НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: “Хамт газ үнэрлэсэн хүүхэд үхэлтэй нүүрэлдэхэд л буруу зүйл гэдгийн ухаарсан”

Гэр хорооллын харанхуй гудмаас өсвөр насны хүүхдүүд мансуурсан байдалтай гуйвж, дайвж автобусны гэрлэнд гартаа газ барин гарч ирдэг тухай мэр сэр автобусны жолоочид халаглан ярьдаг. Eguur.mn сайт өсвөр насны сурагчдын электрон тамхины хэрэглээг өмнөх дугаарт хөндөн сурвалжилсан.Харин энэ удаад сурагчдын газны хэрэглээг хөндөж байна.

Сурвалжилгаа эхлүүлэхийн өмнө та бүхэнд нэгэн түүхийг сөхье.

Одоогоос таван жилийн өмнө өсвөр насны хоёр сурагч ахуйн газ үнэрлэн мансуурсны улмаас нэг нь амьсгалын дутагдалд орж газар дээрээ нас барсан юм. Тухайн үед энэ мэдээлэл нийгмийг ихэд цочроож байлаа. Энэ харамсалтай хэрэг гардаг өдөр тэд байрныхаа ойролцоох хоёр дэлгүүрээс газ худалдан авахаар орсон бөгөөд нэг нь худалдахгүй хэмээн загнаад гаргасан бол нөгөө нь худалдсан байдаг. Хэдийгээр энэ явдал болсноос хойш таван жил өнгөрсөн ч ийм төрлийн хэрэг буурах биш улам нэмэгдэх болжээ. Улс орон цэцэглэн хөгжиж байгаа ч залуу хойч үеийнхэн газ үнэртэн мансуурсаар, дэлгүүрүүд тэдэнд хориггүйгээр худалдаалсаар байгаа нь өдгөө хөндүүр сэдэв болжээ.

Асуудал 1.

СУРАГЧДЫН ДУНДАХ НУУЦ ХЭРЭГЛЭЭГ СУРГАЛТЫН АЛБА ГАДАРЛАДАГГҮЙ

Энэхүү сурвалжилгаа бэлтгэхийн тулд бид сургуулийн сурагч, эх эцэг, нийгмийн ажилтан, эзэнгүй орхигдсон байшин дотор амьдарч газ үнэрлэдэг хүүхдүүдийг хардаг иргэн болон газ үнэрлэсэн иргэнийг эх сурвалжаа болгосон юм. Хамгийн түрүүнд бидэнд эх сурвалж болсон хүүгээс “голдуу хэддүгээр ангийн сурагчид газ хэрэглэдэг, ингэхдээ хэрхдэг” тухай олж мэдэв.

УЛСЫН СУРГУУЛИЙН 9-Р АНГИЙН СУРАГЧ: МАНАЙ ҮЕИЙНХЭН ЭЗЭНГҮЙ БАЙРУУДАД ОРЖ БАЙГААД, ГАЗ ХЭРЭГЛЭДЭГ

“Манай үеийнхэн дунд газ хэрэглэдэг нэлээдгүй хүүхдүүдийг би мэднэ. Тэд газ үнэрлэсэн тухайгаа надаас нуулгүй ярьдаг. Учир нь бүгд миний найзууд. Газ үнэрлэхийгээ тэд “элийрэх” гэж нэрлэдэг. Би тэдэнтэй нийлж “элийрэх”-ийг хүсдэггүй. Оронд нь гэрийнхэнтэйгээ хамт байхыг, сэтгэлийг нь амар байлгахыг илүүд үздэг. Заримдаа тэд хичээлийн нэг цагаа тасалж эзэнгүй, баригдаж байгаад орхигдсон барилгад орж элийрдэг. Тэнд нь хянах камер байхгүйгээс гадна нохой ч тоож ордоггүй юм. Манай найзуудаас дээд үеийнхэнтэй нийлдэг нэг хүү бий. Түүнийг дээд үеийнхэн уруу татаж, анх элийрүүлсэн гэсэн. Тэгээд дараа нь тэр ангийнхаа нийлдэг хэдэн сурагчийг уруу татсан. Түүний ярианаас дээд үеийн зарим эгч нарыг ч хэрэглэдэг тухай сонссон. Найзууд маань элийрч байгаад ухаан алдаж, хоёр хамраас нь цус гарах тохиолдлууд бишгүй гардаг ч алгадаж сэрээдэг, биенээ шуналтай сорохоор тэгж байгаа юм гэж шоолдог. Би боль гэж хориглоод ямар ч нэмэр байдаггүй” гэлээ.

УЛСЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭДГИЙГ НЬ МЭДЭХ Ч ГАЗ ХЭРЭГЛЭДЭГ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

Улмаар бид сурагчдыг хичээлийн дундуур гарч газ хэрэглэдэг эсэхийг нягтлахаар сургуулийн нийгмийн ажилтнаас үргэлжлүүлэн мэдээлэл сонслоо. Ингэхэд улсын сургуулийн нийгмийн ажилтан С бидэнд хэлэхдээ,

“Манай сурагчид тамхи, электрон тамхи зэргийг татдаг гэдгийг нь мэднэ. Гэхдээ газ хэрэглэсэн гэж сонсож байгаагүй. Хааяа хэсэг бүлгээрээ хичээлээ таслах тохиолдол гардаг” хэмээн бидэнд хэлсэн юм. Мөн тийм зүйлд уруу татагдаж болохгүй зэргээр улиралд нэг удаа сургалт явуулж сэрэмжлүүлдэг тухайгаа хэлж байлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн сурагч газыг үеийнхэн нь хэрэглэдэг талаар хэлсэн бол энэ тухай сургуулийн нийгмийн ажилтан мэддэггүй хэмээж байв. 2012 онд НИТХ-аас ахуйн газыг насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахыг хориглосон журам гаргасан байдаг. Тэгвэл “Өсвөр насны сурагчид худалдан авахад хориотой барааг яаж авч байна вэ” гэх асуултад хариулт эрсэн юм. Иймд манай редакцын зүгээс туршилт хийн дээрх журмыг мөрдөж байгаа эсэхийг 15 настай хүүхдэд /эцэг, эхийн зөвшөөрлөөр/ оруулан авахуулахыг оролдов.


Асуудал 2.

БИДНИЙ ТУРШИЛТ: БИДНИЙ ОРСОН ТАВАН ДЭЛГҮҮР БҮГД ХҮҮХДЭД ГАЗ ХУДАЛДАВ

Редакцын зүгээс эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 15 настай хүүг сүлжээ дэлгүүр, Мухлаг, найман нэрийн дэлгүүрүүдээр газ авах оролдлого хийлгүүлэв. Гэтэл…

Ингэхэд бидний орсон “Мухлаг”, “Найман нэрийн дэлгүүр”-үүд цөм ямар ч асуулт асуулгүйгээр, энгийн бараа мэтээр хандан лангуун доороос гаргаж өгч байлаа. Ингэхдээ насанд хүрсэн эсэхийг асуугаагүй бөгөөд иргэний үнэмлэх шалгасангүй.


Асуудал 3.

