УЛС ТӨР

НЭГ ДОРООС| УИХ-ын чуулганаар ХЭН, ЮУ хэлж байна вэ

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан болж байна. Өнөөдрийн /2022.04.22/ хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэж буй юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЭН, ЮУ хэлж байгаа нэг дороос хүргэе.


НЭМЭЛТ: 14:10 цаг

Э.Бат-Амгалан: Нийслэлийн иргэд хүн биш, Увсынхан л хүн юм уу, Ч.Хүрэлбаатар гишүүн ээ

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцсээр байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүү асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлыг хөндөж ярив. Улмаар хөнгөн галт тэрэг гацаасан асуудалд төсвийн байнгын хорооны гишүүдийг шүүмжилсэн юм.

Түүний дараа Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үг хэллээ.

Тэрбээр, Засгийн газраас оруулж ирсэн тогтоол хоёр хуультай зөрчилдөж байгаа. Эхнийх нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Нийт 2.8 тэрбум ам.доллароор хэрэгжих ёстой энэ төсөл. ТЭЗҮ хийгдсэн тооцоогоо баталгаа болж бичигдэнэ. Тэгэхээр 2.8 тэрбум ам.доллароор Засгийн газрын баталгаа болж бичигдэнэ. 2022 онд өрийн босго ДБН-ий 70 хувь байгаа. Энэ нь 1.6 тэрбум ам.доллар гэсэн үг. Ирэх жил өрийн босго 64 хувьтай байна. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдөөд байгаа юм. Хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийн хэд хэдэн заалттай уг асуудал зөрчилдөж байгаа. Тиймээс Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг хэлэлцэх боломжгүй. Би Монгол Улсын хуулийг хүндэтгэн ажиллаж, үүнийг сахиулах ёстой. Цаана нь 1,000 хүний эрх ашиг байна уу, нэг хүний эрх ашиг байна уу. Үүний дээр хууль л байх ёстой. Нэг хүн чичирч дайрлаа гээд үүнийг хэлэлцэх албагүй" хэмээсэн юм.

Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Улаанбаатар хотын нийт иргэдэд хамаатай хөнгөн галт тэрэгтэй холбоотой асуудлыг хассан учир эдгээр хуулийн төслүүдийг дэмжих аргагүй байна. Та Сангийн сайд байхдаа Увсад маш олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж л байсан. Таныг явцуу эрх ашгийг үүднээс битгий ингэж ханд. Улаанбаатарын иргэд хүн биш, Увсын иргэд л хүн юм уу" гэлээ.


НЭМЭЛТ: 14:00 цагт

Ж.Сүхбаатар: Хөнгөн галт тэрэг ашиглалтад оруулахыг яагаад болиулж, хөгжлийг гацаасан бэ

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцсээр байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүү асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Нийслэлийн түгжрэл улсын асуудал болсон гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түгжрэл бөөгнөрөлтэй бид дайн зарлачхаад байгаа. Энэ дайнд бид ялагдаж яваа. Шийдлүүдийн нэг нь нийтийн тээврийн хэрэгслийн, замын асуудлууд. Үүний тулд хөнгөн галт тэргийн шийдлийг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийсэн. Өрийн таазтай холбогдуулаад түр хороон дээр ч тайлбараа хийсэн. Гэтэл төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга ярьж байгаад аваад үлдчихсэн. 3 тэрбумыг хэмнэж ядаж байхад 3 их наядын асуудал яриад байна гээд. Бидний зовлон, бэрхшээл юу юм бэ. Түгжрэл биш юм уу. Үүнийг би асуумаар байна. Биш юм аа гэж бодож байвал би ойлгоно. Тэр түгжрэлийг мөнгөгүйгээр эсвэл бага мөнгөөр шийдэж болох гээд байгаа юм уу. Болохгүй байгаа байхгүй юу. Төсвийн байнгын хорооны 19 гишүүнээс дөрөвхөн нь нийслэлийнх. Том мөнгөөр том асуудал шийдэгдэнэ. Эрх баригчид хэдэн автобус авч ирээд тавиад болчих юм уу. Түр хороо чинь муу ч сайн ч байнгын хорооны дайтай. Түр хороо шийдсэн гээд байгаад байх юм. Дараагийн том жагсаал түгжрэлтэй холбоотойгоор болох байх. Би ард түмний төлөөлөгч болохоос энд хэн нэгний албат биш. Түгжрэл бөөгнөрөлөө шийдэж чадахгүй бол ард түмэнтэйгээ жагсах ёстой байхгүй юу. Мануухай болж суух гээгүй шүү дээ. Яагаад Монголыг хорлох гээд байдаг юм." хэмээлээ.


