнт эхний олборлолт хийгдэж эхлэх хугацаа бүтэн хоёр жилээр сунгаж, тооцоолоогүй нэмэлт санхүүжилт гарч ирсэн тул “Turquoise Hill Resource”-д болоод тус компанийн хувьцаа эзэмшигч компаниуд хүнд алдагдал хүлээх нь ойлгомжтой.
Сануулахад, “Оюу толгой” төслийн 66 хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг юм. Харин “Rio Tinto” тус компанийн 50.6 хувийг эзэмших замаар “Оюу толгой” төслийг удирддаг.
-ХЭРЭВ ТУРКОИЗЫНХООР БОЛБОЛ “РИО ТИНТО” УЛАМ ХҮНД БАЙДАЛД ОРНО-
Уг нь энэ асуудлаар Рио, Туркоиз нар саяхан буюу 2020 оны есдүгээр сард хэлэлцээрийн ширээний ард сууж, санамж бичигт гарын үсэг зурцгаасан билээ. Хэлэлцээр Туркоиз талд ашиггүй байдлаар хийгдсэн юм. Тодруулбал, “Rio Tinto” компани Оюу толгой төслийн үндсэн зээлийн төлөгдөх хугацааг сунгах буюу зээлийг дахин санхүүжүүлэх ба үүний тулд олон улсын зах зээлээс 500 сая ам.доллар босгоно хэмээсэн. Харин үүнээс цааш дахиж өр тавихгүй бөгөөд үлдэгдэл санхүүжилтийг “Turquoise Hill Recources” компанид даатгахаар болсон. Ингэснээр Туркоиз тал Риогийн үлдээсэн өрийн төлбөрийг өөрсдийн хувьцааг худалдах замаар босгохоос өөр аргагүй болсон. Ийм ч учраас тэд өөр арга эрэлхийлж, холимог зохицуулалтад орохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байдаг.
Хоёр тал аль алиныхаа ашиг сонирхлыг уг хэлэлцээрээр хангаж чадаагүй тул “Turquoise Hill Resources” ийн Арбитрын шүүхэд ханджээ. Гэхдээ шинжээчид Риогийн талд орж байна. Өөрөөр хэлбэл ийм байдлаар шийдэх нь “Rio Tinto”-д ашиггүй, компани бүр хэтийдсэн хариуцлагыг өөртөө хүлээж хоцорно. Арбитрын шүүх бол зүгээр л хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлоос зугтах гарц юм гэсэн байр суурийг “BMO Capital Markets” банкны шинжээч Эдвард Стерк, “Odey Asset Management” сангийн менежер Хенри Стил нар илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.