ГАЗ ҮНЭРЛЭДЭГ ХҮҮХДҮҮД МЭСТЭЙ БАЙСАН

Бид өмнө нь Гоожингийн өндөр хэмээх хотын төвд балгас болон үлдсэн 100 жилийн түүхтэй хоёр давхар байшингаас сурвалжилга бэлтгэх үед тэнд орогнодог нэгэн иргэн “Энэ байшинд хүүхдүүд орж ирж газ үнэрлэдэг. Нэг хүүхэд ганцаараа газ үнэрлэж байхаар нь би булаагаад авсан. Гэтэл “Та архи уугаад шартдаг биз дээ. Би ч гэсэн шартдаг. Хэцүү байна. Өгчих л дөө, гуйя. Би танд мөнгө өгье” гэхээр нь буцаагаад өгсөн. Өөр нэг шөнө энэ байшингийн нэгдүгээр давхарт хүмүүс дуугараад байхаар нь очсон юм. Тэгтэл овоо хэдэн бацаан газ үнэрлэж байна. “Гөлөгнүүд ээ, газ үнэрлэх гэж ирээ юу. Гарцгаа” гэж орилтол нэг нь намайг хутгалсан” хэмээн бидэнд ярьж байсан удаатай.

Тайлбар: Гоожингийн өндөрт хүүхдүүдийн хэрэглэсэн гэх газууд

Эл сурвалжилгаа бэлтгэх үеэр түүний яриаг эргэн санаж, дахин Гоожингийн өндөр рүү очтол үүднээсээ эхлээд ахуйн зориулалтаар ашигладаг газны хоосон лааз хөглөрчээ. Бүх л өрөө, булан тохой бүрт газны хоосон лааз байх аж.


Сурвалжилгын явцад хүүхдүүд олноороо эзэнгүй газарт орж газ үнэрлэдэг болох нь нотлогдож байлаа. Улмаар бид арван жилийн сурагч байхдаа ангийнхантайгаа хамт газ үнэрлэдэг байсан иргэн С-тэй ярилцаж үүнд хэрхэн автаж бас ангижирсан түүхийг үнэн бодитоор нь яриулсан юм.


Асуудал 4. Газ хэрэглэж байсан түүхтэй иргэд, хүүхдийн ар гэр юу ярив

-МАНАЙ АНГИАС 10 ГАРАН ХҮҮХЭД ГАЗ ҮНЭРЛЭДЭГ БАЙСАН-

Тэрбээр “Арван жилдээ сэтгэл зүйн бухимдалтай байсан учраас ангийнхаа гурван хүүхэдтэй хамт анх хэрэглэсэн. Анх хэрэглээд л донтож байгаагаа мэдсэн л дээ. Улмаар долоо хоногт хэрэглэх давтамж нь ойртож байгааг анзаарсан. Арван жилийн сургуульд газ үнэрлэх гэдэг энгийн л зүйл. Нэг ангиас ойролцоогоор арав гаран хүүхэд бөөндөө нийлж байгаад л газ үнэрлэдгийн нэгэн жишээ манай анги байв. Бөөндөө нуугдаж болохоор тийм өрөө олно эсвэл энд тэндхийн эзэнгүй булан тохойд очно. Ер нь сурагч байхдаа ангийнхантайгаа их элийрдэг байсан.

Нэг удаа хамт хэрэглэж байсан хүүхэд маань амьсгалж чадахаа болиод уушги нь өвдсөн юм. Эрсдэл өндөр, амьсгалын дутагдалд ордгийг мэдэж байсан учраас түргэн дуудсан. Уушги нь маш муу байна гээд үхэхийн наагуур явдал болж байсан юм. Тиймээс манай ангийн хэрэглэдэг байсан хүүхдүүд бүгдээрээ больсон. Бас эмнэлгийн машин ирэхээр нь зугтсан. Тухайн үед маш том сэтгэл зүйн шоконд орж байлаа. Тийм хортой зүйл байсныг хүний аминд тулсан хойноо л ойлгосон юм. Тиймээс өсвөр насны юм бүхнийг сонирхдог насан дээрээ яваа дүү нартаа мансууруулах төрлийн барааг хэрэглэх талаар бодоод ч хэрэггүй гэж зөвлөдөг.

