“Бэлтэс мөрөн компани Жи таймын түүхийг давтах гэж байна”

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” компанийн талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны хуульч н.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс “Бэлтэс мөрөн” компанийн хууль бус үйл ажиллагааг нуун дарагдуулж, өөрсдөө мөнгөө өсгүүлж авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, “АТГ-т өнөөдөр гомдол гаргана. Энэ компанийг нэг жил гаруй ажиглалаа. Эднийх иргэдээс их хэмжээний мөнгийг авч 30-50 хувь өсгөж өгнө гэж авдаг. Монголд байтугай дэлхийд ийм бизнес байхгүй. Байдаг бол гэмт хэрэг байж таарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3.2-т заасан олон шатлалт пирамид тогтолцоогоор иргэдийг залилж байна. Энэ дээр Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Гэвч цагдаа ч тэр, прокурор ч тэр хууль журам, илрүүлэх зорилтдоо нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй байна.
Хурдан шуурхай ажиллаж энэ үйлдлийг зогсоохгүй бол үүний цаана өчнөөн олон хүн хохирно. Жи тайм гээд сүлжээнээс хэдэн хүн хохирлоо. Хөвсгөл аймагт яг ийм зүйл болох гээд байна. Пирамид тогтолцоо бол хэзээ мөдгүй нурж унах гэж байгаа нь ойлгомжтой. Энд монгол улсын түүхэнд хэзээ ч байгаагүй залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тухайн аймагт оршин суугаа хүмүүс тэтгэвэр, цалингийн зээл авч, байр, машинаа барьцаалан мөнгө авч ийшээ оруулж байна. Хөрөнгө оруулсан хүмүүс мөнгөө татаад эхлэхээр энэ тогтолцоо нурж унаад бүгд хохирогч болно. Одоо маш яаралтай зогсоохгүй бол эрсдэлтэй. Одоо “Бэлтэс мөрөн“ 300 тэрбум төгрөг босгоод эргэлдүүлээд явж байгаа. Түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэй цагдаа, прокурор энэ үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй байна. Би тэгээд өнөөдөр АТГ-т гомдлоо өгөөд, хувийг УЕПГ, ЭЦГ, ХЗДХ-ийн сайдад хүргүүлж байна. Бэлтэс мөрөнд арилжааны банкууд данс нээж өгөхгүй байгаа. СЗХ зөвшөөрөл өгөхгүй байгаа. Иргэдийн мөнгийг нь бэлнээр авдаг. Тиймээс иргэд дахиж мөнгөө битгий өгөөч, өгсөн бол хурдан олж аваач гэж хэлмээр байна.” гэлээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.