ДЭЛХИЙ

Тахлын үеэр дэлхийн алдартай хотууд ШИНЭ ЖИЛЭЭ хэрхэн тэмдэглэх вэ

Ихэнх улс орнууд цар тахлын улмаас томоохон баяр ёслолуудыг өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй билээ. Сүүлд л гэхэд барууны улсууд баярын өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоосон.

Тэгвэл шинэ оны баярыг дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэдэг тухай харцгаая.

СИДНЕЙ

Австралийн албан тушаалтнууд коронавирусийн улмаас Сиднейн боомтын гүүрэнд болдог галын наадмыг үзэхийг хоригложээ.

Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагч Глэдис Бережиклиан "шинэ жилийн баяраар иргэдийг гэртээ 10 хүртэлх хүн урьж болно” хэмээжээ. Хэрэв өөр хотын иргэд айлчлах бол нэвтрэх зөвшөөрөл авах ёстой юм.

Тус галын наадмыг үзэхээр жил бүр сая гаруй хүн цуглардаг байжээ. Харин энэ жилийн хувьд зөвхөн тус бүсэд амьдардаг хүмүүс л галт наадмыг шууд дамжуулалтаар үзэх боломжтой аж.

ОКЛАНД, ШИНЭ ЗЕЛАНД

Окланд хотын “Sky” цамхаг болон Боомтын гүүрэнд болдог шинэ жилийн баярын үйл ажиллагааг уламжлал ёсоор хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус хотын дарга Фил Гофф Шинэ Зеландчууд “КОВИД-19”-ийг дарахын тулд гайхалтай хичээл зүтгэл гаргасан тул таван минутын галын наадмыг үзэх эрхтэй хэмээсэн юм.

Тэрбээр “Бид энгийн амьдралдаа буцаж орсон азтай хүмүүс. Хүмүүс ажил, сургуульдаа явж,найзуудтайгаа уулзах боломжтой болсон бөгөөд бид одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн нээлттэй эдийн засагтай улсуудын нэг. Үүнийг тэмдэглэх хэрэгтэй. Окланд хотынхон үүнийг тэмдэглэх хамгийн тохиромжтой арга бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа юм” гэсэн байна.

РИО ДЕ ЖАНЕРО

Өнгөрсөн оны шинэ жилийн баяраар Копакабана далайн эрэг дээр 3 сая гаруй хүн цугларч үдэшлэг хийжээ.Харин энэ жил тус үйл ажиллагаа онлайн хэлбэрээр явагдах учир галын наадам, урлагийн тоглолтуудыг зөвхөн шууд дамжуулалтаар л үзэж боломжтой юм.

Бразилын өөр нэгэн томоохон баяр болох Риогийн багт наадам мөн цуцлагджээ. 1912 оноос хойш анхны удаа тус баяр цуцлагдаж байгаа тохиолдол юм гэнэ. Сонирхуулж хэлэхэд Риогийн багт наадам Дэлхийн хоёрдугаар дайны үед хүртэл явагдаж байжээ.

НЬЮ-ЙОРК

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шинэ оныг угтах Нью-Йорк хотын “Times Square”-д болдог бөмбөлөг буулгах ёслолын арга хэмжээг олон хүн үзэхээр цуглардаг билээ. Энэхүү баярын үйл ажиллагааг хамгийн анх 1904 онд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1907 оноос хойш бөмбөлөг буулгах ёслолын арга хэмжээг хийсээр ирсэн байна.

Нэг зууны турш явагдсан тус арга хэмжээ энэ удаа онлайнаар явагдах  юм. Баярын үйл ажиллагааг хүмүүс телевизийн шууд дамжуулалт эсвэл апликейшний тусламжтай үзэх боломжтой аж. Тус арга хэмжээг зохион байгуулдаг Тим Томкинс “12-р сарын 31-ны өдөр цаг хугацаа өнгөрөн он солигдох үе мөч хэзээ ч солигдохгүй. Харин энэ жил амьд үзүүлбэрийн оронд цахим, дүрс бичлэгийн үйл ажиллагааг “Times Square”-д явуулах болно” хэмээжээ. Шинэ жилийн өмнөх өдөр “Times Square”-г цагдаа нар хамгаалалтад авах тул олон нийт тэнд цугларах боломжгүй байх юм.

ХОНКОНГ

Викториа боомт дээр жил бүр зохион байгуулагддаг галын наадам, түүнчлэн ирэх хоёрдугаар сард болох Цагаан сарын парадыг коронавирусээс болж цуцалсан байна. Ингэснээр дээрх баярууд хоёр дахь жилдээ цуцлагдаж буй юм.

Хонконгчууд өнгөрсөн жил болсон Засгийн газрын эсрэг жагсаалын улмаас шинэ оноо угтах арга хэмжээ болон Цагаан сарын парадыг сүртэй тэмдэглэж чадаагүй юм байна.

ЛАС ВЕГАС

Жил болгон 80 мянга гаруй салют ашиглан галын наадам хийдэг Лас Вегасын хотын шинэ оноо угтах үйл ажиллагаанд 300 мянга гаруй хүн оролцдог ажээ. Тэгвэл Лас вегас бусад дэлхийн томоохон улсуудтай ижил шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээгээ онлайнаар явуулах болжээ.

Харин Лас Вегас хотын Фремонт гудамжинд болдог үдэшлэгт цөөн тооны бугуйвч худалдаж авсан хүмүүс л оролцох юм. Өнгөрсөн жил уг арга хэмжээнд 30 мянга гаруй хүн цугларч шинэ оноо угтаж байсан ажээ.

Эх сурвалж: Sky news, Fodors Travel

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button