Хэдийгээр хэрэглэхээ больсон ч уушги маань өвддөг болсон. Ой тогтоолт саармагжсан. Яагаад гэвэл химийн гаралтай зүйлийг уушгинаасаа тархируугаа дүлж хэрэглэж байгаа учраас сөргөөр нөлөөлсөн хэрэг. Энэ хорт зуршлаасаа салахын тулд ном унших, зураг зурах зэргээр өөрийгөө хүчилж саатуулсан” хэмээн сурагч байх үеийнхээ газанд анги бүлгээрээ мансуурч басхүү түүнээс гарсан түүхээ хуваалцсан юм.

ДҮҮГЭЭ ГАЗ ҮНЭРЛЭСНИЙГ МЭДСЭН ИРГЭН: АНГИЙН ХҮҮХДҮҮД НЬ СҮРДҮҮЛСЭН БАЙСАН

Бидэнд эх сурвалж болсон сурагч, сургуулийн нийгмийн ажилтан, газ үнэрлэдэг байсан иргэний яриаг нэгтгэн бодит байдал ямар байгааг хүргэлээ. Сурагчдын дунд шивэр авир хийгдэж, далж боловч ил байдаг энэ “элийрэл”-ийг эцэг эхчүүд хэдийд нь мэддэг болсон тухай үргэлжлүүлэн танд хүргэе.

Дүү нь газ хэрэглэснийг мэдсэн иргэнээс энэ талаар тодруулахад,

“Ноднин өвөл Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас “Дүү чинь газ үнэрлээд ухаан алдсан байхад оллоо” гэж залгасан. Дүү маань наймдугаар анги, 13 настай. Цагдаагаас залгахад итгээгүй ч ухаан алдсан гэдгийг нь сонсоод айсан. Очиход дүүгийн хувцаснаас газ үнэртэж байсан юм. Бас газар унаснаас хувцас нь шороо болсон байв. Энэ талаар дүүгээсээ асуухад ангийнхаа 5-6 хүүхэдтэй хамт эзэнгүй байшинд газ сорсон” гэжээ. Мөн “Хамт явахгүй бол ална”, “Ээждээ хэлвэл зүгээр өнгөрөөхгүй” гэсээр 3-4 удаа хамт явсан тухайгаа эгчдээ хэлсэн байна. Тухайн үед дүү нь газ сороод, ангийнхаа нэг хүүхэдтэй хамт ухаан алдаж унасан, харин бусад нь цагдаа ирэх чимээгээр зугтсан байжээ. Дараагаар нь цагдаад мэдүүлэг өгсөн бөгөөд хэдэн өдөр хичээлд нь явуулаагүй гэнэ. Учир нь “Толгой их өвдөж байна” гэхээр нь эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн аж.

Тэрбээр “Бид Чингэлтэй дүүрэг дэх сургуулиас нь дүүгээ шилжүүлж, Баянзүрх дүүрэгт гэрийнхээ дэргэдэх сургуульд явуулсан. Сурах орчин, нийлж буй хүүхдүүддээ уруу татагдсан гэж үзээд ийм шийдвэр гаргасан” хэмээв. Түүнээс хойш ангийн багштай нь холбоотой байж, дүүдээ анхаарал, хяналт тавьсан учраас дахин тийм үйлдэл гаргаагүй гэсэн юм. Үүнээс гадна тэрбээр “Дунд ангийн сурагчид нийлж газ, цавуу үнэрлэх зэргээр нэгийгээ уруу татах, айлган сүрдүүлэх явдал их байдаг юм билээ” хэмээв.

Сурвалжилгынхаа төгсгөлд хүүхдүүд газыг хэрхэн яагаад татахыг хүсэх болов, энэ нь ямар сэтгэл зүйгээс үүдэлтэй, ямар хор уршигт хүргэж болох талаар сэтгэл зүйч болон эмчээс тодруулга авснаа хүргэж байна.


Асуудал 5.

