УЛС ТӨР

С.Амарсайхан ШХАБ-ын хуралд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр оролцжээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан энэ сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.  

Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгч, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгч оролцов.

Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж биечлэн оролцлоо.

Тус уулзалт хуралдааны хоёр дахь өдөр буюу 9 сарын 17-ны өдөр Душанбе хот дах “Кохи Навруз” ордонд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээж Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон үг хэллээ.  

Тэрбээр хэлсэн үгэндээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж, өдгөө 20 жилийн ойтой залгаад байна.  Өнгөрсөн 20 жилийн түүхэн цаг хугацаанд ШХАБ нь гишүүн орнуудынхоо ашиг сонирхлыг хүндэтгэсэн, бүс нутгийн эдийн засгийн болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлэн ажиллаж байгааг онцлов.

Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button