УЛС ТӨР

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 10 их наядын санхүүжилт шаардлагатай

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.06.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг боловсруулжээ.

Төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй тус тус уялдуулан боловсрууллаа. төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан.

Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх саналтай зорилт, арга хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар санал авч, шаардлагатай саналыг тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ онцлов.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний төсөл нь 6 бүлэг, 23 зорилттой бөгөөд 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг төлөвлөгөөний төслийн хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, зарим газар, агентлагийн дарга, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сүүлийн 30 жилд анх удаа Монгол Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөг батлах гэж буй нь их хариуцлагатай ажил гэдгийг онцлоод жилийн төлөвлөгөө нь хөгжлийн дунд, урт хугацааны бодлоготой хэр уялдсан, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хэрхэн нөлөөлөх талаар тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэж байгаа хэдий ч энэ нь ирэх жилийн төсвийн суурь болно. Гэтэл төсөлд макро эдийн засгийн суурь үзүүлэлт болон бодлогын томоохон асуудлуудаа тусгаагүй, хөтөлбөрийн шинжтэй болсон байна гэж үзэж буйгаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар төрийн өмчийн байгууллагуудыг цэгцлэх, алдагдалгүй ажиллуулах, менежментийг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах асуудал тусгагдаагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Х.Баделхан, Ё.Баатарбилэг, Д.Ганбат, С.Ганбаатар, Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Б.Баттөмөр, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, П.Анужин, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ж.Мөнхбат нар төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Гишүүдийн асуултад хариулт өгсөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж:-Хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөний тухайд анх удаа орж ирж байгаа баримт бичиг учраас дутуу дулимаг зүйл байгааг үгүйсгэхгүй. Цаашид боловсронгуй болгох талаар ажиллах болно. Төлөвлөгөөнд оруулах бодлого, арга хэмжээний талаар яамдаас санал авч, хөрөнгийн эх үүсвэртэй, эх үүсвэр бүрдэх боломжтой гэж үзсэн ажил, арга хэмжээг тусгахыг хичээсэн.

Энэ жил болон ирэх жилийн тухайд Чингис, Гэрэгэ бондын төлбөрийн асуудал бий. Өрийн удирдлагын тухай хууль, өрийн менежментийн стратегийн дагуу Засгийн газарт өрийн зохицуулалт хийх эрх өгсөн. Энэ жилийн тухайд улсын төсөв батлах үед 2.4 их наяд төгрөгт багтааж ийм зохицуулалт хийх эрх олгосон. Энэ хүрээнд Засгийн газар тодорхой шийдвэр гаргаад ажиллаж байгааг тодотгов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:-2022 онд улсын хэмжээнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихад 83.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ хөдөөгийн сумд болон Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Ганц жишээ хэлэхэд 300-гаас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна. Ер нь сум, нийслэлийн хороо бүрт 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгож зохион байгуулах чиглэлээр шийдэх бодлого барьж байгаа. Одоогоор нүхэн жорлонтой байгаа 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд 670 гаруй сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулна, ийм боломж бий. Харин ирэх онд 5-9 дүгээр ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулахад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан: Төв банк түүхэндээ байгаагүй ихээхэн хэмжээний валютын нөөцтэй болсон, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, валютын ханш 10 сарын туршид тогтвортой байгаа зэрэг сайн үзүүлэлт байна. Мөн төсвийн орлого таван сарын байдлаар 98 хувьтай гарсан нь чамлахаар тоо биш. Гэхдээ гол түүхий эдийн үнэ ханш дээр асуудал бий. Санаж бодсоноор болж өгөхгүй байгаа зүйл ч бас байна. Удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа гэдгээ хэлж байв. Түүнчлэн гишүүдийн асуултад Засгийн газрын бусад гишүүд болон Үндэсний хөгжлийн дарга, холбогдох бусад албан тушаалтнууд хариулт, нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тухайн жилд бодлогын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр зэрэг нь тодорхой бус байгааг анхааруулахын зэрэгцээ зарим салбарт хэрэгжиж нэгэнт эхэлсэн ажлуудыг төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй байсан, төлөвлөгөөнд хөгжлийн бодлогын асуудлууд бүрхэг туссан, салбарын яамдын жилийн үйл ажиллагааны хөтөлбөр маягтай болсон байна гэж үзэж буйгаа хэллээ. Нөгөө талаар энэ нь хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө биш хөгжлийн төлөвлөгөө учраас бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой, ТЭЗҮ нь хийгдсэн, хэрэгжих бодитой ажлуудыг тусгах шаардлагын үүднээс ажлын хэсэг гарган сайн ярилцаж чамбайруулах хэрэгтэйг онцолж байв. Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Сэргэлэн, Д.Ганбат, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, С.Чинзориг, Т.Доржханд, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Б.Дэлгэрсайхан, Ж.Чинбүрэн нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь “Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button