НИЙГЭМ

Эмгэнэл: Монгол Улсын начин Б.Шоовдор таалал төгсжээ

Монгол улсын начин Балын Шоовдор нь 2021 оны 05-р сарын 07 -ний өдөр өвчний улмаас нас нөгчиж, бөхийн гэр бүлд хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1939 оны Туулай жилийн хавар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Тулгат багийн "Хэвтээгийн овоо заг” хэмээх газар Чогсомын Балын отгон хүү нь болон мэндэлжээ.

Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж, Баяндалай сумын бага сургуульд суралцан төгссөн байна. Ажил хөдөлмөрийн гараагаа Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд орж сум орныхоо бүтээн байгуулалтад оролцож байв. Талийгаач нь 1965-1971онд Хүрмэн сумын Сүхбаатар зам нэгдэлд жолооч 1973 онд Говийн мэдээ сонины газарт жолооч 1973-1981 онд аймгийнхаа 16-р баазад жолооч 1981-1983 онд НААҮГ-т жолооч 1983 оноос "Гурван сайхан” нисэх онгоцны буудалд ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан юм.

Тэрбээр 1960 оноос спортын гараагаа эхэлж анх Аймгийн начин цол хүртэн тэр жилдээ Дархан хотод цэргийн албанд татагдаж, 1962 онд Ардын Хувсгалын 41 жилийн ойгоор Дархан хот байгуулагдсаны анхны наадамд түрүүлж, Аймгийн Арслан цол хүртсэн байна. Улмаар 1963 онд Бага цэнгэлдэхэд улсын цолтой бөхчүүдтэй барилдаж, 1964 онд Дундговь аймгийн баяр наадамд шөвгийн дөрөвт үлдэж, 1970 онд Улсын баяр наадмын 49 жилийн ойгоор 3 давж, 1973 онд Өмнөговь аймгийн наадамд үзүүрлэн, 1974 онд Аймгийн баяр наадамд түрүүлсэн байдаг.

1976 онд Улс Хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар 5 давж шөвгөрөн Монгол Улсын начин цол хүртсэн. Улсын начин Шоовдор нь 1960-1970 оны сүүл хүртэл улс, аймаг, сум орон нутгийнхаа баяр наадамд зодоглож, түрүүлж үзүүлэн түмэн олноо баясгаж байлаа. Тэрбээр биеэр жижиг боловч их барилдаанч, хүч бяр сайтай, хэр баргийн бөхөд ааглуулдаггүй чадварлаг бөх байжээ.

Б.Шоовдорын улс нийгэмдээ хөдөлмөрлөж гаргасан амжилтуудыг орон нутаг болон төр засаг өндрөөр үнэлж Говийн мэдээ сонины 70 жилийн ойн медаль, Хүрмэн сумын хүндэт иргэн, Нийслэлийн 90 жилийн ойн медаль, Самбо бөхийн 40 жилийн медаль, Тулгар төрийн 800 жил, Эх орны төлөө медаль, Монголын биеийн тамирын тэргүүний ажилтан, төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Монголын Ардчилсан холбооны Чингисийн одонгоор тус тус шагнаж байжээ.

Б.Шоовдор нь бөхийн спортод сэтгэл зүрхээ зориулж, олон сайхан уран барилдааны ид хавыг үзэгч олон ард түмэндээ үзүүлж, удам дамжсан бөхчүүдийг төрүүлж, говь нутгийнхаа нэрийг Монгол бөхийн дэвжээн дээр цуурайтуулсан бид бүхний хүндлэл хайрыг хүлээсэн эрхэм хүмүүн байлаа. Тэрээр наадмын торгон дэвжээнд хүч үзэн барилдахаас гадна хурдан морь уяж аймаг сумын наадамд торгон жолоо өргүүлж байсан.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, тусч өгөөмөр, ажилч хичээнгүй, аливаад тууштай, шударга , зан чанар, үр хойчдоо үлдээх үлгэр дуурайл, бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилт, ялалт бүхэн тань бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button