
Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Монголд эмчлэх боломжгүй тул аль болох ойрын хугацаанд гадаад явж, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон юм.

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй”, “Хайртай гэж хэлээч”, “Хүлээ” зэрэг олон, олон хит дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн түүнд туслах хандивын аян гурав дахь өдрөө үргэлжилж байна. “Eguur.mn” сайт тус аяныг дэмжин, реппер “Big Gee”, КА, SPS телевизийн Ерөнхий продюсер, "NBA talk" нэвтрүүлгийн хөтлөгч, спортын сэтгүүлч Б.Ялалт, “Vandebo” хамтлагийнхантай ярилцлаа.
“BIG GEE”: ТӨӨГИЙ МААНЬ ҮНЭХЭЭР АВЬЯАСТАЙ, ХҮНИЙ ХАЙЛАН

“Click Click Boom” хамтлагаараа анх “Долдугаар сарын 1” гэдэг нэртэй кино хийхэд Төөгий ирж, пробонд орж байлаа. Нэрийг нь асуухад “Төгөлдөр” гэсэн. “Төгөлдөр хуур шиг гоё нэртэй юм аа. Хочтой юу” гэхэд “Лил Төгөлдөр” хэмээн хариулсан юм. Тэгэхээр нь “Аан, хийл тэгээд дээр нь төгөлдөр хуур юм уу” гээд инээлдэж билээ. Анх тэгж танилцаж байлаа, бид хоёр.
Монголд анхандаа хип хоп урлаг төдийлөн хөгжөөгүй, энд, тэнд хөлсөөр дуулах ажил байдаггүй байлаа. Тухайн үед миний анхны хөлсөөр дуулсан тайз Төөгийгийн сургуулийн эрдмийн баяр байсан юм. Тэгж анх Төөгий маань холбож өгсний ачаар би анх удаа хөлсөөр дуулсан. Түүнээс хойш хамтдаа ойр дотно явсаар өдийг хүрлээ.
Бид хоёр сонирхогчдын лиг болох “Friends league”-т,тэгээд бүр нэг багт олон жил тоглож байна. Төөгий бид хоёрыг холбодог зүйл маш олон. Би сая наашаа ирэх замаараа эмнэлэг дээр нь очиж, эргэчихээд ирлээ. Цар тахлын улмаас эмнэлэг рүү орох, уулзах боломжгүй. Тиймээс цонхны цаанаас биенээ харан, аль болох гэгээлэг зүйлийн талаар утсаар ярилцлаа.

Төөгий маань үнэхээр авьяастай. Бийт үнэхээр гоё хийдэг. Миний “Байдал ийм байна” зэрэг хэд хэдэн уран бүтээлийн бийтийг нь хийсэн. Бид хоёр хамтарч хийсэн уран бүтээл бол “Ballin”. Тэр дуун дээрээ Төөгий миний нэрийг дурьдаад дуулдаг юм. Бид хоёр хоорондоо тэр талаар ярилцаад марзаганах дуртай.
Би Төөгийгийн реп хийсэн дуунуудад нь дуртай. “Хөөе” дуу нь ёстой гоё. Зан аашийн хувьд ёстой хүний хайлан. Зарим хүн “Одоо ийм юм болохоор нь худлаа магтлаа” гэж магадгүй. Ерөөсөө тийм биш. Хэнээс ч асуухад ингэж л хариулна. Ямар хамт олонтой, найзуудтай, олонтой явааг нь хандивынх нь аян хэрхэн өрнөж буйгаас харж болно. Ийм олон хүн дэмжиж байгаа юм чинь миний дүү босоод ирнэ ээ.
Дууны ая, бийт, үгийг нь зохионо, өөрөө дуулна. “Mix master”-аа бараг өөрөө хийчихдэг. Ийм олон талын авьяастай реппер ховор. Реп урлагийг уран зураг гэж үзвэл Төөгий нэг тод өнгө нь. Тэр өнгийг тухайн зурагнаас аваад хаячихвал ямар болох вэ. Өөр өнгөөр орлуулбал ямар харагдах вэ. Яг үүнтэй л адил. Тэр уран зурган дээр тэр тод өнгө үргэлж байгаасай л гэж хүсэж байна.
Төөгийгийн эмчилгээнд багадаа 650 сая төгрөг шаардлагатай. Их мөнгө. Гэхдээ яаж ийж байгаад эмчилгээнийх нь зардлыг босгоод, авьяаслаг дүүгээ эдгээнэ, болгоно оо. Итгэлтэй байна.