ХАМТ ГАЗ ХЭРЭГЛЭСЭН ХҮҮХЭД НЬ НАС БАРЖ, НӨГӨӨДҮҮЛ НЬ ШОКОНД ОРДОГ

Монголын Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн зөвлөх сэтгэл зүйч, Оксфордын их сургуулийн магистрант Б.Жавзан химийн хорт бодисуудын нэгдэл газыг хүүхдүүд хэрэглэж буйг ийн тайлбарлав. Тэрбээр “Газ үнэртдэг хүүхдүүд ихэвчлэн өсвөр насныхан байдаг юм. Тэд нэгнийхээ уруу таталтад ордог л доо. Хамт газ үнэрлэсэн хүүхдүүдийн нэг нь газар дээрээ нас барсны улмаас нөгөөдүүл нь сэтгэл санааны гүн шоконд ордог. Газыг нэгээс дээш удаа үнэрлэж байна гэдэг нь хамааралтай болсноос гадна донтох сэтгэцийн эмгэгтэй болсныг илтгэдэг. Ийм ёс бус зүйлийг хүүхдүүд цахим орчноос үзэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд үүнийг эцэг эхчүүд хянах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн газ хэрэглэдэг хүүхдийн зан авирт ихээхэн доголдол үүсэж, анхаарал төвлөрөл, нүдний харц өөрчлөгдөх, тавтиргүй болох зэрэг шинж илэрдэг хэмээн дэргэрүүлсэн юм. Улмаар тэднийг амжиргааны түвшнээр нь хуваан ярьж, дундаж болон дунджаас дээш амьдралтай хүүхдүүд газанд мөнгөө зарцуулах боломжтой хэмээн үздэг тухайгаа ярив. Хүүхдүүд эхэндээ тамхи татаж мансуурдаг байснаа түүнийгээ хүндрүүлэх, мансуурлын зэргээ ахиулахын тулд газ хэрэглэх тохиолдлууд гарсаар байгаа гэхээс гадна “Манай төвд үзүүлж байгаа сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн 10 хувийг энэ төрлийн донтолттой хүүхдүүд эзэлдэг” тухай онцолсон юм.


Асуудал 6.

ГАЗАР ДЭЭРЭЭ НАС БАРАХ ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР

Сэтгэл зүйчийн ярианаас газ хэрэглэдэг хүүхдүүд зан байдал, нүдний харцанд ихээхэн өөрчлөлт ордгийг бид мэдсэн юм. Харин газ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, ямар уршиг дагуулдаг болохыг СЭМҮТ-ийн НЭМЭША Архи, донтолтын асуудал хариуцсан мэргэжилтэн Анагаах ухааны магистрант С.Мөнхтуяа хэлэхдээ,

“Бусдад дээрэлхүүлдэг хүүхдүүд нэг удаа өөрийгөө чөлөөтэй байлгахын тулд үүнийг хэрэглэж байна. Газны хор нөлөө тамхийг бодвол маш богино хугацаанд илэрдэг. Амь насанд тун амархан хөнөөл үзүүлдэг” гэлээ. Түүнчлэн хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг цоо эрүүл сэтгэл зүйтэй, сэтгэл зүйн асуудалтай, сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гурав ангилдаг байна. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдүүд газыг үнэрлэж мансуурах хандлага ажиглагддаг тухай онцолж байсан юм.

Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдүүд гэдэгт сонирхдог зүйлгүй, амархан уурлаж уцаарладаг, бие даан шийдвэр гаргадаггүй бусдын үгээр шийдвэр гаргадаг, төлөвлөгөө гаргаж зорилготой байдаггүй хүүхдүүдийг хэлж болно хэмээн тайлбарлав.

