
Өнөөдөр /2022.01.31/ Эрүүгийн цагдаагийн албанаас Ergelt.mn мэдээллийн сайтын редакцад шалгалт хийж, сэтгүүлчдийг байцааж буй агуулгаар тус сайтын эрхлэгч Б.Энхмарт өөрийн цахим хуудастаа бичжээ. Тус сайт өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” аянд холбогдох, баримтат түшиглэсэн сурвалжилга, нийтлэлүүдийг бэлтгэсэн нь цагдаагийн байгууллагад шалгагдах үндсэн нөхцөл болоод байгаа юм.
Дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тодруулахдаа хэвлэлийн эрх чөлөөт байдлыг чухал үзүүлэлт болгож тооцдог нь анхаарал татах сэдэв юм. “Дөрөв дэх засаглал” гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллага нь өөрийн зохицуулгатайгаар, шүүх эрх мэдлээс хараат бус оршин тогтнож гэмээ нь үүргээ гүйцэтгэж чадна.
Монгол Улсад энэ өөрийн зохицуулгыг хэрэгжүүлдэг “Хэвлэл мэдээллийн зөвлөл” хэмээх байгууллага бий. Зорилго нь, хэвлэл мэдээллийн байгууллагад холбоотой элдэв гомдлыг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”-д гаргаж, тус зөвлөл шүүн дэнсэлж, шаардлагатай бол хариуцлага тооцох. Гэвч ийм өөрийн зохицуулгатай хэвлэлийн байгууллагыг цагдаа, шүүх, тагнуулын байгууллагаар далайлган шалгуулах нь ардчилсан нийгэмд үл тохирох, ёс зүйгүй үйлдэлд тооцогддог билээ.
Сэтгүүлчид элдэв дарамт, айх айдасгүй бичин нийтэлж гэмээ нь шударга үнэний дуу хоолой болж, олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадна.
Сэтгүүлчийн ажил заавал улс төрчдийн буруутай үйлдэлтэй тулдаг. Энэ хоёр шугам харилцан параллель явж байж л нийгэм хөгжих, эрүүлжих үндэс болно. Харин улс төрчтэй холбоотой мэдээ мэдээлэл нийтэлснийхээ төлөө редакцын байраа шалгуулж, сэтгүүлчдээ байцаалгуулна гэдэг нь цаг үеэсээ ухарсан, харамсалтай үзэгдэл юм.
Өнөөдөр Ergelt.mn, маргааш ямар ч хэвлэлийн байгууллагыг тэд улстөрчдийн гаргасан гомдлын дагуу хүч түрэн орж шалгах боломжтой болсны илрэл юм. Хэвлэлийн эрх чөлөө өндөр газрууд хэвлэл, мэдээллийн байгууллагын редакцад зөвшөөрөлгүй нэвтрэхийг хууль бус гэж үздэг бөгөөд хатуу хамгаалалт үйлчилдэг жишиг бий. Иймд Эрүүгийн цагдаагийн албанаас хэвлэлийн байгууллагыг шалгасан гэх мэдээлэлд хариу тайлбар тавих нь зүй.
Хэвлэлийн эрх чөлөөг, ардчилсан үзэл санаагаа, олон нийтийн мэдэх, шударга нийгэмд ажиллах амьдрах эрхийн хамт хамгаалцгаая.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.