Хандивын тоглолт хийх төлөвлөгөө бидэнд бий. Цар тахлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Тиймээс үзэгчтэй хийх үү, онлайнаар зохион байгуулах уу гэдгийгярилцаж байгаа. Үүний сацуу хийхээр төлөвлөсөн олон зүйл бий.
“Цомог хийчих, ах нь дэмжье” гэж Төөгийд их хэлдэг. Дүү минь эмчлүүлээд, эдгэрээд хүрээд ирнэ. Тэр үед цомгийг нь хүчээр ч хамаагүй хийлгэнэ.
Би хандивын олон үйл ажиллагаанд оролцдог. Үүнийгээ аль болох мэдэгдэхгүй, зарлахгүй байхыг хичээдэг. Яг ингээд ойр дотны хүн өвдөхөөр үнэхээр хэцүү, хүнд тусдагюм байна (уйлав). Бусдын зовлонг үнэхээр ойлгож байна. Монгол түмэн минь Төөгий дүүд минь туслаарай гэж чин сэтгэлээсээ гуйя.
Б.ЯЛАЛТ: РЕП УРЛАГТ ДАВТАГДАШГҮЙ НЭГ ӨНГӨ НЬ ТӨӨГИЙ

За, байз хэдэн онд билээ, би шөнийн 01.00 цагийн үед явж байсан юм. Тэгэх нь ээ “Lil Thug E” найзуудтайгаа хамт алхаж байв. Би “Lil” гээд дуудлаа. Төөгий ирснээ “Сайн уу, Ялалт ах аа. Таныг хоолойгоор чинь таньлаа” гэсэн юм. Бид хоёр тэгж анх танилцаж билээ.
Бид хоёр арваннэгдүгээр сургуулийг төгссөн. Төгсөгчдийн тэмцээний финалд манай ангийн баг, тэдний ангийнхантай өрсөлдсөн юм. Яг сүүлийн мөчид “Lil Thug E” миний гарнаас татчихсан, шүүгч анзаараагүй. Тэр хооронд миний хамгаалж байсан хүн гоол оруулаад, оноо харьцааг тэнцүүлчихэв. Төөгий буцаж ирснээ “Би таны гарнаас гоё татлаа, тийм ээ” гээд инээмсэглэж билээ.

“Lil Thug E” гэхээр надад гэлтгүй бусад хүнд хамгийн түрүүнд инээмсэглэл oko нь орж ирдэг. Үргэлж инээж явдаг. Түүнийг илэрхийлэх имиж нь. Миний мэдэх хамгийн күүл репперүүдийн нэг нь.
Хэзээд нэг зангаараа. Хэнийг ч ялгаж харилцдаггүй. Бүгдэнтэй нь мэндлээд, инээж, хөөрөөд явдаг. “Lil Thug E” олны танил, реппер. Гэхдээ ямар ч үед тэр яг өөрөөрөө, Төгөлдөр байдаг. Хамт байхад эерэг энергитэй.
Би “Одоо” дуунд нь хамгийн дуртай. “Youtube” хуудсанд 12 сая хандалт авсан уран бүтээл. Монгол уран бүтээлчийн дууг ийм олон сая удаа үзнэ гэдэг том амжилт. Реп урлагийн, залуучуудын дунд Төгөлдөрийн орон зай маш том. Зөвхөн реп хийхээс гадна дуулдаг, продюсер хийдэг, олон талын авьяастай.

“Lil Thug E” бидний дунд дахиад олон, олон жил байгаасай. Инээмсэглээд алхаж явааг нь харахыг, дараагийн уран бүтээлийг нь сонсохыг хүсэж байна. Бас хамт сагсан бөмбөг тогломоор байна. Манай Төөгий сагсан бөмбөгийг үнэхээр гоё, дайчин тоглодог.
Түүнийг өвчин туссаны дараа ямар олон хүн “Миний дүү, миний найз. Туслах юм сан” гээд уриалж, нэгдэж байна. Үнэхээр олны хайр, хүндлэлийг хүлээсэн, олонтой хүн байхгүй юу. Аядуу, зөөлөн, гоё залуу.
“Lil Thug E” реп урлагт давтагдашгүй нэг өнгө. Монголын хип хоп урлагт зайлшгүй байх ёстой хүн.

