НИЙГЭМ

Нийслэлд 07:00 цагаас эхлэн замын ачаалал нэмэгджээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ.

Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид өглөөний 06:30 минутаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна.

Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, хөдөлгөөний ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай аюулгүй хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулалт хийж байгаа юм.

Энэ талаар ТЦА-ын Замын Цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат: “Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээлийн шинэ жил хийгээгүй. Тиймээс иргэд, хүүхэд багачууд хичээлдээ идэвхтэй хамрагдаж, улмаар тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна. Тиймээс Цагдаагийн байгууллагын зүгээс явган хүний гарц, уулзварт зохицуулалт хийж, тээврийн хэрэгслийн гэрлийг асаах, хүүхэд тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавих зэргээр ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал дулаахан байгаа учраас иргэд явганаар болон унадаг дугуйтай зорчих нь их байна.

Тиймээс эцэг эхчүүд гудамж замд хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ биеэсээ салгахгүй, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна. Харин унадаг дугуйтай зорчигчид явган хүний гарцаар гарахдаа дугуйгаа түрэх, явган зорчигчийн замаар явахдаа бусдын аюулгүй байдлыг хангаж болгоомжтой явах хэрэгтэй. Үүн дээр мөн цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Сургууль орчмын эргүүл буюу “school police”-тэй хамтарч, тогтмол мэдээ мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийг хурдан шуурхай зорчуулах тал дээр онцгой анхаарч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд алба хаагчид болон камераар хяналт тавин ажиллаж байгаа. Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад өглөөний 06.00 цагаас оройны 22.00 цагийн хооронд автобусны буудал орчимд суудлын авто машин зогсохыг хориглосон байдаг.

Гэтэл замын хөдөлгөөнд автомашинтай оролцож байгаа иргэд автобусны буудал дээр зогсдог. Үүнээс үүдэн нийтийн тээврийн хэрэгслүүд буудал дээрээ зогсож чаддаггүй бөгөөд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, тээврийн хэрэгслийн осол гарах эрсдэл үүсдэг. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслийн буудлуудад хяналт тавьж байна гэлээ. Иргэдийг замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулахын тулд цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ хичээнгүйлэн ажиллаж байна. Тиймээс та замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоорой. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо:

-Хүүхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүс бүслүүлж хэвших,

-Гарцаар гарахдаа гэрлэн дохиогоо харж, анхаарал болгоомжтой зорчих,

– Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийнхээ оврын гэрлийг асаах,

– Замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтаж “Хичээл эхэллээ” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээний хүрээнд сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, боловсролын байгууллагын ажилтан, эцэг эх асран хамгаалагч нарт замын хөдөлгөөний тухай хууль, эрх зүйн мэдлэг олгох, гудамж замын аюулгүй байдал зэргийг шалгах гэх мэт олон ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа юм. Эрхэм хүндэт багш нар, энхрий хөөрхөн хүүхдүүддээ болон нийт эцэг, эхчүүддээ цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button