Газыг хүүхдүүд хэрэглэхдээ үргэлж биенийхээ уруу таталтад орж хэсэг бүлгээрээ хэрэглэсэн байдаг. Хэрэглэж эхэлсэн бол сэтгэцийн болон зан авирын биеэ даасан эмгэгтэй болдог. Хамгийн хөнөөлтэй зүйл нь хамрын таславч цоорч хамраас нь цус гарах, амьсгал төв мэдрэлийн системийг дарангуйлж, эд эрхтэнүүдийн ажиллагаа хэвийн бус болгох, комд оруулж амь насыг нь авч одох эрсдэлтэй. Үүнийг хэрэглэвэл сэтгэл зүй, бодол санаа, мэдрэхүйд өөрчлөлт ордог. Амтлах, үнэрлэх, харах сонсох чавдар мууддаг. Түүнчлэн хайрлах мэдрэмж ч буурдгийг дурдан шууд үхэлд хүргэх аюул байдгийг ч сэрэмжлүүлж байлаа. Учир нь газыг үнэртсэн даруйдаа амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй гардаг бөгөөд хамт хэрэглэж байсан хүүхдүүдийнх нь сэтгэцэд өөрчлөлт орсон байдаг тухай онцолсон юм.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Монгол Улсад насанд хүрээгүй хүүхэд газын хэрэглээг хязгаарлахыг хориглосон хуулийн заалт байдаггүй. 2012 онд батлагдсан худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн журмаар л үүнийг зохицуулдаг аж. Мөн балгас болж, баригдалгүй үлдсэн барилгуудад газ хэрэглэдэг хүүхдүүд бараг л үүрлэдэг тухай эл сурвалжилгын туршид нотлогдсоор байлаа. Гэвч энэхүү хорт химийн нэгдлийг хэрэглэсэн хүүхэд маш их хор амсахаас гадна амь насаараа хохирдог тухай СЭМҮТ-ийн эмч хэлж байлаа. Эх сурвалжуудын хэлж байгаагаар хүүхдүүдийн дунд ийм өргөн дэлгэрсэн атал 2021 оны байдлаар цагдаагийн байгууллагад ердөө 13 газ хэрэглэсэн хүүхдийн хэрэг бүртгэгдсэнээс хоёр нь газар дээрээ нас барсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Эдүгээ газ гэдэг биенээ хөөргөж, уушгины пянгаа сорьдог тоглоом биш гэдгийг эцэг, эхчүүд хүүхдүүддээ ойлгуулж, анхаарал халамжаа сайжруулах нэн чухал байна. Нөгөө талаас төр хуулийн орчноор хангах юм бол химийн бодисонд хүүхдүүд хордохгүй байж болмоор… Гэлээ ч үүнийг төр мөнхийн хянах боломжгүй учир худалдаа эрхлэгчид улсынхаа ирээдүй болсон үр хойчоо зоосны нүдээр харахгүй байх хамгийн чухал ажгуу.

Бид энэ удаа сурагчдын газны хэрэглээг хөндлөө. Дараагийн удаа сурагчдын бүлэг зодооныг сурвалжлан хүргэх болно.


Цувралын өмнөх КОНТЕНТ:

РЕДАКЦИЙН ТУРШИЛТ: 15 настай хүүд дэлгүүрүүд электрон тамхи ЗАРЖ, онлайнаар захиалахад ХҮРГЭЛТ ХИЙЛЭЭ сурвалжилгыг ЭНД дарж уншина уу

Зурган дээрх хүүг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр сурвалжилгад оролцуулав
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Энэ сэтгүүлч хүүхэд маш сайн суд####сан баримттай нийтлэл бичжээ. Сэтгүүлч дүү минь энэ сэдвээ яг орхилгүй бариад эрэн сурв####жлах ажлыг хийгээд бичээд байгаарай. Энэ магадгүй хэнд ч мэдэгдэхгүй тархаж байгааг үгүйсгэхийн аргагүй зүйл ч байж болно. Үүнд нийгмийн анхаарлыг хандуулахыг сэтгүүлч та нар минь л хийж чадна. Өөр хийчих сэтгэлтэй хүн , хүчтэй байгууллага бараг л ####га даа.

  2. Газар гээч юм биш хортой хий үнэрлэж мансуурсан юм биш үү? Газар гэж монгол үг байхгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button