Бид өмнө нь зөндөө олон хандивын аян зохион байгуулж байсан. Амжилттай болоод эдгээн, хөл дээр нь босгож байлаа. Яалт ч үгүй хорвоогийн жамаар өөд болсон нь ч бий. Энэ удаа “Lil Thug E”-г алдахад дэндүү хайран байна. Тиймээс бүгдээрээ боломж, бололцооныхоо хэрээр туслая. Ээжтэйгээ дахиад олон, олон жил хамт амьдрах боломж түүнд олгоё. Сэтгэлийн өглөг багадахгүй. Бүгдээрээ халуун сэтгэлийн гараа сунгаарай гэж хүсье.
“VANDEBO”: БИДНИЙ ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭД ҮРГЭЛЖ ҮЛГЭРЛЭДЭГ

Эбо: Манай гэр Төөгий ахынхтай ойрхон байдаг байсан.Бид хоёр уулзаад хөгжим сонсон, хип хоп урлагийн тухай ярилцсаар анх тэгж танилцсан юм. Тэр үед Төөгий ах ёстой супер од болчихсон байсан. “Ямар гоё юм бэ” гэж боддог байлаа.
Ванде: Олны танил хүнийг анх удаа харсан маань Төөгий ах. Ямар ч хамтлаг, уран бүтээлч анх гарч ирэхэд бусдын дэмжлэг их чухал. Бид хоёрыг хамгийн анх дэмжсэн хүмүүсийн нэг нь Төөгий ах. Анхны арга хэмжээн дээрээ ахыгаа урьж байлаа.

Эбо: Үнэхээр авьяастай. Ажилдаа, уран бүтээлд хандах хандлага, авьяасаас нь үлгэрлэж явдаг.
Ванде: Хөгжмийн сонсгол сайтай. Авьяасыг нь шижир алт шиг л үнэлдэг. Би дуунуудыг нь багаасаа сонссон. Бүх уран бүтээл нь гоё. Одоо цацагдаагүй байгаа дуу нь хамгийн гоё.

Эбо: Манай бүх цомгон дээр хамтарсан. Бид гурав нийлж үнэхээр гоё, гоё дуунууд хийсэн.
Ванде: Лав хамтарч 5-6 уран бүтээл хийсэн. Цацагдаагүй байгаа дуунууд бий.
Эбо: Аяыг нь ёстой суунгуутаа хийчихдэг.
Ванде: Бид гурав студид уулзаж таарвал бараг нэг дуу хийчихдэг. Төөгий ах ёстой төрмөл авьяастай.
Эбо: Би “Одоо” гэдэг нэртэй дуунд нь дуртай. Минийутасны дуудлаган дээр 2018 оноос хойш явж байгаа.
Ванде: Хамт байхад их хөгжилтэй. Бидний үеийн залуусыг гарч ирэхэд үргэлж үлгэрлэж, жимийг нь гаргаж өгдөг.

Эбо: Төөгий ахад туслах хандивын аянд хүн бүхэн идэвхтэй оролцоорой гэж хүсье.
Ванде: Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг. Бид хоёр бүх боломж, бололцооныхоо хэрээр оролцоно, дэмжинэ. Хүн бүхний сэтгэлийн өглөг, хандив чухал. Тиймээс та бүхэн нэгдэж, хандив өргөхийг уриалъя.
КА: ҮНЭХЭЭР ОЛОН ТАЛЫН АВЬЯАСТАЙ УРАН БҮТЭЭЛЧ

Би Төөгийг 2005 оноос хойш мэднэ, ойр явна. Бие биенээ хүндэлж харилцдаг, уран бүтээлийн, амьдралын тухай ярилцдаг. Анх танилцсанаас хойш багагүй цаг хугацаа өнгөрч. Төөгий бусдыг огт ялгадаггүй, өөрийнхөөрөө байдаг. Таалагдаагүй зүйлээ шууд хэлчихдэг, шударга.
“Desant”-ын нэг дуун дээр хамтарч байлаа. Төөгийгийн олон дуунд дуртай. “Lil Thug E” репийг хуучнаас нь сонссон болохоор гоё зүйлсийг нь хадгалаад явдаг санагддаг. Дууны үг, аяыг өөрөө хийгээд дуулдаг реппер цөөхөн. Тэдний нэг нь Төөгий. Олон талын авьяастай реппер.

Төөгийгөө эдгээхийн төлөө бид бүхнийг хийнэ. Би үйлийн үрд итгэдэг. Бусдад туслаж, сайн үйл хийвэл бидэнд, үр хойчид маань тустай. Нөгөө талаар “Амьддаа бие биенээ хайрла” гэдэг дээ. Тиймээс Төөгийг хайрлаж, олон, олон жил амьдарч, уран бүтээл хийх боломж олгохыг, хандивын аянд нь нэгдэхийг уриалъя.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр бацаан гюнь яасан хөөрхөн юм бэ