УЛС ТӨР

ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн хэрэгжих Шүүхийн тухай хуулийн онцлох заалтууд

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг 2020 оны хавраас эхлэн, бараг нэг жилийн хугацаа дамнасаар энэ оны нэгдүгээр сард батлагдсан. Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэдэг агуулга нэлээд хэлэлцэгдсэнийг уншигчид санаж буй. Ерөнхийлөгч ч тус хуулийн төсөлд хориг тавьж, харин УИХ хүлээж аваагүй удаатай.

Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг томилоход Ерөнхийлөгч оролцохгүйгээр заагдсан. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулсан заалт хэмээн тайлбарладаг. Харин Ерөнхийлөгчид Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон бүх шатны шүүгчийг томилох эрх нь хэвээр байгаа юм.

Түүнчлэн Дээд шүүх дээр хэт олон хэрэг бөөгнөрч байна гэдэг үүднээс анхан болон давж заалтах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэлэлцэхгүй гэсэн агуулга ч орсон юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахалсан ажлын хэсэг ажиллаж батлуулсан Шүүхийн тухай хуулиас онцлох заалтуудыг түүвэрлэн хүргэж байна.

  • 32.1.Хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна.
  • 36.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.
  • 36.2.Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр  дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн[1] 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.
  • 36.5.Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.
  •  39.1.Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноор шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэнд тооцогдох бөгөөд дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь сэргэнэ.
  • 40.2.Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, чөлөөлнө:
  • 40.2.1.шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан;
  • 40.2.2.эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;
  • 40.2.3.шүүгч Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноос бусад ажил, албан тушаалд шилжсэн, томилогдсон, сонгогдсон;
  • 40.2.4.Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх, зөвшөөрөл авсан;
  • 40.2.5.шүүгч Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон;
  • 40.2.6.шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
  • 40.2.7.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
  • 40.2.8.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
  • 40.2.9.шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн.
  • 44.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
  • 44.3.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно.
  • 44.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн баримттай танилцуулахыг хэргийн оролцогчоос бусад этгээд шүүгчээс шаардахыг хориглоно.
  • 45.1.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
  • Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
  • 56.1.1.хаалттай сануулах;
  • 56.1.2.нээлттэй сануулах;
  • 56.1.3.цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;
  • 56.1.4.шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;
  • 56.1.5.огцруулах.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button