Х.Баттулгын дарга болох хүсэлтийг Дээд шүүх 30 хоногт шийднэ

Хоёр хуваагдсан АН-ын даргын маргаан хэзээ эцэслэхийг Дээд шүүх л шийднэ. Уг нь аль аль талд нь шийдвэрээ гаргахгүй, дотоод асуудлаа шийдээд ир хэмээн олон олон хүсэлтүүдийг нь буцааж байсан Дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН хүчинтэй гэх шийдвэрийг яагаад гаргасан нь анхаарлын төвд байгаа.
Эл шийдвэр гарах үед нөгөө талын АН-аас зохион байгуулсан даргын сунгаа улс орон даяар үргэлжилж байсан. Үүнээс улбаалж улс төрийн явуулгаар, Х.Баттулга өрсөлдөж буй АН-ын даргын сунгааг үнэгүйдүүлэх ажиллагаанд шүүг нар оролцов уу гэх хардлага ч гарсан.
Ямартаа ч ганцаараа өрсөлдөөд, 96.3 хувиар ялалт байгуулсан Х.Баттулга нөгөө талын АН-аас даргаар бүртгүүлэхээр өчигдөр Дээд шүүхэд материалаа өглөө. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.13-д зааснаар ажлын 30 хоногийн дотор нийт шүүгчийн хуралдаанаар эл хүсэлтийг хэлэлцэх ёстой.
Х.Баттулгад зайгаа тавьж өгч, АН-ын даргын сунгаанд оролцуулсан хүн бол Ардчилсан намын дарга асан О.Цогтгэрэл. Тэрбээр 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулсан АН-ын даргыг сонгох сонгуульд ялсан. Улмаар мөн л өөрийгөө батламжлуулахаар Дээд шүүхэд холбогдох материалуудаа өгсөн ч Дээд шүүхээс татгалзсан байдаг. Энэ талаар О.Цогтгэрэл мэдээлэл хийхдээ "Дээд шүүхээс АН-ыг их хурлаа зарлаад, даргын сунгаагаа улс орон даяар хийчихвэл бүртгэнэ гэсэн шийдвэр гаргалаа" гэх утгатай зүйл ярьж байсан юм.
Тиймээс л Дээд шүүхийн гаргасан 38-р тогтоолыг хэрэгжүүлэх гэж АН-ын даргын сунгаа зарласан байдаг. Улмаар Х.Баттулга Дээд шүүхээс гаргасан 38-р тогтоолоо биелүүлэхийг шаардаж буй нь энэ юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан Нам байхгүй биз дээ алга болсон сурагтай байсан кккк