НЭМЭЛТ: 13:40 цаг

Х.Булгантуяа: НДШ төлдөгчдийн 70 хувь нь 1 саяас доош цалинтай юм уу, ойлгохоо байлаа

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцсээр байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүү асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "18 их наядын зарлагатай төсвөөс 30 гаруй тэрбумыг хэмнэнэ гэж байна. Энэ нь зургааны нэг, жарны нэг биш бүр 600 хуваасны нэг хэмнэлт. Энэ арай хэтэрхий өнгөц биш үү. Хууль гаргасны ач холбогдол хаана байгаа юм. 100 жийп машин зарах хэмжээний л мөнгө байна шүү дээ" хэмээн шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийн 70 хувь нь нэг сая төгрөгөөс доош цалин аваад байгаа юм уу. Гэтэл А.Ариунзаяа сайд та статистикийн даргаар ажиллаж байхдаа дундаж цалин сая давсан гэж хэлж байсан. Энэ бүгдийн уялдаа холбоог ойлгохоо байлаа. Би гайгүй тоо ойлгодог хүн юмсан уг нь. Өчигдөр төсвийн байнгын хорооны үеэр Ариунзаяа сайдаас би асуусан. Хүүхдийн мөнгийг чадах ядахаараа олгоод байхад хүчирхийлэл нэмэгдээд байна гэж хэлсэн. Хүүхдээ хохироож байгаа иргэдийн хүүхдийн мөнгөний асуудал хариуцлага тооцож байгаа нь зөв гэж бодож байна.

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: Дундаж цалин болон голч цалин гэдэг хоёр ойлголт бий. 2020, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар голч цалин 1 сая, дундаж цалин 1.4 сая байна. Цалин хөлсний орлого буурч, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулсан. Хүүхдээ хохироосон, хайхарамжгүй хандсан эцэг эхчүүдэд мөнгийг шилжүүлэхгүй байх юм. Мөн энэ мөнгийг барьцаалж зээл олгохгүй. Энэ их чухал гэлээ.


НЭМЭЛТ: 12:00 цаг

С.Чинзориг: НДШ-ийн буцаалтыг ажилтанд биш ажил олгогчид өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Би нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна. Хэрэв буцаан олгох гэж байгаа бол ажилтанд биш ажил олгогчид олгож, ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэв.

Үүнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын сангаас биш Улсын төсвөөс буцаалтыг олгоно. Энэ бол бага цалин орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны л арга хэмжээ. Үнийн өсөлтөд маш ихээр өртөж байгаа бага орлоготой хөдөлмөрчид, сайн дурын даатгуулагчдад төсвөөс үзүүлэх нэг удаагийн дэмжлэг " хэмээлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Цэцэрлэгүүдийн хувьсах зардлуудыг эцэг эхэд нь өгнө гээд байгаа юм. Хэнд өгөөд хэнд нь өгөхгүй гээд байгаа юм. Хот хөдөөгийн ялгаа гарах гээд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Би нэг талаасаа хэмнэж зөв зүйл рүү оруулах гэж байгаа хэрнээ нэг халамжыг болиулж нөгөө халамжаар солиод оруулаад ирэх хэрэгтэй. Тэтгэвэрт гараад 36 сарын тэтгэмжээ авчихаад буцаад төрд ажиллаж байгаа маш олон хөгшчүүл байна. Манай дүүрэг дээр ч бий. Гэтэл сургууль соёл төгсөөд ажил хийж чадахгүй байгаа өчнөөн боловсролтой залуус байна.


НЭМЭЛТ: 11:00 цаг

ЧУУЛГАН: 135 хуулийн төслийг эцэслэн баталлаа

Өнөөдрийн /2022.04.22/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 135 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зоригоор боловсруулсан хуулийн төслүүд - 126 төсөл,
  • Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд - 7 төсөл, 
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл - 2 төсөл багтсан байна. 

ЧУУЛГАН: Төсвийн тодотголыг дагалдах хуулиудыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2022.04.22/ хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэнэ.

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button