СПОРТ

Өнөөдөр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдах Э.Дэлгэрмаа гэж хэн бэ

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ Серби улсын Белград хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас есөн бөх барилдаж буй.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй залуучуудын ДАШТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа шөвгийн наймд ОХУ-ын бөх Вусала Парфиановичэд ялагдлаа. Улмаар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана.

 “Хасу Мегастарс” клубийн бөх түүний өрсөлдөгч нь Германы тамирчин Софиа Шаефлет. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 01.00 цагт болно.

Белградын дэвжээнд медалийн төлөө барилдах Э.Дэлгэрмаа гэж хэн бэ.

Гэрэл зургийг: С.Боргил

Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг олон шилдэгтэй. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий дөрвөн медальтай Монголын анхны бөх, Гавьяат тамирчин О.Насанбурмаа тэргүүтэй олон шилдгийн залгамж халаа болж, ирээдүйд их юм дуулгана хэмээн бөхийн хорхойтнууд үнэлдэг бөхчүүдийн нэг нь Э.Дэлгэрмаа.

 Өвөрхангай аймгийн харьяат тэрбээр өнгөрсөн жил насанд хүрэгчдийн УАШТ-д барилдахдаа

Эхний тойрогт Гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр ялж, шуугиулсан. Улмаар удаах тойрогт ОУХМ Э.Даваанасанг цэвэр ялж, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 5:3-аар ялж яваад цэвэр даруулсан.

17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий түрүү булаалдахдаа Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт дийлдэн, мөнгөн медаль хүртэж, шуугиулж байсан Э.Дэлгэрмаа 2019 онд зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд л гэхэд “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлж, нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гээс хүрэл, Д.Миндиашвилигийн  нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, УАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Мөн Монголд анх удаа болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, монгол түмнээ баярлуулсан юм.

2014 оноос хойш чөлөөт бөхөөр барилдаж буй түүний анхны багш нь Э.Баттүшиг, одоогийн багш нь Гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан. Ганц нэг хэн удаа л бэлтгэл хийгээд тэр жил Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлжээ. Түүндээ урамшин чөлөөт бөхөөр тууштай хичээллэхээр шийдсэн гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button