“Флемоклав солютаб, Амоксиклав эмүүд тасраад байна”

Бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл их байгаатай холбоотойгоор нийтлэг хэрэглэдэг антибиотик тасарч, эмийн үнэ нэмэгджээ. Бид энэ асуудлаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодрууллаа.
-Яг одоогоор ямар эм, эмийн хэрэгсэл тасалдсан байгаа вэ?
-Коронавиурст халдвар (КОВИД-19)-ын цар тахал гарсантай холбоотойгоор болон томуу, томуу төст өвчний тархалт жил бүрийн аравдугаар сараас эхлээд гуравдугаар cap хүртэл өндөр байдагтай холбоотойгоор зарим нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийн эрэлт эрс нэмэгдэж, хомсдох эрсдэл үүссэн. Тухайлбал, хүүхдэд хэрэглэгддэг зарим нэрийн нянгийн эсрэг эмүүд болох Флемоклав солютаб, Амоксиклав нь зах зээлд тасалдаж байна. Гэхдээ бусад улсаас бүртгэлтэй, тодруулбал, БНСУ-ын болон дотоодын үйлдвэрийн ижил үйлдэлтэй нянгийн эсрэг эмүүд бүрхүүлтэй шахмал, капсул хэлбэрээр зах зээл дээр байгаа.
-Ямар шалтгаанаас үүдэн эм тасалдаж байгаа вэ?
Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа нийт эм, эмнэлгийн хэрэгслийн 10 орчим хувь буюу давхардсан тоогоор 1600 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын 43 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр хангаж, үлдсэн 90 орчим хувийг импортлон оруулж ирж байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын улмаас 2021 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Монгол улстай хиллэдэг боомтууд хаагдах, хязгаарлах зэрэгтэй холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа боомт дээр их хэмжээгээр саатаж, ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор татан авахад 2-оос доошгүй сарын хугацаа шаардагдаж байна. БНХАУ-д Коронавируст халдвар (Ковид -19)-ын тархалт тогтмол нэмэгдэж байгаагаас шалтгаалан тус улс хөл хорио тогтоох, дотооддоо эмийн нөөц бүрдүүлэх зорилгоор гадагшаа экспортлох хориг тавих, хилийн хатуу хязгаарлалтыг үргэлжлүүлж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн Украин улсад болж байгаа цэргийн ажиллагаатай холбоотойгоор манай улсад Украин, ОХУ, Европын улс орнуудаас импортолдог эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, нийлүүлэлт хүндрэх эрсдэлтэй байгаа. Мөн арилжааны банкууд гадаад гүйлгээнд хязгаарлалт хийсэн нь эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр хугацаандаа төлөгдөхгүйгээс татан авалт хийгдэхгүй, улмаар тендерийн нийлүүлэлт хоцрох, зах зээлийн тасалдал үүсэхэд нөлөөлж байна.
-Эмийн үнэд өөрчлөлт орсон уу. Эмийн үнэ нэмэгдэх үү?
Манайд зах зээл дээр буй эмийн 90 орчим хувь нь импортоор орж ирдэг бөгөөд эм, эмийн түүхий эдийн дийлэнх хувь нь БНХАУ-аас экспортлогдох болон дамжин импортлогддог. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш БНХАУ хилээ хаасан, Украин улсад болж байгаа цэргийн ажиллагаатай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлдэг компаниуд өөр маршутаар татан авалт хийх, ачаа тээврийн ариутгал, халдваргүйтгэл хийх зэрэг нэмэлт зардлууд гарч байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн зардал өссөн. Тухайлбал, 2019 онтой харьцуулахад автозам болон төмөр замын тээврийн зардал 3 дахин, агаарын тээврийн 3 дахин тус тус нэмэгдсэн байна. 2021 оны сүүлийн хагасаас ачаа тээврийг чингэлэгт ачих үнэ 8,000 юаниас 50,000-100,000 юань болж, агаарын тээврийн хувьд 1 кг ачаа тутамд 2-3 ам.доллараар өссөн байна. БНХАУ-ын Эрээн, Тяньжин боомтуудад ачаа тээврийн хүлээгдэл ихтэй байгаа тул энгийн үед газраар татан авдаг ачааг онгоцоор тээвэрлэхэд тухайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Түүнчлэн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдэн, хомсдол үүсэж байгаа нь эмийн үнэд нөлөөлж байна. Тухайлбал, үндэсний үйлдвэрүүдийн гаднаас авдаг эмийн түүхий эдийн үнэ 2019 онтой харьцуулахад 20 хувиар нэмэгдсэн.
-Тасалдсан эм, эмнэлгийн хэрэгслүүдийг хэдийгээр оруулж ирэх вэ?
-БНХАУ-аас импортлох нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн судалгааг ханган нийлүүлэх байгууллагуудаас сар болгон авч, УОК, ГХЯ, ЗТХЯ, ЭМЯ-д хүргүүлэн, БНХАУ-ын талд Нот бичгээр уламжилж, шуурхай татан авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч Хятадын талаас хамаарсан шалтгаанаар ачаа Эрээн болон Тяньжин боомтод саатах, удаашрах асуудал бас байсаар байна. 2022 оны 01-03 дугаар сард нийт 207 чингэлэг ачааны мэдээллийг ноот бичгээр БНХАУ-ын талд хүргүүлсэн бөгөөд 169 чингэлэг ачаа буюу 82%-ийг татан авсан, 15% буюу 31 чингэлэг БНХАУ-ын төмөр замын хуваарьт орсон, удахгүй орж ирэх төлөвтэй байна. Харин орж ирж чадаагүй 7 чингэлэг ачааны мэдээллийг 2022 оны 04 дүгээр сард татан авах шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн ачаанд оруулан, нийт 56 чингэлэг ачааны мэдээллийг БНХАУ-ын талд хүргүүлсэн.
-Ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.