Нийгмийн

Хэнтий аймгийн сумдыг авто замаар холбоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн 24-26-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар ажлын хэсэгт хамт ажилласан бөгөөд тус аймагт одоо баригдаж байгаа болон ирэх жилүүдэд баригдах хатуу хучилттай авто зам, “Өндөрхаан” нисэх онгоцны буудал зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцав.

Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хэд хэдэн сумдыг хатуу хучилттай авто замаар холбохоор болсон. Энэ хүрээнд одоо баригдаж буй зам, гүүрийн барилга угсралтын бүтээн байгуулалтууд, мөн 2021-2024 онд шинээр баригдах хатуу хучилттай авто замын чиглэл, трассыг газар дээр нь очиж судлан сум, орон нутгийн удирдлагууд, иргэдийн саналыг сонслоо. 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Жаргалтхаан сум хүртэл 50 км, Жаргалтхаан сумаас Өмнөдэлгэр сум хүртэл 54 км, Өмнөдэлгэр сумаас Биндэр сум хүртэл 120 км, Өндөрхаан-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр чиглэлийн 190 км хатуу хучилттай авто зам барих трассын дагуу явж газар нутгийн онцлог, гол, усны голдирол, хөрсний бүтэц зэргийг судалж, замын зураг төсөв боловсруулахад юун дээр анхаарах вэ гэдэгтэй ажлын хэсгийнхэн танилцсан.  

Зам, тээврийн сайд Л.Халтарын хувьд очиж уулзсан сум бүрийн удирдлагуудад хоёр зүйлийг онцгойлон анхааруулж байсан. Нэгдүгээрт, авто зам тавигдах маршрут, трассын дагуу газар олголт хийгдээгүй байх, хийгдсэн бол цэгцэлсэн байх, хоёрдугаарт, түгээмэл тархацтай ашигт малтмал болон ашигт малтмал ашиглах, хайх тусгай зөвшөөрлүүдийг цэгцэлсэн байхыг чиглэл болгов.   

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат орон нутагт, тэр дундаа түүхэн дурсгалт газруудыг түшиглэж цогцолборууд байгуулахаар болсонтой зэрэгцээд агаарын болон авто замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлага байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт энэ үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ингэснээр тус аймагт гадаад, дотоодын аялал жуулчлал хөгжихөөс гадна хөрш ОХУ, БНХАУ-ыг босоо тэнхлэгээр холбосон авто замын сүлжээ бий болж, зам дагаж хөгжил ирдэг гэдэгчлэн нутгийн иргэдэд ажлын байр нэмэгдэх, бодитой орлого бий болох байдлаар үр өгөөж нь шууд болон шууд бусаар ирэх  ач холбогдолтой. Зөвхөн нутгийн иргэд төдийгүй монголчуудын хувьд маш том давуу тал бий болно хэмээн онцолж байлаа. Тэрбээр, ” Манай аймаг бол Монголын түүхэн он цагийг өөртөө шингээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой. Их эзэн Чингис хааны төрөлх нутаг гэдгээс эхлээд “Монголын нууц товчоо” бичигдсэн, төрт улс үүсэн бий болсон туурь оршдог, Их Монголын анхны их хуралдай хуралдаж байсан гэх зэргээр уул, ус, тал, хээр, дов толгод бүр нь түүхэн он цагтай холбогддог. Энэ бүхнийг хадгалж үлдээхийн тулд Хэнтий аймагт ойрын жилүүдэд түүхэн хэд хэдэн цогцолборуудыг бүтээн байгуулахаар зорьж байна. Эдгээрийг хатуу хучилттай авто зам, агаарын тээвэр зэрэг дэд бүтцээр 2024 он гэхэд хооронд нь холбож гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байгаа. Үүнийг бодитой ажил болгохын төлөө орон нутгийн зүгээс өөрсдийн хэмжээнд идэвхитэй ажиллаж байгаа. Хэнтий аймагт одоо баригдаж буй Өндөрхаан-Бэрх-Норовлин-Дадал, Бор-Өндөр-Даланжаргалан чиглэлийн хатуу хучилттай авто замуудыг ашиглалтанд оруулснаар хойшоо Ульхан боомтоор ОХУ руу, урагшаа Замын-үүд боомтоор БНХАУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдох боломжтой болно.” гэлээ.

Жаргалтхаан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Биндэр сумдыг хооронд нь холбох авто замуудын трасстай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарын хамт өнөөдөр газар дээр нь танилцав.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгохоор Засгийн газар шийдвэрлэсний дагуу нийт зураан томоохон цогцолбор баригдахаар болсон. Тиймээс эдгээр цогцолборуудыг дэд холбох, тус аймгийн босоо тэнхлэгийн дагуу авто замын тойрог хэлбэрийн сүлжээ бий болгох хүрээнд хэд хэдэн томоохон бүтээнм бйагуулалт хийгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button